“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 51 ХУВИЙГ “АВАХ”-ЫГ ОРОЛДОЖ БУЙ “СТАНДАРТ” БАНК НЬ БНХАУ-ЫН МЭДЭЛД ОЧЖЭЭ

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 51 ХУВИЙГ “АВАХ”-ЫГ ОРОЛДОЖ БУЙ “СТАНДАРТ” БАНК НЬ БНХАУ-ЫН МЭДЭЛД ОЧЖЭЭ-

cb03bc0cc4946d6b500cbbfc4849c7ca

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд эзэн суух дээрээ тулаад байгаа өмнөд Африкийн “Стандарт” банк “Жаст” группт хэрхэн зээл олгосон, зээл олгохын тулд “Стандарт” банкны төлөөлөл манай улсад ирж зээл авахад бүрдүүлсэн материал хуурамч эсэхийг шалгасан, ямар нэгэн судалгаа хийсэн зэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк тойрсон улстөржилт ид хүчээ авч, олон асуудал цувран гарч байна.УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Ерөнхий сайдад “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар орсон эсэх, 51 хувийг баталгаанд гаргах процесс нь хууль тогтоомжийн дагуу байсан юм уу, хэн гэж албан тушаалтан ямар шийдвэр гаргасан байдаг юм бэ,“Стандарт” банкнаас “Жаст” группийн зээлсэн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан нь үнэн юм уу гэдэг дээр асуулга тавьж байгаа билээ. Эдгээр асуултын хариултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй тодорхой хариулт өгөх биз ээ.

Зарим эх сурвалж “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан УИХ-ын гишүүдэд У.Хүрэлсүх захиалга өгч дээрх асуулгыг асуулгаж байгаа” гэж буй. У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ярих сонирхолтой байгаа нь үүний нотолгоо гэх хүмүүс ч байна. Түүний энэхүү үйлдлээр цөөнгүй улстөрчийн ноцтой асуудал ил гарах байх гэх хүмүүс ч байна. Зарим эх сурвалж АТГ-т “Стандарт” банкны зөвлөх Крис Брэдли манай улсад 2013 онд ирж, “Ш.Батхүү зээлсэн мөнгөө өгч чадахгүй байна. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр өрийг нь төл” хэмээн мэдэгдснээс өөр тодорхой баримт төдийлөн олдохгүй байгаа хэмээжээ. “Стандарт” банк Ш.Батхүүд зээл олгохдоо бүрдүүлсэн бичиг баримт, тэр дундаа зээл авахад баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэг мөн эсэхийг баталгаажуулж шалгасан үгүй нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ Арбитрийн шүүхэд “Стандарт” банкнаас өгсөн бичиг баримт дотор “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн зөвлөх Б.Мөнхжаргал, н.Амарбат нар “Стандарт” банкны төлөөлөлтэй “Эрдэнэт” үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар уулзаж, 27-34 сая ам.долларын санхүүжилтийн талаар ярьсан холбогдох бичиг баримт бүхий нотлох баримт байдаг гэх мэдээлэл байгаа гэнэ.

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг“Ш.Батхүүд “Стандарт” банкнаас зээл авахад баталгаа гаргаж өгөхдөө компанийн нийтлэг дүрмийг илтэд зөрчсөн” гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, компанийн нийтлэг дүрмийн 12.6 дугаар зүйлд “Компанийн байгуулах бүх төрлийн хэлцэл, хэлэлцэн тохирогч талуудын эрх ашгийг хөндөж байгаа санхүүгийн үүрэг, түүнчлэн 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Энэ зүйл заалтыг Ч.Ганзориг тэргүүтэй тус үйлдвэрийнхэн зөрчсөн байх магадлалтай байгаа гэнэ. Үүнээс өөр ноцтой нэг зүйл нь “Стандарт” банк нь БНХАУ-ын эзэмшлийн банкны мэдлийнх ажээ.

БНХАУ-ЫН ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ БАНК МОНГОЛД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭСЭН ШАЛТГААН ЮУ ВЭ

БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк 765 сая ам.долларын өртгөөр Өмнөд Африкийн “Стандарт” банкны олон улсын зах зээл дэх 60 хувийн хувьцааны эрхийг худалдан авсан байна. Хятадын Үйлдвэр худалдааны банк 2008 онд “Стандарт” банкны 20 хувийн хувьцааг худалдаж авч байсан бол өнгөрсөн жил 40 хувийг нь нэмж худалдаж авснаар БНХАУ-ын мэдлийн банк болсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж “Жаст” группийн зээлсэн мөнгийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банкинд төлөх юм. Хэрэв төлж чадахгүй бол “Эрдэнэт” үйлдвэр урд хөршийнхний мэдэлд очих болж байгаа юм байна. Өөр нэг ноцтой асуудал нь Хятадын үйлдвэр худалдааны банк өнгөрсөн жилийн есдүгээр сард манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн байна. Төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй хүмүүс оролцсон байдаг.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛСАН БАТАЛГААНЫ ГАРЫН ҮСГИЙГ ХЯНАХ ЁСТОЙ БАЙСАН УУ

“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал “2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана” гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй” гэдгийг түүнд хэлсэн. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ “Баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч” хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Гэрээг уншиж үзээд “Нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй” гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлага тавьсан. 18 дугаар заалт нь “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-ийн өмнөөс санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй шүү гэсэн утга бүхий заалт. Зэсийн баяжмалын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээнд бидний тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан” гэх утга бүхий ярилцлага хэвлэлд өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, “Жаст” группд “Стандарт” банкнаас зээл авахад баталгааны гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн нь энэ юм. Гэхдээ “Стандарт” банктай байгуулсан гэрээний хамгийн арын гарын үсэг нь жинхэнэ, бусад нь хуурамч гэдгийг олонд ил болгосон гэж болно. Тэгвэл төрийн өмчит компани зээлийн баталгаа гаргаж өгөхөд Хууль зүйн яам гэрээг хянах ёстой байдаг гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тухайн үед мөн тус яамны сайдаар ажиллаж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг баталгаанд гарын үсэг зурсан болж таарч байна.

Э.БААТАР


URL:

Сэтгэгдэл бичих