Г.Номуундарь мэдүүлэг өгөхөөс татгалзав

712-1519344768Nomuun

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Г.Номуундарь гэх охин цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн гэх мэдээллийг цацсан.
Дээрх мэдээлэл олон нийтэд хүрсний дараахан охины аав Уул, уурхайн сайд асан Д.Ганхуяг хууль, хяналтынханд гомдол гаргасан байдаг. Тэгвэл эл хэрэг ямар шатандаа явааг Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясмангаас тодруулсан юм. Тэрбээр “Иргэн Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тавдугаар байрны … тоотод 2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө миний охин Н нь Э, Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасан. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” гэв
 
Түүнчлэн “Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14-ийг нь олж тогтоон, гэрчийн мэдүүлэг авсан.
Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг. Дээрх хүүхдийн 5-аас нь мэдүүлэг аваагүй.Тэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан “Манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн” гэх мэдээллийг өглөө.
Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон талаар эх сурвалж ярьж байна. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж. Харин эл хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Э, Т нарын талаар “Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг, эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.
Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” хэмээн Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилаа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

 


URL:

Сэтгэгдэл бичих