Г.Занданшатарын баталгаажуулсан “өрийн бичиг” Г.Алтанд Төрийн банкийг өгөх шалтгаан болно
МАН засгийн эрх авснаасаа хойш албан тушаалын томилгоог санаанд багтамгүйгээр хийх болсон. бүр ичиж, эрээлэхийг умартсан томилгоонууд хийгдэж, олны нүдийг орой дээр нь гаргаж байгаа. Тэгвэл энэ бүхний цаана урьд өмнө тохирсон яриа, хэлцлүүд, дарга нарын өр ширний асуудал байгаа нь цагийн аясаар ил болсоор байна.
Эдгээрийн нэг нь, Бөмбөгөр худалдааны төв, “Алтжин” группийн захирал хатагтай Г.Алтантай холбогддог хувьчлал, албаны томилгоонууд юм. Гэхдээ МАН ганц эмэгтэй хүнд базуулсан үйл явдлыг тодорхой ярихын тулд нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдлуудыг сөхөн гаргахаас өөр аргагүй.
Тодруулбал, МАН-ын өнөөгийн дарга нар одоогоос зургаан жилийн өмнө “Алтжин” группийн захирал Г.Алтангаас намын дотоод үйл ажиллагааг сайжруулахад зориулж нэг сая ам.доллар зээлдэж байжээ. Тэгэхдээ зүгээр нэг зээлдэж авсан юм биш. Бүр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж байж.
Нарийн тоймловол, 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд нэг талаас “Алтжин” группийн захирал Г.Алтан, нөгөө талаас МАН-ын генсек Г.Занданшатар нар баталгаажуулан, гарын үсгээ зурсан гэрээ одоо ил болж байна. Тэгэхдээ “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа” гэжээ.
Гэтэл МАН тогтоосон хугацаандаа мөнгөө эргүүлж өгөөгүй гэдэг. Чухам тэр үеэс л Г.Алтан төрийн өндөр албан тушаалууд, томоохон хувьчлал бүрт оролцох болсон байна.
Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар эцэстээ шүүхдэлцсэн. Ийн шүүхдэлцэж байх зуур МАН зээлийнхээ барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7.550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4,712 мкв газрын хамт Г.Алтанд тавьсан нь ил болдог. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байгаа юм.
Харин Г.Алтанд төлөх МАН-ын өр нэмэгдсээр өнөөг хүрэв. Сарын 2.9 хувь буюу 29 мянган ам.доллар бодогдож явсаар өнөөдөр хоёр сая гаруй ам.доллар болоод байгаа ажээ. Нөгөөтэйгүүр Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг. Мөн намынхаа лидерүүдтэй нэлээд ойр гэдэг.
Магадгүй ч гэж, магадлал нэлээд өндөр байгаа аж. Учир нь “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон гэнэ. Г.Алтангийн өмчлөлд шилжүүлэх ёстой 26 сая ам.доллар Төрийн банкинд байна гэдгийг шүүх тогтоочихсон ч өнөөг хүртэл шийдвэрийг нь биелүүлээгүй байжээ.
Магадгүй энэ нь Г.Алтанд хэрэгтэй байсан байж мэднэ. Удахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1,392 мянган ам.доллар, нийлээд 2,392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна.
Төрийн банкийг үүсгэсэн түүх ч энэ хатагтайтай холбоотойгоор яригддаг. Гэтэл үүн дээр нэрмээс болоод МАН-ын тавьсан өр асуудлыг бүр ч нэг мөр болгож орхилоо. Г.Алтан “Зоос” банкны дампууралтай холбоотой гэгддэг. Тухайн үед буюу 2009 онд “Зоос” банк дампуурч, түүний суурин дээр Төрийн банкийг байгуулах үед “Зоос”-ын хувьцааны 20 хувь нь Г.Алтангийн хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байсан юм. Тэгэхдээ Ж.Сүрэнгийн нэр дээрх хувьцааны ард “Жаст”-ын Ш.Батхүү байдаг гэх яриа тэр үед гарч байлаа.
Дараахан нь “Зоос”-ын нэг адил “Хадгаламж” банк дампуурахад мөн л Төрийн банкинд нэгтгэсэн бөгөөд “Хадгаламж” банк 100 хувь Ш.Батхүүгийн өмч байсан түүхтэй. Харин Төрийн банк “Хадгаламж” банкийг нэгтгэснийхээ дараа 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий.
Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж дамжин олгогддог байсан. Одоо Төрийн банк энэ бүхий л үйл ажиллагааг хариуцаж буй бөгөөд хангалттай том банк болсон гэж үздэг.
Хамгийн хачирхалтай нь “Зоос” банкийг төр хүчээр дампууруулж, өөрийн өмчид авсан гэдэг гомдлыг бусад жижиг хувьцаа эзэмшигчид тухайн үед үүсгэж, дээр дооргүй хөл хүрэх газраа хүртэл гүйж явахад 20 хувийг эзэмшдэг Г.Алтан хөдлөөгүй юм. Цагтаа “Зоос” банк нь 635 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд нийт хувьцааных нь 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, “Ойн мод”, “Нэгдэлчин” компанийн мэдэлд, 25 хувь нь “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, 20 орчим хувь нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн нэр дээр, харин үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байв.
Тэдгээр жижиг хувьцаа эзэмшигчийн төлөөлөл банкны дампуурлыг хууль бус гэж үзэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн Цэц хүртэл гомдол гаргаж, хэвлэлийнхэнд ч уудалж байв. Тэдний төлөөлөл тэр үед мэдэгдэхдээ “Том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. “Зоос” банк татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Юунаас болж тэд амаа үдүүлээд байна вэ. Тэд МАН, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран “Зоос” банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр” хэмээн онцолж байсан удаатай.
Тэгвэл ийм ээдрээтэй хэргийг МАН-ын тавьсан нэг сая ам.долларын өр шийдчихэж байгаа бололтой. Харин тэр өрийг тавьсан Г.Занданшатар одоо ЗГХЭГ-ын даргаар ажилласан шигээ, бас ч үгүй олон асуудалд орооцолдсоор явж байна.
Erennews.mn
URL: