Ардчилсан намыг өдсөн МАН-ын Бага хурал

Хэдэн сарын өмнөөс л товоо тогтоож чадахгүй байсан МАН-ынхан Бага хурлын хоёрдугаар хуралдаанаа Тусгаар тогтнолоор хаягласан шинэ байрандаа хийлээ. Аргагүй л 90 жилийн түүхтэй нам, 70 жил Монголын төрийг удирдсан гэдгээрээ данайлгасан “ах” намын шинэ байр 17 тэрбум төгрөгний өртгөөр сүндэрлэж, Ардын нам гэсэн анхны нэрийг өгсөн их жанжныхаа хөшөөг хоймортоо залжээ. Долоон давхарт байрлах 800 хүний суудал бүхий их танхимдаа хуралдсан Бага хурлын гишүүдийн багцаа байдлыг ажихад улс төрд орж, хөлөө олохыг хүссэн залуус, квотын сургаар хошуурсанн эмэгтэйчүүд, хэзээ ямагт байр сууриа хадгалсаар ирсэн ахмадууд цугласан харагдсан.

Сонгууль болохоор л Удирдах зөвлөлөө өргөжүүлж, Бага хурлынхаа гишүүдийн тоог нэмдэг МАН-ынхан хуучны арга барилаараа зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, хуралдааны эхэнд хэвлэлийнхэнд хаалгаа нээж, халуун маргаанаа хаалттай хаалганы цаана үргэлжлүүллээ. МАН-ын дарга С. Батболд МАН-ын Бага хурлын эхний хуралдаанаар намын дарга болох үүрэг даалгавар авч, дараагийн Бага хуралдаа ажлаа тайлагнаж, тов хийсэн удирдагч болсноо зарлан тунхаглаж, ирэх сонгуульд МАН ялна гэсэн итгэлтэй байхыг индэр дээрээс уриаллаа. Хөгжил, хүн хоёрыг түрүүнд тавигддаг С.Батболдын илтгэлийн чухал шигтгээ нь Н.Энхбаяртнуудад өгсөн хариулт байсан.

Амин хувиа хичээсэн, ганцаарчилсан тоглолт хийдэг, намын эрх ашиг, улс орны эрх ашгаас дээгүүрт өөрийн эрх мэдлийг тавьдаг нөхдөд нам хариуцлага тооцож, ёс зүйн дүрэмтэй болж, ажлаас нь татаж чадна гэдгээ санууллаа. Намын дарга хүн ийм л үг хэлэх ёстой гэж олон хүн дэмжсэн. Нидэр дээрээ Бага хурлаа хэнд ч хариуцлага тооцохгүйгээр өндөрлөөд авна лээ. Намын нөхдийнхөө нүүрийг улайлгаж, тэрс үзэл гаргах болсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутагтаа зодоон цохион хийх болсон Засаг дарга нар, төсвийн мөнгийг шамшигдуулж байгаа намын нөхдийн талаар хатуу үг хэлсэн сураг байгаа ч сонгуулийн өмнө дахин задрал, гомдол, үймээнийг авчраад юу гэхэв гэсэн бодлыг дарга нар тээжээ гэсэн уур амьсгал Бага хурлаас мэдрэгдсэн. Бага хурал дээр тавьсан МАН-ын даргын илтгэл хамтран төр барьж байгаа Ардчилсан намынхны эгдүүцлийг төрүүлж, хийсэн бүхнийг өмчирхөх гэсэнд уурласан чимээ ч бас сонсогдох боллоо.

Ханилж яваад ханиа, унаж яваад морио гэдэг. МАН-ынхан сонгууль дөхөхөөр дан башир арга хэрэглэх юм аа гэж нэг танхимд мөр зэрэгцэн суугаа сайдууд нь толгой сэгсрэн Засгийн газрын тэргүүндээ уурласан ч гэж дуулдсан.

Харин МАН-ын дарга С. Батболдын илтгэлдээ улстөрийн намуудын туйлын зорилго бол сонгуульд ялах. Тиймээс сонгуулийн хууль ямар байхаас үл хамаарч, МАН сонгуульд ялна гэсэн итгэлтэй бай хэмээн лүндэгнэсэн нь “ах” намынхан анхан шатнаасаа өгсүүлээд дээд шат хүртлээ сонгуульжина гэдгийг тунхагласан явдал болсон юм. Түүнчлэн ирэх оны эхээр анхан шатны 1700 үүрийнхээ дарга нарыг Улсын зөвлөгөөнд урьж, жинхэнэ хорыг хэрхэн найруулахыг зааж өгөх бололтой юм билээ.

Орох оронтой, оочих аягатай болсон МАН-д манай улсын урдаа барьдаг бизнесменүүд, урлаг соёлын одод, хөрөнгөтэй айлын эрх жаалууд, амлалтын биелэлтийг шаардаж байсан иргэний гэх тодотголтой хөдөлгөөнийхний төлөөлөл ч багтчихсан байна лээ. САПУ-гийн эзэн Алтан хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ намын Бага хурал дээр ирж түмэн олонд харуулсан байхад Монполиметын Гарамжав ахайтан улстөрийг сонгосон гэдгээ Бага хурлын гишүүн болж зарлан тунхаглалаа. Түүнчлэн урбанек хэмээх даршилсан ногоог Монголын зах зээлд худалдаалдаг Лхагважав ч анх удаа төрийн гайгүй албан тушаал хашиж, Ерөнхий сайдын ивээлд багтсан гэдгээ бататган, ногоон гэрлээр МАН-д элсэж, Бага хуралд багтчихлаа.

Миссүүд, боссууд, хөрөнгө чинээтэй нөхдийн цуглаан МАН-ын байранд цуглаж, улс төрд орон зайгаа аль хэдийн олчихсон нөхөдтэй хамтарн Ардын намын хурлыг чимлээ. Товчхондоо бол дуулиантай эхэлсэн МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо гайхуулж, бултаараа энх амгалан, намаараа нэг үзэл бодолд нэгдсэн гэдгээ илэрхийлж, сонгуулийнхаа ажилдаа орсныг хамтрагчиддаа, улстөрийн хүчнүүдэд санууллаа.

Сэтгэгдэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих