Д.Сумъяабазар Д.Загджав хоёрын хэн нь том бэ?

712-1519349134p1c3hrsu511j391jmr4go1m2mnjm3Он солигдсоны дараахан Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн талаар нэгэн мэдэгдлийг хийсэн.

Тэрээр “…Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. … Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод нэг тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. …Канадын “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болж байна. Монголын Оюутолгой бол зүгээр л нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг цөлмөх зорилготой” гэсэн юм.
Үүнд уурссан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэж мэдэгдсэн. Хариуд нь Д.Загджав дэд сайд “…Намайг албан тушаалаас эргүүлэн татна гэдэг дан ганц Д.Сумъяабазарын өөрийнх нь байр суурь. Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан” гэсэн байдаг.
Харин араас нь зарим хэвлэлээр Д.Загджавыг завсаргүй гөвсөн.
Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм. Дэд сайд Д.Загджав Оюутолгойн гэрээний талаар зоригтой дуугарсан. Төрийн хүний амнаас ийм эр зориг, ийм байр суурь гарах л ёстой. С.Баярын Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн гэрээ арваад жил боллоо. Энэ гэрээ ямар болсныг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Олж байгаа ашиг гэж үгүй.
Шуудхан хэлэхэд, монгол хүн бүр Д.Загджав дэд сайд шиг үгийг хашгирч байгаад хэлмээр байгаа гээд мөрийцсэн ч алдахгүй.
Гэвч сайд Д.Сумъяабазар нь дэд сайд Д.Загджаваа ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газартаа тавина гэж загнав. Энэ утгаараа Д.Сумъяабазар сайд тун чиг жижгэрч харагдаж байгаа юм.
Мөн энэ хоёр сайд чухам ямар байр суурьтай байж, хэн нь хэний төлөө дуугараад байна вэ гэдэг нь тодорхой байна гэсэн үг.
Явж явж хэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд сайд байх эрхтэй хүн бэ гэдэг асуудлыг ч хөндөж болохоор байна.
Ер нь бол ард түмний талд дуугарсан Д.Загджав Д.Сумъяабазараас хамаагүй том улстөрч болохоо харуулав. Тэгээд ч Д.Загджав хал үзэж, хашир суусан улс төрийн замналаараа ч Д.Сумъяабазарыг давах хүн гэлцдэг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих