Шилдэг тамирчнаар хэн тодрох вэ?

527-1519264331p1c6rbjbjptrs1v5sl9uqmqg8t3Шинэ оны эхний сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг зарлалаа. Өнгөрсөн сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг спортын салбар

улсын аваргуудаа тодруулж, өрсөлдөөн ихтэй байв. Эдгээрээс Монгол Улсын усанд сэлэлтийн рекордыг  таван удаа шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээдэг “Алтан гран-при”-д гурав дахь жилдээ түрүүлсэн П.Орхон болон тус  тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа нар сарын шилдэг тамирчинд нэр дэвшжээ. Түүнчлэн Сөүлийн нээлттэй тэмцээний дэд байрт шалгарч, өвлийн олимпод оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг амжилтаараа тэдний эгнээнд багтсан байна. Сарын шилдэг тамирчныг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулдаг бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл саналыг хүлээн авна. Улмаар өнгөрсөн сарын шилдэг тамирчнаар хэн тодорсныг энэ сарын 26-нд зарлах юм. Монголын үндэсний олимпын хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчин багийг  алдаршуулах, Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг сар бүр дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчныг тодруулдаг болсон билээ. Сонирхуулахад, өмнөх  сарын шилдгээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин П.Орхон, Азийн аварга 3×3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Д.Батсүрэн нар  тодорч байв.
Б.Сийлэн 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих