БҮТЭЭГЧ БУС ДАМЖУУЛАГЧ АШИГ ОЛДОГ ТОГТОЛЦОО

download

Аливаа бизнесийн алтан зарчим бол хоёр тал харилцан ашигтай байх явдал юм. Энэхүү зарчимд тулгуурлаж “Монгол” телевизийн хамт олон мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ “IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх нь манай телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс бид нэг ч төгрөг хүртдэггүй. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү” гэсэн байна. Ингэснээр иргэд өчигдөр оройноос эхэлж тухайн телевизийн үйлдвэрлэсэн ямар ч контент, мэдээ мэдээллийг юнивишн болон скаймедиагаас ухрааж, нөхөж үзэх боломжгүй болж байгаа юм.

Үнэндээ манай улсад үйл ажиллагаа явуулдаг оператор компаниуд ашиг олохын тулд бусдын бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, контентыг үнэ төлбөргүй ашиглаж, түүнээсээ ашиг олж ирсэн. Жишээ нь, “Юнител”, “Скайтел” зэрэг оператор компани зөвхөн датагаараа дамжуулж, түүнийгээ зарахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөдөлмөрийг “шулж” өнөөг хүрсэн гэхэд болно. Яг ийм зарчмаар зөвхөн өөрсдөө л ашигтай ажиллаж ирсэн болохоос жинхэнэ бүтээгдэхүүн, контент үйлдвэрлэдэг хэвлэл мэдээллийнхэнд нэг ч төгрөг өгч байгаагүй. Нөгөө талаараа энэ нь аливаа хэвлэл мэдээллийн байгууллага үйлдвэрлэсэн контентоо олон нийтэд түгээхийн тулд тэднээс мөнгө нэхдэггүй, өөрсдийнхөө мэдээ мэдээллийг үнэлж байгаагүй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм.

Уг нь, зүй тогтлоороо бол хоёр тал харилцан ашигтай ажиллах ёстой. Наад зах нь, бусдын бэлтгэсэн контентыг үнэ төлбөргүй ашиглаж, ашиг олсныхоо төлөө оператор компаниуд ашгийнхаа тодорхой хувийг нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад өгч байж хэн хэндээ гомдолгүй хамтарч ажиллана. Эсвэл хоёр талын эрх ашиг тэнцэж байна гэж үзвэл тохиролцоонд хүрч хэвлэл мэдээллийнхэн бэлтгэсэн контентоо оператор компаниудад үнэ төлбөргүй ашиглуулж болно. Гэтэл энэ тохиолдолд жинхэнэ контент үйлдвэрлэсэн хэвлэл мэдээллийн байгууллага нь ашиггүй, харин түүнийг нь олон нийтэд түгээж, хүртээж байгаа гэх нэрийдлээр оператор компаниуд өөрсдийн датагаа зарж ашиг олж байна.

Хэрэв олон нийт чанартай, сайн мэдээ, контентыг мөнгө төлж үздэг болчихвол өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэх дархлаатай болох боломжтой юм. Түүнчлэн аливаа хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж, хөрөнгө мөнгө хаяж үйлдвэрлэсэн мэдээ мэдээлэл, контентоо тодорхой хэмжээгээр үнэлж, олон нийтэд түгээх нь зүй ёсных.

Дээрх зүйл бол хүссэн, хүсээгүй ийм нөхцөл байдалд шилжилж орох ёстойг харуулсан үйл явдал байлаа. Харин эхлэлийг нь “Монгол” телевизийн хамт олон тавьж чадлаа. Тэгээд ч тэд мэдэгдэлдээ “Оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийн бүтээлийг гадаадын оюуны өмчийн бүтээлийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг харилцан ашигтай, зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” хэмээн дурдсан билээ.

Өглөөний сонин
Б.Басхүү


URL:

Сэтгэгдэл бичих