Орос бүсгүйчүүд 15-хан минутын дотор дэлхийн рекордыг хоёронтоо шинэчиллээ
Өвлийн Олимпийн наадмын 12 дахь өдөр буюу өчигдөр түүхэнд тэмдэглэгдэм ховорхон явдал тохиолоо. Тодруулбал, Оросын уран гулгагч Евгения Медведева богино хөтөлбөрт оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоогоод удаагүй байтал мөн л тус улсын тамирчин, 15 настай Алина Загитова түүний хэдхэн минутын өмнө тогтоосон амжилтыг эвдэж, 82.92 оноотой авч тэргүүн байр эзэлжээ.
Гэхдээ чөлөөт хөтөлбөрт 160.46, хоёр хөтөлбөрийн нийлбэрээр 241.31 оноо авснаар Евгения Медведева өөр нэгэн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм.
Алина Загитова нь 2018 оны Европын аварга болсноос гадна 2017 оны Гран-прид түрүүлсэн. Энэ онд тэрбээр насанд хүрэгсдийн гулгалтын дебют тэмцээнд оролцоно. Тэгвэл Евгения Медведева нь дэлхийн хоёр удаагийн аварга. Хоёр орос бүсгүйн тэмцээний дараах сэтгэгдлийг хүргэж байна.
АЛИНА ЗАГИТОВА: ЖЕНЯ БИД ХОЁР ӨРСӨЛДӨГЧИД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НАЙЗУУД
Медведеватай өрсөлддөг тухай:
-Медведеватай өрсөлддөг гэж үү? Мэдээж, энэ нь цаашид хөгжихөд хурцалж, чангалж өгдөг. Гэхдээ би бүгдэд хэлэхэд Женя бид хоёр юуны түрүүнд найзууд, үүний дараа л өрсөлдөгчид. Спорт өрсөлдөөнгүйгээр байна гэж үгүй. Өрсөлдөөн бүгдэд л байдаг.
Сэтгэл ханамж, аливааг батлах хүслийн тухай:
-Надад хэн нэгэнд ямар нэгэн юм батлах хүсэл байхгүй ээ. Миний зорилго бол цэвэрхэн гулгах. Хамгийн чухал нь үзүүлбэрээсээ таашаал авч, дасгалжуулагчид, шүүгчид, бас би сэтгэл хангалуун байх гэж Женя хэлдэгтэй санал нийлдэг.
Бэртэл гэмтлийн тухай:
-Хоёр, гурван жилийн өмнө хөлөө хугалж байсан. Хөлний гэмтэл нэлээд хүнд байсан болохоор би 2-3 долоо хоног дасгал сургуулилтаа хийгээгүй. Дараа нь Этери Георгиевна (Загитова, Медведева нарын дасгалжуулагч) намайг хөөсөн. Тэр аль эртнээс л хөөхийг хүссэн юм билээ. Яагаад гэвэл би муу ажиллаж, юу чухал вэ гэдгийг ойлгоогүй байсан. Энэ салбарт хэн ч чамайг албадаагүй. Хүсвэл чи дасгал сургуулилтаа хийнэ гэсэн үг.
Сэргээшийн хяналттай холбоотой түүхийн талаар:
-Тайлбар хиймээргүй байна.
ЕВГЕНИЯ МЕДВЕДЕВА: ЗАГИТОВА ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮР ШИМИЙГ ХҮРТСЭН
Загитовагийн үзүүлбэрийн талаар:
-Үнэхээр мундаг. Тэр энэ бүгдийг өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан. Анхны насанд хүрэгчдийн тэмцээнд ямар сэтгэгдэл төрж байснаа санаж байна. Алинад ч бас яг ийм мэдрэмж төрж байгаа гэж бодож байна шүү. Түүний үзүүлбэр надад тийм ч сюрприз байгаагүй ээ. Зүгээр л түүнийг хүчтэй уран гулгагч гэдгийг л харсан. Түүнийг өдөр бүр ямар их хичээж ажиллаж байсныг би мэднэ. Тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн.
15-хан минутын дотор дэлхийн дээд амжилтыг хоёронтоо шинэчилсэн талаар:
-Ийм зүйл маш ховор тохиодог. Олимпод ийм зүйл болсонд би баяртай байна. Магадгүй энэ түүхэн цаг мөч байх.
Сэтгэл санааныхаа байдлын талаар:
-Үзүүлбэрээ багийн уралдаанаасаа илүү тайван хийсэн. Толгой илүү хүйтэн байсан. Энэ сайн хэрэг. Гараа зөвхөн аксел маягаар өргөсөн. Энэ нь миний тооцоо дутуугийнх. Үсрэлтийн өмнө би “Юу ч болсон үүнийг л хийх ёстой” гэж бодсон гэхгүй ээ. Харин одоо чөлөөт үзүүлбэрээ бэлтгэж, мөсөн дээрээ өөрөө гарч болох бүхнийг үлдээх болно.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: