Германы зэвсэгт хүчин тааруу үнэлгээ авлаа
Шумбагч хөлгөөс сум үл нэвтрэх хантааз хүртэлх Германы цэргийн бүх зэвсэг хэрэгсэл тааруу байгааг мягмар гарагт нийтлэгдсэн тайланд дурджээ. Уг тайлан Бундесвер олон арван жил хагас дутуу санхүүжилттэй явж ирсний тусгал болов.
ХБНГУ- ын парламентын зэвсэгт хүчин хариуцсан комиссарын жил тутмын тайланд тус улсын амин чухал зэвсэг техникийн тодорхой хэсэг л хэвийн ажиллаж байгааг онцолжээ. “Оны эцэс гэхэд зургаан шумбагч хөлөг ажиллах чадваргүй болно. Мөн ачаа тээврийн 14 ширхэг Airbus A-400B онгоц ч нисэхээ болино” хэмээн мягмар гарагт болсон хэвлэлийн хурал дээр Ханс-Петер Бартелс мэдэгдлээ.
Зэвсэгт хүчинд 21 мянган офицер, ахлах дутагдаж буйг ноён Бартелс тайлбарласан юм.
Жил тутмын тайлан 1990 онд хоёр Герман нэгдсэнээс хойш илүү үүрэг хариуцлага хүлээх шаардлагатай болсон Бундесверийг санхүүжүүлэх, бэлэн байдлыг нь хангахад санаа тавих цаг ирснийг харууллаа.
Бундесвер Европ тив, түүнээс өргөн хүрээнд аюулгүй байдлын үүрэг хариуцлага хүлээгээсэй гэсэн хүслээ сүүлийн дөрвөн жилд Германы удирдагч нар шууд илэрхийлдэг болов.
Афганистан, Мали зэрэг мөргөлдөөнт бүсэд хэрэгжүүлж буй олон улсын арав гаруй ажиллагаанд Бундесвер оролцож байна. Мөн улам шаргуу болж буй ОХУ- ыг тогтоон барих НАТО- гийн хүчийг сэргээхэд Германы зэвсэгт хүчин манлайлах үүрэгтэй хэмээн үзэж байна.
Үүнээс гадна ХБНГУ 2032 он гэхэд таван хуягт бригад бүхий хоёр дивиз байгуулах үүрэг хүлээжээ. Берлин үүргээ биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэг олигтой үзүүлж чадахгүй байгааг шүүмжлэгч нар анхааруулдаг. ХБНГУ- ын батлах хамгаалах зардал дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1.2 хувь болдог нь НАТО- гийн гишүүд албан ёсоор хүлээх ёстой хоёр хувиас бага байгаа юм. Харьцуулах аваас ХБНГУ ДНБ-д эзлэх батлах хамгаалах зардлаар Португал, Латвиас хоцорч байна.
Бүтэн 25 жил танасны эцэст ХБНГУ- ын өмнөх Засгийн газар батлан хамгаалах төсвөө өсгөсөн ч байдал сайжраагүйг ноён Бартел тайлбарлав. “Хангамж тун муу, зарим салбарт бүр ч ноцтой. Даалгаварт нислэг цуцлах нь бараг хэвийн зүйл болтлоо Германы агаарын цэргийн тээврийн салбар дордлоо” хэмээн тэрбээр өгүүлэв.
Дорнод Европ дахь Оросын түрэмгийллийг сөрөх НАТО- гийн хүчин чармайлтын цөм, шинээр байгуулсан Онц өндөржүүлсэн бэлэн байдалт тусгай хүчинд (VJTF – Very High Readiness Joint Task Force) оролцох Германы чадвар ч асуудалтайг тайланд дурджээ. Зэвсэгт хүчин танк, нисдэг тэргээр төдийгүй даалгавар гүйцэтгэхэд шаардлагатай сум үл нэвтрэх хантааз, майхан, өвлийн хувцсаар дутагдаж буйг Бундесверийн дотоодын тайланд анхааруулсныг даваа гарагт Rheinische Post сонин ил болголоо.
Мэдээлэл задарсантай холбогдуулан Бундесверийн штабын дарга Фолькер Викер мягмар гарагт сэтгүүлчдэд тайлбар өгөв. Онц өндөржүүлсэн бэлэн байдалтай тусгай хүчинд шаардлагатай хангамжийг энэ оны зургадугаар сар гэхэд бэлэн болгохоор штабын дарга амлав. “Хангамжид тусгай хүч даалгавар биелүүлэхэд шаардлагатай бүх зэвсэг хэрэгсэл багтаж байгаа”- г ноён Викер мэдэгдлээ.
Тобиас Бак
Засгийн газрын мэдээ
URL: