АМЬДРАЛ БИЙ БОЛОХОД УС ХЭРЭГГҮЙ ГЭНЭ

Дэлхийтэй адил ус байдаг тийм гарагууд дээр л амьдрал байх бүрэн боломжтой гэж одон орны биологичид үздэг. Тэгвэл энэ нь үнэн юм болов уу? Саяхан олон улсын судалгааны багийнхан тэнгэрийн эрхсүүдэд амьдрал байх магадлалыг тооцоолох хос хэмжүүр боловсруулжээ. Тэд «тухайн орчинд ус шингэн хэлбэрээрээ байх ёстой» гэдгийг эн тэргүүнд тавьсан байна.
Шинэ «томьёоллоор» бол од эрхэс дээр амьдрал байгаа эсэхийг хоёр шалгуураар тооцоолон гаргах юм. Энэ нь Дэлхийтэй төстэй индекс /Earth Similarity Index буюу ESI/ болон Гарагууд дээр хүн ам суурьших магадлалын индекс /Planetary Habitability Index буюу PHI/ юм. Эдгээр индексийг боловсруулсан багийн гишүүн АНУ-ын Вашингтон муж улсын их сургуулийн эрдэмтэн Дирк Шульце-Макуш үүнийг дараах байдлаар тайлбарлажээ.

«Өөр амьдралын тухай яригдаж байгаа үед хамгийн түрүүнд тухайн тэнгэрийн биет нь дэлхийтэй хэр зэрэг ижил төстэй байна вэ гэдэг асуудлыг тавина. Учир нь дэлхийтэй адил нөхцөлд амьдрал үүсэн бий болдог гэдгийг бид бүгд мэднэ. Хоёр дахь асуудал нь бидэнд мэдэгдэж байгаа гарагууд дээр өөр амьдрал байгаа эсэх нь бидэнд тодорхойгүй гэдэг асуудал юм».
Дэлхийтэй төстэй индекст тухайн гарагуудын хэмжээ, нягтрал болон гарагаас од хүртэлх зайн хэмжээ гэх зэрэг хүчин зүйлүүдийг нарийвчлан тооцоолжээ. Энэ хэмжүүрээр бол манай гараг Дэлхий хамгийн өндөр буюу 1,00 оноо авсан байна. Манай гарагийн дараа бүтцийн хувьд дэлхийтэй төстэй Глизе 581 g (0,89), Глизе 581 d (0,74), Глизе 581 c (0,70), Ангараг (0,70), Буд (0,60), HD 69830 d (0,60), 55 Рака c (0,56), Сар (0,56) болон Глизе 581 e (0,53) гарагууд оржээ. Харин гарагууд дээр хүн ам суурьших магадлалын индексийн хувьд тухайн тэнгэрийн биетийн гадаргуугийн байдал /хадархаг эсвэл мөсөн/, агаар мандал, соронзон талбай байгаа эсэхийг мөн биологийн биетүүд эрчим хүчний эх сурвалжаар хангагдах боломж, энэ нь тухайн биетийн тойрдог одны гэрэл эсвэл бусад сансрын биетүүдтэй таталцлын хүчний харилцан үйлчлэлээр үүссэн эрчим хүч байж болно. Эдгээрээс гадна хамгийн чухал зүйл бол гараг дээр зохих химийн урвал явагдахад зайлшгүй чухал органик нэгдэл эсвэл шингэн уусмал байгаа эсэхийг харгалзан үзжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийн дараа Титан (0,64) орсон бол түүний араас Ангараг (0,59), Европа (0,49), Глизе 581 g (0,45), Глизе 581 d (0,43), Глизе 581 c (0,41), Бархасвадь (0,37), Санчир (0,37), Сугар (0,37) и Энцелад (0,35) гарагууд орсон байна.
Гарагууд дээр хүн ам суурьших магадлалын индекст ус байгаа эсэхийг яагаад оруулаагүй вэ? Урьд нь энэ гайхалтай биохимийн уусмалгүйгээр амьдрал оршин байх нөхцөлгүй гэж үздэг байсан. Дэлхий яах аргагүй усан дээр оршин тогтнож байгаа, иймээс үүнтэй яг адилхан нөхцөл амьдрал бүхий бусад эрхэс дээр бүрэлдэн бий болох ёстой гэж таамагладаг.
Харин аливаа гарагууд дээр амьдрал байгаа эсэхийг тооцоолохдоо дэлхийн биохимитэй адилтгаж болохгүй гэж НАСА-гийн Судалгааны төвийн одон орны биолигич Эймс Крис Маккей үзэж байна. «Мэдээж хэрэг ус бол амьдрал үүсэхэд тохиромжтой хамгийн түгээмэл бөгөөд тохиромжтой шингэн мөн. Гэхдээ амьдрал зүгээр л гарт тааралдсан материаллаг зүйлийн тусламжтайгаар оршин тогтдог гэдэг өөр нэг магадлал бий. Дэлхийн хувьд энэ нь ус бол бусад гарагуудын хувьд өөр хүчин зүйл байж болох юм» гэж тэрбээр ярьжээ.
«Өдгөө бид уснаас огт өөр шингэн урсдаг гол, нуур бүхий гарагуудыг Нарны аймгаас хэдийнэ илрүүлээд байгаа» гэж эрдэмтэн хэлсэн байна. Жишээлбэл, Санчир гарагийн дагуул Титан ийм гол нууруудтай ажээ. Уг гарагийн гадаргуугийн температур нь Цельсийн -179 хэм гэнэ. Тэнд шингэн ус байхгүй хэдий ч шингэн метан нууртай байна. Титан гараг дээр «метанан» амьдралын ер бусын хэлбэр байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Хэрвээ бусад гарагууд дээр усыг «орлогч» байгаа гэж үзвэл амьдралтай бүс улам тэлэх магадлалтай гэнэ.
Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих