Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ?
Энэ насны амьдралдаа сэтгэл хангалуун монгол хүн хайвал олохуйяа бэрх аж.
Энэ насны амьдралдаа сэтгэл хангалуун монгол хүн хайвал олохуйяа бэрх аж. Авууштай нь монгол хүний амгалан жаргаланд хүрэх замын чиг гарчих шиг боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулгын цэргийн социализм байгуулах аймшигт санаачилгыг хуарангийн коммунизмыг нураахад магнайлан оролцсон Ардчилсан хувьсгалын түүчээ дэмжжээ.
Амиа золин байж буулгаснаа ч илүү аюултай нийгэм байгуулах хүсэлд автсан “ардчилагч” бие хүнийхээ хувьд хэн болж таарав? Ганц тэр “ардчилагч” ч биш бид бүгд Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан ерөнхийлөгчийн санаачилгыг уухайлан түрж буй шалтгаанаа сэтгэхүйгээсээ хайвал зохилтой.
Хүн төрөлхтөнд буянаа хайрласан ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл бидэнд “зохихгүй” байгаа шалтгаан юу вэ? Социалист лагерийн өргөст торонд “хүн төрх”-ийг олж, “улс шиг улс” байгуулсан өнөө цагийн монголчуудын сэтгэхүйн онцлог хэрхэн бүрэлдэж, үндэсний ижилсэл (national identity) нь бий болов?
“Жинхэнэ монгол хүн”
“Жинхэнэ монгол хүн” хөдөө, малын захад, гэрт, дээлтэй, хөөрөг атгачихсан завилж суугаа гэж бид боддог. Авчиг тэр “жинхэнэ монгол хүн” бус homo sovieticus мөн чанартай малчин “арат” билээ л. Социалист хувьсгалыг мандуулсан дэлхийн хоёр дахь улсаар тодорсон БНМАУ-ын иргэд “хүн”-ээрээ үлдэх хувь байсангүй. Коммунизм цогцлооход “цоо шинэ хүн” бүтээх шаардлагатай гэж онолчид нь үзээд гарын авлага хүртэл гаргасан юм. М.Горький “Ленинээр удирдуулсан большевикууд Оросын пролетари анги, орос түмэн, Оросын амьд махбод дээр шинжлэх ухааны харгис хатуу туршилт хийнэ. …«туршилт»-ын зорилго нь хүмүүний амьд материйг засаж өөрчлөх” хэмээн тунхаглаж байлаа.
Нийгэм-антропологийн инженерчлэлийн бүтэшгүй туршилтын явцад БНМАУ үлэмж хувь хүртсэн шигээ “шинэ хүн” бүтээх коммунист суртлын лабораторид хамгийн удаан буюу 70 орчим жилийг үдсэн юм. Үндэсний ижилслийг байгалиас төрмөл чанар биш үзэх нь бий. Үүн дээр дөрөөлөн түүнийг шинээр бүрдүүлчихвэл сая коммунизм байгуулна гэж тооцоолсон большевикуудын цуст туршилт бүхэлдээ сая сая хүний амьдралыг үрсэн бол Монголд гурван үндсэн хууль, 30 мянган амьтай дүйжээ. Энэ зуур “Улаан булан”-д гурван үеэрээ хүмүүжин “жинхэнэ монгол хүн” төлөвшсөн амой.
Анхдугаар үндсэн хууль: Феодализмаас социализм
Ялсан хувьсгалаас гурван жилийн хойно баталсан анхдугаар үндсэн хуулийн 1.1-д “улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн” өгнө гээд 1.2 зүйлд “хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж” дуусгахаар заав. 1918 онд баталсан Зөвлөлт Оросын үндсэн хуультай бүлгийн тоо болоод агуулгаараа адил үндсэн хуулийн 1.13 зүйлд заасан ёсоор феодалын ёсыг халж, хөрөнгийг нь хурааснаар социалист нийгэм байгуулах суурь тавигдсан. Монголчууд Зөвлөлтийн гараар орсонд эгдүүцэх орос хүн ч байжээ.
Анхдугаар үндсэн хууль батлагдсан хойно БНМАУ-аар дайраад өнгөрсөн Хаант Оросын цэргийн заншлаач П.К.Козлов тэмдэглэлдээ Нийслэл Хүрээгээ “Улаанбаатар хот” гэх болсонд ихэд дургүйлхэж “Монголчуудын махан толгойд л ийм нэр орно. Хэлбэл, тэд яг сармагчин, орос (большевикууд)-ын хамаг юмыг дуурайсан улс” хэмээн бичжээ. Бид орос маннертай болоод зогсохгүй үндэсний гэх зүйлсээсээ салах хэрэг гарав.
Хүн төрөлхтний жам ёсоор замнах гэсэн С.Данзан, Д.Бодоо; монголоороо үлдэхийг эрмэлзсэн А.Амар, Гэндэн нарын төрийн олон зүтгэлтэн; үндэстнийхээ урам зоригийн манлайлагч язгууртан-сэхээтэн; итгэл үнэмшлийн чиг 30 мянган ламыг тонилгочиход ямар ч туршилт даахуйц “амьд матери”-ууд л үлдсэн байлаа. Сонирхуулахад энэ үеэс БНМАУ-ын нутаг дэвсгэрт амьдрагсад “монгол үндэстэн”, бусад монголчууд Хятадын “үндэсний цөөнх” болох нийгмийн формац эхэлсэн юм. “Шинэ монгол үндэстэн” бүрдүүлэх бэлтгэл нь хангагдсан тул большевикууд удаах алхмаа хийсэн байж таарна.
“Чойбалсангийн үндсэн хууль”: Шинэ монгол үндэстэн
“Чойбалсангийн үндсэн хууль” гэгдсэн удаах үндсэн хуулийн 1.1 зүйлд “…хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журам (социализм)-д давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн” хэмээжээ. Ингэснээр БНМАУ-ын нийгмийн бүтэц дор хаяж үзэл суртал талаасаа ажилчин, малчин, сэхээтэн гэх гурван бүлэгтэй боллоо. Ийнхүү “шинэ монгол хүн”-ий хөврөл коммунист үзэл суртлын хэвлийд бүрэлдэв.
Улс ардын аж ахуй, эдийн засгийн шинэтгэл “ураг”-ийг тэжээн тэтгэсэн нь гарцаагүй. Үйлдвэр завод, хамтрал үүсгэснээр суурьшмал иргэд нэмэгдэж, хүн амын нягтрал бий болов. Хот айлын бүтэц өөрчлөгдөн урьд огт үзэгдээгүй хамтын хариуцлагын хэлбэр үүсэж улмаар ангийн, цаашлаад үндэсний шинж чанарыг олох учиртай. Эндээс улс төрийн хийгээд амьдралын үнэ цэнийн ижилсэл хэлбэржих ахуй нөхцөл үүсэв.
Түүнчлэн большевик туршигчид СССР лугаа адил олон үндэстнийг нэгтгэсэн “интернациональный” улс мэт харагдуулахын тулд ургийн овгийг халаад “ястан” гээчийг бодож олоод өгөв. Ийн “монгол үндэстэн” олон бага ястны халуун ам бүл болж, өвөрлөгчид эгнэгт босгоны цаана хоцорлоо. Төдөлгүй большевикууд бидэнд кирилл үсгээ “шахав”, энэ алхмын ачаар СССР-ийн “тэргүүний мэдлэг, туршлага”-ыг шууд өөриймшүүлэх хаалга нээгдсэн байдаг.
Үүнээс гадна МАХН(МАН), Эвлэл, Пионерийн байгууллагаар иргэдээ дамжуулж, нийгмийн бусад бүх институцийг Зөвлөлтөөр эталон хийж шууд хуулбарласан зэрэг нь үндэстний ижилсэл хэлбэр дүрсээ олох явцад жинтэй нөлөө үзүүлжээ. Бид “залбирах бурхан (Маркс), заах багш (Ленин), дагах сургаал (социализм), цээжлэх судар (марксист зохиол), дарах хилэнц (капитализм), хүрэх зорилго (коммунизм) бүхнээ “бүрийн шинээр үүсгэсэн” “улс шиг улс”-ын “монгол үндэстэн” гэх ухамсартай “шинэ хүн” болохоор хөл дээрээ боссон юм. “Хагас бэлэн боловсруулсан” энэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шарах шүүгээнд хийж “Сделано в СССР” болгохоо Кремль мэдэлгүй яах вэ.
Социалист үндсэн хууль: “Жинхэнэ монгол хүн”
НҮБ-д элсэхээсээ жилийн өмнө “баталсан” үндсэн хуулийн 1.2-т “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн” гэснээр бид хүн ёсноос гажууд “социалист аж төрөх ёс” гээчийг дадуулах хэрэг гарав. Дэлхийн II дайны төгсгөлд олон улсын хууль номын дагуу үндэстэн-улс (nation state)-аар тооцогдсон БНМАУ-ын иргэдийн хэн нь ч “Иргэний паспорт”-ынхаа “яс үндэс” гэдэг нүдэнд “монгол” гэж бичүүлээгүй ч “жинхэнэ монгол хүн” гэдгээ ухамсарлах болжээ. 1945 оны бүх нийтийн санал асуулга үүнд түлхэц өгсөн.
Гэхдээ хятад, орос, төвөд хүмүүстэй эсрэгцүүлж өөрсдийгөө ухамсарладаг монгол хүнд Зөвлөлт, Хятад хоёр муудалцсан нь чухал нөлөө үзүүлсэн. Мэдээж Зөвлөлтийн явуулга, суртал ухуулга хүчтэй байлгүй яах вэ. Түүнчлэн монгол залуус хэдэн мянгаараа Зөвлөлтийн их дээд сургууль, техникум, ТМС-д суралцах болсноор “социлист аж төрөх ёс”-ыг газар дээр нь эзэмшигчид нэмэгджээ. 1960-1980 онд Монголд ажиллаж, амьдардаг Зөвлөлтийн мэргэжилтэн, цэргийнхний тоо дээд хязгаартаа хүрснээр монголчууд “социалист аж төрөх ёс”-ны гэрийн багштай болов.
Ингээд “сур сур бас дахин сур”-х л үлдсэн дээ. Бид “зөвлөлтжих” уралдаанд ухамсартайгаар татагдан орж “социалист аж төрөх ёс”-ны сайн, мууг ялгалгүй дадуулснаар “жинхэнэ монгол хүн” болох зам шулуудлаа. “Ах, дүүгийн ган бат найрамдал”-ын хүүхдүүд “орос эхнэрийн хөхний сүү”-нд мариалаад п…а, н…и гэж хэлд орцгоов. Ингээд Зөвлөлтийнх бол бүгд “сайн”, Хятадынх бол аль нь ч “муу” гэдэг үзэлтэй “жинхэнэ монгол хүн” бойжив. Монголчууд “Зөвлөлт”-ийг “Орос”, “Зөвлөлтийн хүн”-ийг нийтэд нь “орос” гэж бодсоор явах зуур, СССР-ийн дүрвэгч А.Зиновьев гэгчийн Homo sovieticus бүтээл 1982 онд Мюнхенд хэвлэгджээ.
Уг ном “шинэ хүн”, “Зөвлөлтийн хүн”-ий тухай. Зохиолч бидний үлгэр дууриал “Зөвлөлт хүн”-ийг homo sovieticus гэж өхөөрдсөн юмсанж. А.Зиновьев номынхоо өмнөтгөлд “Би энэ бодгал (homo sovieticus)-д ацан хандлагатай: хайрлахын сацуу үзэн ядна, хүндлэхийн мөрт жигшинэ, бахдахын дээр үхтэлээ айна” гэснийг одоогийн монгол хүний зан чанарт өгсөн үнэлгээ гэж ойлговоос зохих бөлгөө.
Homo sovieticus: Үндэсний ижилсэл
А.Зиновьевийн үгийг “авчихаж ч болохгүй, хаячихаж ч болохгүй” гэж монголчилбол бид өөрсдийгөө хэн болохоо хялбархан ойлгоно. М.Геллер “Машин ба шураг. Зөвлөлтийн хүн бүрэлдсэн түүх” номдоо homo sovieticus-ийг “нийгмийн маллагаа (дрессировка)”-аар өсч хөгжин, өөрийн мөн чанарыг олсон бодгал гэсэн байна.
