Дэлхийн эдийн засаг…

17885

Дэлхийн эдийн засгийн мэдээллээс хүргэж байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлт 2017 оны III улиралд хүлээлтээс доогуур гарсан ч Хятад, Евро бүсийн эдийн засгийн идэвх сайжирсан хэвээр байгаа тул шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4 дүгээр сард хийсэн төсөөллөөс 0.1 нэгж хувиар нэмэгдүүлж, 2017 онд 3.6 хувь, 2018 онд 3.7 хувийн өсөлттэй байна гэж үзжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, хэрэглээ өсч эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бол Евро бүсийн гадаад болон дотоод эрэлт мөнгөний уламжлалт бус тэлэх бодлогын нөлөөгөөр өсч, хөдөлмөрийн зах сэргэж, эдийн засгийн өсөлтийг дэмжив. Харин АНУ-ын хүн амын дундаж насжилт нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын бүтээмж буурснаар хэрэглээ буурч, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Холбооны нөөцийн банк (ХНБ) 2017 оны 6 дугаар сарын 14, 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаараа бодлогын xүүг тус тус 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 1.5 хувьд хүргэв. АНУ-ын ажилгүйдлийн түвшин буурч, инфляци өсч, иргэдийн бодит орлого нэмэгдэж, дэлхийн санхүүгийн зах зээл тогтворжиж эхэлсэн нь ХНБ ийнхүү бодлогын xүүгээ нэмэх шалтгаан болсон.

Евро бүсийн аж үйлдвэрийн салбарын идэвхжил сайжирч, үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байр нэмэгдэх хандлагатай байна. Ажилгүйдлийн түвшин 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 8.9 хувь болж, 2009 оны 1 дүгээр сараас хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурлаа. Хятадын эдийн засаг 2017 оны эхний 2 улиралд тогтмол 6.9 хувиар өссөн бол III улиралд хүлээлтээс өндөр буюу 6.8 хувиар өсөв.

Үүнд жижиглэнгийн худалдааны салбар 10.3 хувиар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 7.5 хувиар, аж үйлдвэрийн салбар 6.6 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. АНУ-ын мөнгөний бодлогын төлөв, макро эдийн засгийн эерэг мэдээллүүдээс шалтгаалан АНУ-ын хөрөнгийн зах зээл 8 дугаар сараас эрчимтэй өсч, цаашлаад бүрэлдэж буй эдийн засагтай орнуудын хувьд ч өсөлт авчрав.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт төсөөллөөс давж 6.9 хувьд хүрсэн, аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтүүд сайжирсан, БНХАУ хаягдал зэсийн импортод хориг тавих магадлалтай байгаа, БНХАУ-ын эрэлт өндөр түвшинд хадгалагдсан зэрэг нь үнийн өсөлтөд эрэлт талаас голлон нөлөөлсөн.

Харин зэсийн томоохон нийлүүлэгч болох Индонези улс дахь Грасберг уурхайн эзэмшлийн асуудал, Чили улсад болсон газар хөдлөлт зэргээс үүдэн нийлүүлэлт буурсан зэрэг нь зэсийн үнэд эерэгээр нөлөөлөв.

Нэг талаас ХНБ бодлогын хүүгээ өсгөх хүлээлт өндөр байгаа нь алтны ханшинд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч, нөгөө талаас оны эхнээс үүсээд байсан геополитикийн эрсдэл, ам.долларын ханшийн сулрал зэрэг нь алтны үнэ 1250-1290 ам.долларын түвшинд тогтвортой хадгалагдахад голлон нөлөөллөө. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ажиглагдсан экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт болон уул уурхайн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын голлох нөлөөгөөр манай эдийн засгийн өсөлт эрчимжиж, 2017 оны эхний 3 улирлын байдлаар 5.8 хувьд хүрэв.

http://www.hunnu.mn/a/89060


URL:

Сэтгэгдэл бичих