СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛАХАД ТӨРӨӨС МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЦАГ БОЛСОН

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг тун удахгүй УИХ хэлэлцэх гэж байна. Уг хуулийн төслийг зарим талаараа алдаа мадагтай болсон гэж мэргэжлийн хүмүүс шүүмжилж байгаа юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын соёлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэндсүрэнтэй ярилцаж, байр суурийг нь сонирхлоо.

-Улсын хэмжээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахын тулд юуны түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та үзэж байгаа вэ?

-Соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах ажлын үндэс нь соёлын өвийг баримтжуулан бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэх явдал байдаг. 1994 онд батласан Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд улсын хэмжээнд соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо бий болгох заалт тусгагдсанаар 1996 онд Музейн үзмэр сэргээн засварлах урланг өргөтгөж, Түүх, соёлын дурсгалт зүйлийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулан ажиллуулсан. Би энэ сангийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан. Бид ихэнх аймаг, нэлээд суманд бүртгэл мэдээллийн сан байгуулж чадсан. Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2001 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцооноос сумыг хассан нь үйл ажиллагаа нь дөнгөж төлөвшиж байсан сумын бүртгэл мэдээллийн сангийн ажил зогсонги байдалд орох, улсын хэмжээнд соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо бүрдэхэд сөргөөр нөлөөлөх үндсэн шалтгаан болсон. 2004 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ алдааг засаж, дахин сумыг нэмж тусгасан л даа. Гэвч өмнөх алдаанаас болоод өнөөг хүртэл нийт сумын соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа тогтмолжиж чадаагүй.

-Улсын нэгдсэн бүртгэлмэдээллийн санг Соёлын өвийн төв хариуцдаг. Тэднийх ажлаа тааруу хийж байна гэсэн үг үү?

-Соёлын өвийн төв ажлаа шаардлагын төвшинд явуулж байгаа. Гол нь энэ байгууллагын үйл ажилла гааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, ажлын цар хүрээ талаас нь авч үзэх хэрэгтэй байгаа юм. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бий болгох, түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах гэсэн хоёр том асуудлыг нэг дор нэгтгэн, Соёлын өвийн төв байгуулсан. Энэ төв 16 жил ажиллахдаа дорвитой үр дүнд хүрэхгүй байгаад бодитой дүгнэлт хийх цаг болсон. СӨТ-ийн бүтцээс Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг салгаж, Соёл урлагийн хороонд бие даасан хэлтэс болгон ажиллуулах нь зөв. Соёл урлагийн хороо болон СӨТ-ийн зарим ажил үүрэг давхацдаг. Хэрвээ санг СӨТ-өөс салгавал энэ давхцал арилна.

Иймд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.2-т заасан “Аймаг, нийслэлийн соёлын өвийн бүртгэлмэдээллийн сан нь ЗДТГ-т, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байна” гэсэн заалтыг “Сум, дүүргийн бүртгэлмэдээллийн сан нь сум, дүүргийн Соёлын төвд, Аймгийн бүртгэлмэдээллийн сан нь аймгийн музейн дэргэд, Нийслэлийн бүртгэл-мэдээллийн сан нь Нийслэлийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь Соёл урлагийн хороонд тус тус байна” гэж өөрчлөх шаардлагатай. Мөн хуулийн 8.4 Соёлын өвийг бүртгэлмэдээллийн санд бүртгэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна” гэсэн заалтад “сумын” гэж нэмэх хэрэгтэй байгаа юм. Гэтэл одоо хэлэлцэж буй хуулийн төслийн 6.2-т “Улсын нэгдсэн бүртгэлмэдээллийн сан нь Соёлын өвийн үндэсний төвд байна” гэж тусгажээ. Үүнийг өөрчлөх ёстой.

-Манай музейнүүдийн байр сав, харуул хамгаалалт нь арай ч дээ гэмээр байдаг. Бид одоо байгаа түүх, соёлын дурсгалаа хойч үедээ үлдээж чадах болов уу?

-МХЕГ-аас 2011 онд улсын хэмжээнд 36 музей, 24 номын сангийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг шалгалаа. Музейн үзмэрүүдийг өдөр тутам арчилж тордох, сэлбэн засах, анхан шатанд сэргээн засварлах мэргэжилтэн ч, мөнгө ч байхгүй байгаагаас олон зуун үзмэрийн нас богиносч байгаа нь энэ шалгалтаар тодорхой болсон. Энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, БСШУ-ы байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд, БСШУ-ы сайдад мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Соёлын өвийн төвийн хүчин чадал жилд 100 гаруй үзмэр сэргээн засварладаг. Ийм нөхцөлд улс, орон нутгийн музейнүүдэд сэргээн засварлагчийн орон тоо бий болгож, үзмэр арчлан хамгаалах ажлыг тогтмол хийх хэрэгтэй. Ингэж байж л бид түүх, соёлын дурсгалаа хойч үедээ үлдээнэ.

-Хувь хүмүүст түүх, соёлын дурсгалт зүйлс их байх юм. Тэрийг яагаад улсын хамгаалалтад авахгүй байгаа юм бэ?

-Улсын нэгдсэн бүртгэлмэдээллийн санд 1995-2005 оныг хүртэл жилд дунджаар 1000 хүртэлх үзмэрийн бүртгэл хүлээж авдаг байсан бол 2009- 2010 онд 36 байгууллагын 22569 үзмэр бүртгэсэн байна. 2005 онд тус санд 23 хувь хүний 58 бүртгэл байсан бол МХЕГ-аас 2010 онд Соёлын өвийн төвд хийсэн шалгалтаар энэ тоо нэмэгдээгүй байлаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.2-д “Хувийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлмэдээллийн санд бүртгэнэ” гэж тусгасан. Тэгэхээр өөрийнхөө өмчийг бүртгүүлэх эсэх нь хувь хүний сонирхлын асуудал болчихсон. Өөрт байгаа түүх, соёлын дурсгалаа бүртгэлмэдээллийн санд бүртгүүлэхийн ач тусыг хүмүүст сурталчлах, ойлгуулах талаар дорвитой ажил хийгээгүй. Үүнтэй л холбоотой.

-Булш тоногчид гэх хүмүүс бий болчихлоо. Улаанбаатараас хэдэн эрдэмтэн судлаач тэрийг харж хамгаалах гэсэн ч ёс той л сачий нь хүрдэггүй. Тэгэхээр суманд соёлын өвийг хамгаалдаг, мэддэг хүн хэрэгтэй юм шиг ээ.

-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгаагаар сүүлийн жилүүдэд 18 аймагт 75 удаа, 2006 оны шалгалтын үеэр улсын байцаагч нарын нэмж гаргасан судалгаагаар есөн аймагт 24 удаа хууль бус малтлага хийсэн байсан. Манайх 2009 онд Палеон тологийн төвтэй хамтарч, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн палеон тологийн олдворт газруудад үзлэг хийсэн дүн, иргэдийн мэдээллээс үзэхэд энэ талаар дагнан ажилладаг бүхэл бүтэн сүлжээ бий болжээ. Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагууд үүнтэй нэлээд тэмцэж байгаа одоогийн мөрдөж байгаа хуульд (Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэж байгаа) учруулсан хохирлоос олон дахин бага хэмжээгээр торгохоос өөр хариуцлага тооцох заалт байхгүйгээс энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсооход нөлөөлж чадахгүй байна.

Хууль бус малтлагын тухай иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай ажиллагаа зохион бай гуулдаг механизм бий болгох шаардлагатай байгаа тухай дүгнэлтийг 2006 онд БСШУЯ-д хүргүүлж, хамтарч ажиллах талаар хөөцөлдсөн ч одоо болтол арга хэмжээ авахгүй, дэмжиж ажиллахгүй байна л даа. Ер нь соёлын өвийг олон түмэн л хадгалж хамгаалан хойч үедээ үлдээдэг. Иймээс соёлын өвийн хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй, тэгж байж л үр дүнд хүрнэ. Иймээс сум багт байгаа эх түүхээ мэддэг, өв соёлоо хайрлан хамгаалдаг, үнэнч сэтгэлтэй олон хүмүүст дурсгалуудыг гэрээгээр хариуцуулах ажил хийж байгаа. Иймд төрөөс иргэдийн соёлын өвийн бо ловс ролыг дээшлүүлэх цогц арга хэмжээ авч, соёлын өвийг хамгаалах тухай хуульд урамшууллын хөшүүргийг бий болгох, соёлын өвийн гэрээт улсын байцаагчийн эрх олгох заалтыг нэмж тусгах шаардлагатай.

Монгол Улсын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг 1987 оноос хойш улсын хэмжээний нэгдсэн тооллогод хамруулаагүй. Тоолохын тулд Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй л дээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.11-т заасан хууль бусаар хийж буй малтлага, хайгуулын талаарх мэдээллийг хэн, хаана, ямар шугамаар хүлээн авах, мэдээллийн мөрөөр арга хэмжээ авахад гарах зардлыг хаанаас гаргах зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн актыг БСШУЯ одоо болтол гаргаагүй. БСШУЯ энэ ажлыг зохион байгуулж чадахгүй 10 гаруй жил болж байгаа. Соёл урлагийн хороо байгуулагдсан тул одоо энэ ажлыг хариуцаж хийх эзэнтэй болсон, хийх ч ёстой гэж бодож байна.

-Хилээр алт гаргах, мансууруулах бодис оруулах гэсэн хүмүүсийг ГЕГ-т мэдээлэхэд урамшуулал олгодог. Түүх, соёлын дурсгалын талаарх ийм мэдээллийг бас худалдаж авдаг болох хэрэгтэй юм шиг санагддаг л даа?

-Тийм. Эдийн засгийн хөшүүрэг заавал байх ёстой. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Соёлын өвийн хууль тогтоомжийн зөрчлийн талаарх мэдээллийг урамшуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батална”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль бус малтлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох арга хэмжээг тухайн аймаг, нийслэл, сум, баг, хорооны Засаг дарга, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна” гэж оруулах хэрэгтэй байгаа юм. 1994 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль батлагдсанаас хойш зарим үед иргэд мэдээлэл өгч, түүний мөрөөр арга хэмжээ авч ирсэн. Гэсэн ч тэр хүмүүсийг урамшуулах механизм байгаагүй болохоор одоо хүмүүс мэдээлэл өгөхөө бараг больжээ.

-Гадаадад гаргасан түүх, соёлын дурсгалаа хаана, ямар байдалтай байгааг, байгаа үгүйг нь мэдэж байгаа хүн байна уу?

-Монгол Улсаас гадаадад гарсан түүх, соёлын дурсгалт зүйлсийн бүртгэл судалгаа, палеонтологийн дурсгалуудын тухай, байгууллагын, хувийн музей, галерей, цуглуулгын талаарх мэдээлэл Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлмэдээллийн санд байхгүй. Монголын доод цэрдийн палеонтологийн олдворууд, динозаврын толгой, чөмөгний нийт 26 ширхэг дээжийг БСШУЯ-наас “Монгол динозавр судлалын хүрээлэн” ТББ-д 2008 онд лиценз олгож, АНУ-д гаргасан ноцтой зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэрэгсэхгүй болгосон байсан л даа. Үндэсний төв номын санд байсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох ”Үйсэн дээрх бичиг”- ийг 1992 онд Германд сэргээн засварлуулахаар явуулсан. Түүнийг Монгол-Америкийн палеонтологийн экспедицийн АНУ-д гаргасан олдворуудтай хамт эх орондоо эргүүлэн авчрах ажлыг БСШУЯ, цагдаагийн байгууллагатай хамтран даруй хийх хэрэгтэй байна.

-Гадаадад музейн үзмэр, бусад дурсгалаа ямар журмаар гаргаад, буцааж авчрах асуудлыг хэн хариуцдаг юм бэ. Гадаадад байх үед нь хянадаг уу?

-Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”- ын дагуу БСШУЯ-наас олгосон зөвшөөрөл (лиценз), гэрээ, бусад дагалдах бичиг баримтыг үндэслэн, гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр хоёр жил хүртэлх хугацаагаар гаргадаг. БСШУЯ түүх, соёлын дурсгалт зүйлсийг хилээр гаргах зөвшөөрөл олгохдоо сурталчилгаа, судалгаа шинжилгээ, сэргээн засварлах зориулалтаар, эргүүлж авчрах нөхцөлтэйгөөр явуулдаг юм. Археологи, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлсийн он цагийг нарийвчлан тогтоох, бүтэц найрлагыг нь тодорхойлуулах зорилгоор гаргадаг. Харин лабораторийн шинжилгээгээр устаж үгүй болдог зүйлсийг буцаж ирэхгүй нөхцөлтэйгээр гаргадаг.

БСШУЯ 2005-2008 онд нийт 14 байгууллага, зургаан иргэнд 67 лиценз олгосон байдаг. Түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаадад гаргахдаа хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаг болох, Европт гаргаад 10 гаруй жил болж байгаа палеонтологийн олдворуудын бүрэн бүтэн байдал, даатгалын асуудлыг Ажлын хэсэг томилон газар дээр нь шалгуулах шаардлагатайг БСШУЯ-д удаа дараа мэдэгдсэн. Гэсэн ч тоогоогүй. Тиймээс гадаадад үзэсгэлэнд гаргах, судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор хилээр гаргаж буй түүх, соёлын дурсгалуудыг яаж баримтжуулж авах, тэр ажлыг хаана, хэн хариуцаж хийх, яаж хүлээлцэх, ямар баримт бичиг үйлдэх, даатгалыг хэрхэх, тухайн дурсгал алга болсон, гэмтсэн, хуулбарласан, хугацаандаа ирээгүй, үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох, хохирлыг яаж барагдуулах тухай асуудлуудыг зохицуулах тусгай журам гаргаж зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн 10-аад жил журам гаргуулах шаардлага тавихад БСШУЯ-ны соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Хуульд энэ асуудал тусаагүй тул болохгүй байгаа” гэсэн хариу өгсөөр ирсэн. Энэ тухай хуульд заавал тусгах ёстой.

-Түүх, дурсгалын олдвороо хамгаалахад ганцхан Соёлын өвийн хууль хангалтгүй байх.

-Эрүүгийн хуульд “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн тусгай бүлэг нэмж оруулах шаардлагатай. Монгол Улсын Соёлын тухай багц хууль (Музей, Номын сан, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Биет бус соёлын өвийн тухай) бие даасан хуультай болчихвол тун ч хэрэгтэй байна даа.

Х.БОЛОРМАА

mongolnews


URL:

Нэр: уянгаа Огноо: 2 January 2015

энэ соёлын өвийн хууль тогтоомжийг жаахан эмх цэгцтэй болгомоор байна сумын соёлын төвд орон тоо нэмж өвийн ажилтан бий болгомоор байна энэ нь тэр засаг дарга энэ тэр хүмүүстэй нийх хааараад байх зүйл биш гэж бодож бн шуд соёлын төв соёлтой хамааралтай .нэг

Сэтгэгдэл бичих