Түүний үзэхээр бид нар “ажлаа нэн тэргүүнд тавьдаг; эх орондоо хязгааргүй үнэнч; хамт олныхоо нэг хэсэг; хөршийнхөө амьдралыг үргэлжид сонирхогч, энэ зан нь хөршөөсөө ахиад дэлхийн дайдыг ч тэмтэрдэг; төр засаг өөрийг нь зүйл бүрээр халамжлах ёстой” гэж боддог гэнэ. Үүн дээр А.Зиновьев “үзэл сурталжсан ухамсартай” гэснийг нэмбээс өнөөгийн (1990 оноос өмнө төрсөн) монгол хүний төрх тодорно.
Мэдээж Зөвлөлт болоод ОХУ-ын аль алиныг нь үзсэн, социологич Ю.Левадаг сонсох нь зүй. Тэрбээр homo sovieticus-ийг “ажилдаахайхрамжгүй; ажлаасаа хулгайлдаг; санаачилгагүй бөгөөд хариуцлагаас зайлсхийдэг; амбиц муутай; төрийн шийдвэрт үг дуугүй захирагдаж, аялдан дагадаг; ёс суртахуунд харш үүргийг ч биелүүлэхэд бэлэн; согтуурах дуртай; хардамтгай; булхай луйварт гарамгай” гэжээ. Социализмын хашаанд бүрэлдсэн үндэстний ижилсэл (national identity) маань энэ. Хол зөрөхгүй, уурлаад хэрэггүй, уугаад ч нэмэргүй.
Мэдээж нүүдэлчдийн араншин энэ бүхний суурь байсан. Ямартай ч хүн (посткоммунист бус орны)-ээс эрс ялгарах бас ижилсүүлдэг чанартай болжээ. Гэтэл жам ёсныг хааж босгосон социализмын хана нуран уналаа. Манай ардчилсан хувьсгалчид эхэндээ “социализмаа сайжруулаад” цаашаа явах гэж хүссэн ч очих газаргүй болсон байлаа. Ингээд цоо шинээр амьдрахаас өөр арга үлдсэнгүй. Энэ ээлжиндээ монголчууд мартаад удсан жам ёс руу эргээд очих болжээ.
Төгсөж буй эхлэл: Монголскарр
Баабарын оношилсноор үхэхээс өөр эмчилгээгүй Монголын хоёр ч үеийнхэн ардчилсан нийгэм байгуулах гэж мундраа хутгаж суугаа. Өнгөрсөн 27 жилийн түүхээ эргээд харвал дампуурсан зоопаркаас суларсан амьтад Африкийн хээр талд ирчихсэн мэт. Саванна уул нь сайхан газар. Энд амьдрал орчлонгийн жамаар л өрнөдөг. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл.
Харин бид өнөө хэр өргөстэй хашаа, өл тасалдаггүй маруухан хоол, үнэн худал нь падлийгүй ямар нэг үзэл суртал, баастай ч хамаагүй “бурхан” гэх мэтээ үгүйлэн сууна. Ямартаа л Монголын Ардчилсан Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо цэргийн дэглэм (социализм дэргэд нь диваажин) сурталдаж, Ардчилсан хувьсгалын уураг тархи гэгдэж явсан Социалдемократ намын дарга асан түүнийг нь дэмжин сурталчилж, ардчиллын буянаар олсон илүүдэл жингээ яая гэж хэвтээ агаа, аниа нар алга ташиж суух билээ.
Бид “хүн шиг хүн” болох яагаа ч үгүй байна. Гэхдээ найдлага бий бий. Босоо цагаан хийморь, тэнгэр заяа, Монгол ялна энэ тэр уул санаа нь зөв боловч арга нь буруу. Энэ тухай дараа үргэлжлүүлж ярья. Үг-(ийн тоо) олдчихож…
Үргэлжлэл дараагийн дугаарт…
Батбаяр
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: