Архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болно
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн 2 дахь хурлыг өчигдөр өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ үеэр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг цөөрүүлэх, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломжийг хэлэлцэн харилцан санал солилцов.
Өргөтгөсөн хуралд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Хороодын Засаг дарга, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: Хотын захирагчийн ажлын алба
URL: