“АНУ-тай тогтоосон харилцаа бат бөх”
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэе Ин АНУ-тай тогтоосон харилцаа нь бат бөх гэв. Тэрээр өвлийн олимпийн улмаас хоёр Солонгосын харилцаа сайжирсан нь манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн байна . Мүн Жэе Иний Засгийн газар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохын тулд Хойд Солонгосын аюулын эсрэг байр сууриа бататгаснаар Вашингтон болон Сөүлийн хоорондын гадаад бодлогод үзэл бодлын зөрчил гарч болзошгүй асуудалтай тулгараад байгаа юм. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгос хоорондоо хэлэлцээр хийхэд бидний туслалцаа шаардлагатай тохиолдолд туслахад бэлэн гэв. Ерөнхийлөгч Мүн Жэе Ин “Monocle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Дональд Трамп намайг 100 хувь дэмжинэ гэсэн” гэж дурджээ. Тэрээр “Миний зорилго бол Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх, энэ бүс нутагт энхтайван тогтоох юм” гэсэн байна. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид болон Гадаад хэргийн сайд Кан Кюн Хва хоёр орны хооронд зөрчил үүссэнийг үгүйсгэсэн. Тэд Хойд Солонгосын хямралыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
URL: