Б.БАТЗОРИГ: УРГАЦ АЛДСАН Ч ГУРИЛЫН ҮНЭЭ ТОГТВОРТОЙ БАЙЛГАЖ ЧАДЛАА
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
Өнгөрөгч жилийн зургаа болон долдугаар саруудад хэт халалт олон хоногоор үргэлжилж хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Жилийн хэрэгцээт буудайн 40 гаруй хувийг дотоодоосоо хангасан буюу улсын хэмжээнд нийт 367.3 мянган га талбайд улаанбуудай тариалж 230.4 мянган тонн ургац хураан авснаас зохих стандартын шаардлагад нийцсэн 128 мянган тонн хүнсний буудайг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлжээ.
Дээрх буудайн 23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт, 104,8 мянган тонн хүнсний буудайг 32 гурилын үйлдвэрт тус тус нийлүүлсэн байна. Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгах тал дээр Монгол улсын Засгийн газар тодорхой арга хэмжээг авч 2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Тогтоолын дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь уялдуулан харилцан адилгүй байдлаар буюу I-III ангиллын буудайд 60.0 мянган төгрөг, IYангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр тогтоон тариаланчдад 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.
Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн I-III ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг, дөрөвдүгээр ангиллын буудайн тонн тутамд 75 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.
Засгийн газрын дээрх тогтоолоор 2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж болон хадгалагдаж буй үрийн хэмжээ зэргийг харгалзан Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 32.4 мянган тонн үрийн буудайн зах зээлийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн 2018 онд тариалалт явуулахад нь нийт тариаланчдад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн хүрээнд урьдчилсан тооцоогоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж санхүүгийн тааламжтай нөхцөлөөр борлуулахаар ажиллаж байна.
URL: