Лугийн голын ороо алдчихаад байхад Хятадууд нэн ховор металлаа нөөцөллөө
Хятад улс гаргасан шийдвэрээрээ дэлхийн худалдааны эргэлт дэх санаа зовоосон хүлгийг нэгээр нэмлээ хэмээн
“Ройтерс” мэдээлэв. Тэд ашигт малтмалын ховор элементийн экспортоо багасгахаар шийдсэн нь Дэлхийн худалдааны байгууллагын эрсдэлийн эсрэг арга хэмжээтэй холбоотой аж. Хятад улс бол дэлхийн үйлдвэрлэлд орж буй ховор ашигт малтмалын 97 хувийг гаргадаг юм.
Харин тэд 2011 оны эхний хагаст энэ үзүүлэлтийг 35 хувь хүртэл нь буруулуухаар болоод байна. Ингэснээр тэд өөрсдийн нөөцийг нэмнэ гэв. Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас энэ үйлдэлд нь ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. АНУ-ын өндөр технологи бүхий “Аппле” болон “Ай-пад”, Японы компаниудын зарим бүтээгдэхүүнд Хятадаас экспортолдог нэн ховор ашигт малтмалын төрлүүд холигдон ордог байна.
Наран улсын “Сони” корпораци Хятадын эл үйлдлийг чөлөөт худалдаанд саад учруулж байна гэж дүгнээд энэ хэрээр цагаан хэрмийн эздийн барааны нийлүүлэлт буурах эрсдэлтэйг сануулав. “Энэ цаг үед манай компанид Хятадын үйлдэл шууд нөлөө үзүүлэхгүй. Гэвч цаашдаа нийлүүлэлтэд хомсдол үүсгэж, зарим материалын үнийг өсгөж болзошгүй” хэмээн “Сони”-гийн төвөөс “Ройтерс”-т мэдээлжээ. Хятадын эл үйлдлийн дараа хэдэн компанид нөлөөгөө хэдийн үзүүлээд эхэлчихжээ.
“Хятадын ховор металл” компани, “Арафура ресорсез”, “Алкэйн энд Грийнлэнд минералс” болон “Энержи” зэрэг компаниудын хувьцааны ханш 8-10 хувиар өссөн жишээтэй байна. “Цаашдаа экспортын квот нь Хятадын Засгийн газарт стратегийн нөөц баялгийнхаа экспортод хязгаарлалт тавих гол хэрэгсэл болсоор байх нь” хэмээн “Лайнс” корпорацийн гүйцэтгэх захирал Ник Кюртс хэллээ. “Хятадын дотоод зах зээлд нэн ховор ашигт малтмалын гарц буурсан нь экспортын журмыг өндөрсгөхөд нөлөөлсөн байж болно” гэж Кюртс хэлсэн юм.
Дэлхийн ховор металлын нийлүүлэлт жилд 110 мянган тонн юм. Үүний ихэнх хэсгийг Хятад улс нийлүүлдэг гэсэн дүн мэдээ байна. Ирэх 2015 он гэхэд энэ металлын эрэлт 250 мянган тоннд хүрнэ гэж үйлдвэрлэлийн тоо баримт харуулж байгаа аж. Ийнхүү “Ройтерс”-ийн мэдээллийн дэлгэцээс ашигт малтмалын салбарын дүр зургийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг харах зуур шинэ он маргааш солигдох гэж байгааг бид харж байна.
Хэвлэлийн хуудсууд бүтэн жилийн шарласан мэдээнүүдээрээ баглагджээ. Оюутолгойн Монголын төлөөлөл болсон ТУЗ-ийг сонгосон, Тавантолгойг олборлох тендер зарлагдсан, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон, урт нэртэй хуулийн шат ахисан маргаантай сэдвүүд биднийг дайраад өнгөрлөө. Энэ бүхний эцэст Монголчууд юу бүтээсэн бэ, бас юу хийсэн бэ.
Дорноговь дахь ховор металлын ордын зөвшөөрөл хаачив?
Газрын ховор шорооны эдгээр элемент нь ховор, дэлхийн шинжлэх ухаанд одоо хир нь гүйцэд судлагдаагүй металл юм. Манай улсад ховор шорооны элементийн орд бүхий таван муж бий. Хүдэр дэх газрын ховор шорооны элемент нь агуулгаараа дэлхийд өндөрт тооцогдох баян эрдэсжилттэй. Газрын ховор шорооны элементэд лантанийн бүлгийн 20 гаруй, церийн бүлгийн 10-аад элемент хамаардаг аж. Тэдгээрийн мөн чанар, ашигтай сайн талуудыг нь хүн төрөлхтөн бүрэн дүүрэн нээж илрүүлээгүй аливаа хэрэгцээ, хэрэглээний түүхий эд болгон ашиглах технологи нууц хэвээр байгаа юм.
Тийм учраас сансрын технологи электрон техникийн үйлдвэрлэл, плазмын металлургийн технологи гүнзгий нэвтэрч, шинэ өвөрмөц шинж чанарыг агуулсан металлын хайлш түрхэн бэлдмэл, нийлэг бүтээгдэхүүн бий болгох боломжид XXI зууны гэгдэх эдгээр металлыг ашиглах юм. Стронци, европи хэмээх элементийн хайлш, түрхэцийг ашиглан өнгөт телевизорын дэлгэцээс ялгарах рентген соронзон хэлбэлзлийн туяанаас хүний нүд болон эд эсийн хордлогоос хамгаалж байна. Ниоби ба церийн хайлшаар галд тэсвэртэй ган үйлдвэрлэн сансрын хөлгийн гадаргуу бүрхэвчийг үйлдвэрлэж байна.
Ниоби элемент зөвхөн 30 гр-ыг нэг тонн ганд нэмэлт болгон хийхэд мөсөн далайн гүнд шумбах атомын хөдөлгүүрт хөлгийн гадаргуу бүрхэвчийг хийхэд тэнд мөсдөлт үүсдэггүй орчин болох жишээтэй. Ийм л гайхамшигтай ховор чанарыг агуулсан элемент манай Дундговь аймагт бий.
Лугийн голоо Солонгосуудад худалдсаныг бид 12 жилийн дараа мэдэж байна
“Лугийн голын энэ томоохон ордыг судлах ажил одооноос эхлэх естой” хэмээн геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц хэлсэн юм. Чухам юунд зориулж, яаж ашиглах талаарх яриа, хэлэлцээрийг Солонгосын талтай эхлүүлэх ёстойг тэрээр ийн хэллээ. Байдал хэдийгээр ийм байгаа ч бид шүүхэд хандах эрхгүй аж.
Нэгэнт батлагдсан хуулиар тохиролцсон наймааг буцаах аргагүй юм байна. “Үндсэн хуулиа зөрчиж, Монгол Улсаа басамжилсан ийм хуультайгаар бид цааш алхахгүй. Нэгдүгээрт, энэ бүхнийг зогсоох ёстой. Хоёрдугаарт хуулиа биелүүлэхгүй байгаа хүмүүсийн үйл ажиллагааг ард түмний шаардлагаар зогсоо.
Хуулийн цоорхойг ашиглаад улс эх орноороо тоглож болохгүй. Тиймээс Үндсэн хуульдаа зохицсон эрх зүйн орчинг бид бүрдүүлэх хэрэгтэй байна. Ард түмэн эзэн нь байна гэдэг тэр үгийг амьдралд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье” гэж тэрээр ярьсан юм. Энэ долоо хоногт дэлхий дахинд шуугиан тарьсан хятадуудын нэн ховор ашигт малтмалаа гадаадынханд худалдахаа багасгасан шийдвэр бидэнд ийн нэгийг бодогдуулж байна.
Ж.Цогзолмаа
zuunii medee
URL: