Тэмцэх үү ? Мөхөх үү ?
Овоолсон нүүрс шиг ард түмнийг минь
Олон жил төр доромжилсон шүлсээр норголоо
Норсон зовлон тэмцэлд дороосоо уугсаар
Нэг л өдөр шатахад ойрхон ирлээ
Зуурдын энэхэн амьдралд эгэл түмний хэлтэрхий би
Зуруул шүдэнз хоёр шиг асахад бэлэн боллоо
Үхэхэд үлдэх хонгор үрсийнхээ төлөө
Үнэний дэнсэнд дүрэлзэхэд зүрх минь цохиллоо
Иргэн бүрийн сэтгэл тэмцлийн салхинд сэвэлзэж
Идэхийн хэнээт төрийг түймрийн утаа нэрвэнэ
Алийн болгон ард түмэн минь
Амьдрал хэмээн арагш суух юм бэ?
Тэмцэл талцалын МАНАНгийн шиврээнд
Тэрэгний морь шиг зүдрэх юм бэ?
Залуу сайхан насаа банкны өрөнд чөдөрлөж
Замилангийн урсгалд үхсэн юм шиг гэлдэрч
Өртэй хүн өөдөлдөгүй өттэй ямаа шиг майлсаар
Өнөөдөр маргаашийн зээлэнд аргамжаатай сайжилж явна
Манжид эзлэгдсэн хоёр зуун жилээ санаач
Марксизмд хууртагдсан далан жилээ ухаараач
Хонхны дуунд сэрсэн ерэн оноо дуудаач
Хорин найман жил хууртагдсан өш хонзонгоо сэрээгээч
Хүн шиг тэмцээд үхэхэд хойд урдын ялгаа юун
Хойч ирээдүйдээ там үлдээвэл утга бас юун
Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдсээр бүгдээрээ
Чив чимээгүйгээр Мөхлийн өмнө өвдөг сөхөрлөө
Улс оронгүй болох цөвүүн цагийн дэнсэнд
Уран шүлгээр би шувуу шиг жиргээд яах юм
Утаанд хордсон улсынхаа нийслэлд
Утга зохиолоороо нэрд гараад үхсэнээ хийнэ
Хэлсэн шигээ тэмцэж эс чадвал
Хилэнгээ зүрхэндээ шатаагаад чалчаад яах юм
Орондоо хэвтэж байгаа бол одоо босцгоо
Олон жилийн доромжлолоос сэрцгээ ард түмэн минь
Харь суугаа бол эх орондоо ирцгээ
Харанхуйд төөрсөн бол одоо гэрэлээ асаа ард түмэн минь
Нам намын хооронд тэлээ хурга шиг хууртагдсаар
Намрын цагт биднийг идшиндээ хэрэглэх нь Төр чинь
Одоо эс болбол Монгол Эх орон чинь мөхөж
Орчлонгийн түүхэнд Нэр нь үлдэхэд хүрлээ
Цангаж үхсэн Африк шиг гашуун зовлон
Цаана чинь ойрхон ирснийг санахтун Ард түмэн минь
Минж Боржигон Батсайханы Баттөгс
URL: