ГХ-ны сайд Д.Цогтбаатар Японд айлчилж байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нээс Япон Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзаж ярилцав. Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Албан ёсны яриа хэлэлцээний үеэр сайд Д.Цогтбаатар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ярилцав.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд болон Японы ХАЁТ-ийн хүрээнд олон чухал дэмжлэг үзүүлж байгаа билээ. Японы Засгийн газар ирэх хавраас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг Сайд Т.Коно мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” –ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлт тавив.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нэн ач холбогдол бүхий ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хоёр улсын Хөдөлмөрийн асуудал хариуцсан яам хооронд байгуулаад буй “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг тууштай хэрэгжүүлэхээ талууд нотлов. Сайд Д.Цогтбаатар хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцлийг одооноос бүрдүүлж ажиллахын чухлыг тэмдэглэж, талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болов.
Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид улам бүр нягт хамтран ажиллахаар тогтов.
Эх сурвалж:ГХЯ
URL: