Сонгуулийн үнэр
Хорин жилийн өмнө залуус “Хонхны дуу биднийг сэрээ!” гэж дуулсаар байгаад Монголыг сэрээж чадсансан.
Түүнээс хойш улстөрчид “Сонгууль боллоо, сэрээрэй” гэсэн дууг таслахгүй хошгирдог болсон. Уг нь Сонгуулийн хуулиар бол тийм дуу дуулах цаг хугацаа бий. Гэтэл дөч хоног дуулах дууг бараг дөрвөн жил дуулчих юм.
Харлаа даа! 2012 оны сонгууль уг нь дараа жил. Гэхдээ хэдхэн cap үлдээд байгаа нь үнэн. Он дуусах гэж байгаа яг энэ үед бол сонгууль хаяанд ирлээ ч гэж болох. Энэ дохио улс төрчдийн хийрхэл, элдэв янзын сүржин мэдэгдэл, хэлж буй үгс, хийж буй үйлдлүүдээр харагдаж байна.
Ер нь өнгөрсөн зунаас л болж буй үйл бүхнээс сонгуулийн үнэр ханхлах болсон. Одоо бол нийслэлийн утаанаас ч илүү үнэртэй байгаа. Ойрмогхон МАН-ын бага хуралд гаднаас нь хийсэн ажиглалтаар бол намдуухан болсон шиг. Гэвч ямар нэгэн аргаар сонгуульд бид ялах ёстой гэсэн агуулга, шинэ томилгоо зэргээс харахад бүхэлдээ сонгуульд чиглэгдсэн нь тодорхой байна.
Дөнгөж хоёр хоногийн өмнө 2012 оны төсвийг баталлаа. Дөрвөн их наядаар хэмжигдэх төсөв манай улсын ойрын 20 жилд байгаагүй их хөрөнгө, орлоготой байгаа нь УИХ-ын гишүүдийн толгойг эзэмдэж байсан ч эцэст нь 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлэхэд бүрнээ чиглэгдэв бололтой.
Тийм гэдгийг гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа нь төсөв батлах үед тод харагдав. Эрх барьж буй хоёр намын өмнөх сонгуульд амласан хоёр сая таван зуун мянган төгрөгийг нүд аньж байгаад тараахаар шийдсэн. Цаана нь улсын сан хөмрөг дундрах эсэх, дараагийн дөрвөн жилд мөнгөний ханш яах, инфляц өсөх үү үгүй юу гэдгийг ор тас мартсан шийдвэр энэ байлаа.
Энэ нь хууль батлагчдын хувиа бодсон арга заль ч гэж болно. Дараагийн сонгуульд өнөөгийн “хаанчилж” буй хоёр намын хэвээр үлдэх гэсэн бодлого, хуйвалдаан ч багтсан байх. Энэ жилийн ашиг орлого тун гайгүй. Мөнгө байна гэж ханхалзаад юун өмнө нь олгосон 70, 21 мянга юу ч биш.
Ирэх онд улсын мөнгийг ёстой л баруун солгойгүй цацах гэж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, халамжийн мөнгө гээд л… Үүнийгээ улстөрчид иргэдийг баян тарган амьдруулах гэж байгаа нь энэ гэж тайлбарладаг. Арай юм боддогууд нь “Энэ чинь буруу” гээд л байхад бидний зөв гэж зүтгээд. Уг нь өөрсдөө буруу гэж мэдэвч сонгууль хатгаад “зөв” гэж хэлэхээс аргагүйд хүрч буй юм.
УИХ-ын хуралдаан, байнгын хорооны хурал сүүлийн үед сүрхий ширүүссэн. Энэ нь гишүүдийн хувийн тоглолт давамгайлж амнаасаа гарах хий бүр сонгуулийн үнэр үнэртүүлж байгаагийнх. Оны сүүлч боллоо. Одоо нөгөө шилдэг улстөрч гээд шалгаруулж лобби хийдэг газрын зүг гишүүн бүр л горьдлогын нүдээр харж сууна. Сүүлийн өдрүүдэд УИХ-ынхны ярилцлага сонин хэвлэлийн чимэг болсоор.
Тэр бүхнийг хальт харахад л “би” хэмээн цээж дэлдсэн үгс урсах. Сонгуулийн хуулийг нэг их сүрхий хэлэлцсэн дүр үзүүлээд л байна. Худлаа л биз. Ямар хууль болох вэ? Гэдэг нь тодорхой шүү дээ. Энэ тухай товчхон хэлбэл эрх барьж буй хоёр намыг мөнхөд оршоох, тэдний эрх ашигт буюу сонгуулиар ялалт авахад л дөхөм болох “түлхүүр хууль” гарах байх л даа.
МАН-ынхан сая бага хурлын явцдаа мөн л сонгуулийн ийм тод үнэр үнэртүүлсээн.
Д.Бичээчхүү
URL: