ОРОСЫН ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮД СИРИД ОЛНООР АЛАГДСАНЫГ МОСКВА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яам Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын “хэдэн арван” иргэн саяхан Сирид болсон тулаанд амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн байна.
Сирийн дэглэмийн талд тулалдаж байгаа Оросын хөлсний цэргүүд хоёрдугаар сарын 7-ны өдөр Дейр Эззорт АНУ тэргүүтэй эвслийн хийсэн агаарын цохилтын үеэр алагдсан тухай мэдээлэл тараад байв. Эхэндээ Москва уг мэдээллийг няцааж байсан юм.
Харин өчигдөр эдгээр алагдсан хүмүүс нь ОХУ-ын цэргийн албан хаагчид бус, Оросын армийн зэвсэг техникийг хэрэглээгүй байсан гэдгийг мэдэгджээ.
Мөн шархдсан Оросын иргэдэд эмнэлгийн болон эх орондоо буцах туслалцаа үзүүлсэн тухай мэдээлсэн байна. Гадаад хэргийн яам эдгээр дайчдыг “янз бүрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр Сирид очсон” гээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
“Тэдний шийдвэрийг шүүх, үнэлэх газар нь гадаад хэргийн яам биш юм” гэж мэдэгдэлд өгүүлжээ. 2015 онд ОХУ Сирийн дэглэмд туслах ажиллагаа эхэлснээс хойш анх удаа АНУ-ын довтолгоонд Оросын иргэд өртсөн явдал гэж үүнийг үзэж байгаа юм.
Оросын хөлсний дайчдыг зуучилдаг Вагнер Групп хувийн компанийн нэр дээр Сирид ажиллаж байсан 300 орчим хүн АНУ тэргүүтэй эвслийн агаарын довтолгоонд өртөн амиа алдаж, шархдсан тухай Ройтерс агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Хэдийгээр Оросын хуулинд хөлсний цэргүүдийг ашиглахыг хориглодог боловч Сирид албан ёсны цэргийн хохирлоо багасгахын тулд хөлснийнхнийг нууцаар ашиглаж байгаа гэсэн сэжиг ажиглагчдын дунд яригддаг байна.
Эх сурвалж: The Guardian
URL: