Өнчин мод /аймшгийн болсон явдал/

17884

Шөнийн цаг.Их хотын захын хороололд дээрээ гэрэл анивчуулсан түргэний цагаан машин дуут дохиогоо асаалгүй яаралгүй тайван яваа үзэгдэнэ.Үүнээс үзэхэд энэ машинд байгаа хүмүүс хийх ёстойгоо хийчихээд тайван буцаж явна гэж ойлгогдохоор ажээ.
Нээрээ ч энэ машинд яваа эмч дуудлагын дагуу өвчтөнөө ирж үзээд “Өвчтөнийг хэвтүүлж эмчлэх шаардлагагүй” гэсэн онош тавьж шаардлагатай эмийн жагсаалт бичиж үлдээгээд жолоочийнхоо хамтаар төв рүү буцаж яваа нь энэ байлаа. Гэтэл уг машин гэнэтхэн зогсоод чигээ өөрчлөн буцаад хотын зах руу эргэх нь тэр.
-Соном ах аа,хоёулаа бааз руугаа буцах биш. Эндээс өөр тийшээ дуудлаганд явах боллоо.
-Үгүй ээ,охин минь хаанаас тийм дуудлага аваадхав.
-Сая утсаар
-Өө тэгээ юү?
-Та чинь байтлаа ийм зүйл хүртэл анзаарахгүй бүр хөгширч эхэлж байгаа хэрэг үү?
-За даа, одоо тэгээд тийм л болж байгаа юм байлгүй дээ. Тэгээд охин минь хаашаа явах билээ.
-“Өнчин мод” гэв үү дээ.
Ингээд жолооч дуудлага ирсэн газрын зүг жолоогоо эргүүлжээ. Уг жолооч сүүлийн арав гаран жил түргэний баазад ажиллаж байгаа тавь эргэм насны жижигхэн биетэй Соном гэгч эр бөгөөд хажууд сууж эмч бүсгүй нь дөнгөж л 25 юмуу 26 настай болов уу гэмээр залуухан царайлаг бүсгүй харагдана.Түргэн тусламжийн хайрцгаа өвөр дээрээ тавиад, хүзүүндээ чагнуураа зүүсэн эл бүсгүйг Уянга гэх бөгөөд тэрээр дуудлагын эмчээр ажиллаад сар ч болоогүй байгаа нэгэн. Тэдний явж буй шороон зам бартаа ихтэй, энд тэндгүй шалбааг тогтчихсон машин эвдрэх, дугуй хагарах мэтийн зүйлс тохиолдохыг үгүйсгэхийн аргагүй аж. Дуудлагаар явж байхдаа Соном тухайн явж байгаа газрынхаа тухай үргэлж Уянгад ярьж байдаг бөгөөд энэ удаад ч гэсэн тэрээр ам хуурай байсангүй.
-Бид хоёрын очиж яваа “Өнчин мод” гэдэг газарт хүмүүс нэг их дуртай биш.Тэнд нэгдсэн тодорхой хаяг ч байхгүй, ер нь л их хэцүү газар юм гэнэ лээ.Ихэвчлэн орлогогүй, өлөн зөлмөн амьдралтай цөөн хэдхэн хүн суурьшдаг гэсэн.Урьд цагт энд нэг үйлдвэр ажиллуулах гээд бүтээгүй юм. Үйлдвэрийн барилгаа дутуу бариад тэр чигт нь орхичихсон, тэгээд төсөв мөнгөний асуудлаас болоод одоо болтол шийдэж чадаагүй байгаа хэрэг. Тэгээд тэр балгас маягтай юманд нь одоо ганц нэг орон гэргүй хүмүүс амьдардаг биз. Тэнд байгаа хүмүүсийг ер нь яажшуухан амьдардагийг нь мань мэт нь тийм ч сайн мэдэхгүй. Сэтгүүлч, сурвалжлагч нар хүртэл очдоггүй болохоор сонин хэвлэл, телевиз радиогоор энэ газрын талаар нэг их ярьж бичээд байдаггүй юм байна лээ.
-Хөөх тийм үү? Ямар сонин юм бэ, аймаар ч юм шиг.
-Хэ хэ, аймаар гэдэг чинь ер нь л оносон нэр байна шүү хөө. Орхигдчихсон гэж хэлж болмоор энэ газарт амьдарч байгаа хүмүүс яажшуухан болдог юм бол гэж бодохоор их эвгүй. Зарим хүмүүсийн яриагаар бол нохой, муур алж идэцгээх нь энүүхэнд юм гэнэ лээ. Чааваас даа, олдог хэддээ захирагдаад л ингэж муу амьдарч байхгүй юу хөөрхийс. Харин чи бид хоёрын тэдэнд туслах гэж яваа ажил их буянтай, сайхан ажил. Манай алба хэнийг ч ялгалгүй ингэж туслах гэж зүтгэж явдаг болохоор ах нь энэ ажилдаа их хайртай байдаг юм.Миний дүү ч гэсэн ялгаагүй энэ ажлаараа бахархаж явах хэрэгтэй.
-Соном ах аа?
-За?
- Та анзаарахгүй байна уу? Ийшээ бид хоёроос өөр ямар ч хүн явахгүй байгааг. Үгүй бүр тэр ч бүү хэл төврүү ч гэсэн явж байгаа хүн, машин харагдахгүй юм.
- Тийм байна аа, угаасаа л ер нь хүн бага зүглэдэг газар аа гэж ах нь чамд хэлээ биз дээ.
- Надад нэг л аймар санагдаад байна аа. Хоёулаа хурдхан шиг хүнээ үзчихээд л буцах юм шүү.
-Иш, аймхай ч амьтан бол доо. Одоо чухал алба хашиж байгаа, том болсон хүн чинь ингэж айж болдоггүй юм аа.
-За за,Соном ах ингээд л номлох дуртай хүн шүү. Би айгаагүй ээ. Харин бид хоёр дөхөж байна уу? Та ер нь өмнө нь ийшээ дуудлагаар ирж байсан уу?
- Ах нь өмнө нь нэг ч удаа ийшээ дуудлагаар ирж байгаагүй ээ. Харин замын хувьд миний бодлоор дөхөж л байна.Бид хоёрыг хүн тосоод авах байлгүй дээ?
-Тийм байх аа, ихэвчлэн л тэгдэг ш дээ. Ингэхэд Соном ахаа, та түрүүн ярихдаа энэ газрыг “Өнчин мод” гэдэг гэсэн. Яагаад тэгж нэрлэснийг нь та мэдэх үү?
-Аа, тэр нэр үү? Яахав дээ, ямар ч амьд ургамал, мод бут ойр хавьд нь байхгүй мөртлөө тэнд ганцхан ширхэг мод өчнөөн олон жил ургасаар байгаа юм. Тэр их урт настай хөгшин мод. Чухам тэр газраа ганцаархнаа ургаад хичнээн жил болж байгааг нь хэн ч мэдэхгүй. Тэр модноос л болоод тэгж нэрлэсэн биз. Манийг жаахан байхад л аав маань энэ тухай ярьж байлаа. Тэр үед “Өнчин мод” гэдэг энэ газрын ойролцоо хогийн цэг байсан. Аав маань жолооч, тэгээд тэр хогийн цэг рүү хог аваачиж асгадаг ажилтай байсан юм. Би аавтай хамт машинд нь суугаад хогийн цэг дээр очиж хог хаяхыг нь харах их дуртай хүүхэд байсан. Тэр үед би ааваас Өнчин мод хэдэн настай вэ гэж асуухад аав “Бага байхын л өнчин мод байж л байсан, аав нь хэдэн настайг нь мэдэхгүй ээ” гэж хариулж байсан юм даа.
-Хөөх тэгээд одоо болтол байсаар байгаа тэр мод хэдэн настайг хэн ч мэдэхгүй байх нь ээ.
-Тийм ээ,зарим хүмүүс Өнчин модыг шившлэгтэй газар ч гэж ярьдаг юм.
-Яагаад?
-Тэр хавьд ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдрал өөдөлдөггүй болохоор л тэгсэн биз. Яг тэр тухай ах нь сайн хэлж мэдэхгүй. Хүмүүсийн цуу яриа ч байж болно л доо. Ямартай ч настайчуудын очиж болохгүй гэдэг л газар. За гэхдээ ганц нэг хүн үхчихээр нь Монголчууд болсон хойно жигшээд тэгж ярих болсон биз дээ. Сономын ийнхүү ам халан ярьж байх үед Уянга гэнэт “Хүүе, Соном ахаа. Наана чинь хүн байна, дайрлаа ш дээ” хэмээн сандран хашхирах шахам хэллээ.Соном ч тормосоо огцом гишгэж машиныхаа урд хөндөлссөн эмэгтэйг арай ч дайрчихалгүй зогсов.Соном, Уянга хоёрын хэн хэн нь гэнэтийн явдалд цочирдоод ямар ч үг хэлэлгүй урагшаа гөлрөн сууж байлаа. Машины гэрлийн тусгалд сэмэрч муудсан даавуун дээл өмсөөд түүнийгээ дээсээр бүсэлчихсэн, нүүр гар нь халтардсан, 40 орчим насны махлаг авгай хоёр гараа алдлан зогсож байлаа. Энэ шөнө болсон үед уг хүнийг хэн нэгэн зэрвэсхэн харвал хий үзэгдэл байна гээд буцаж зугтахад гайхахааргүй ажээ. Гэвч Соном, Уянга хоёрын хувьд хэдийгээр цочирдсон боловч буцаж зугтах сэдэл төрсөнгүй, харин ч хэн хэн нь дотроо зам асуухаар шийдээд байв. Гэтэл өнөөх зам дээр хөндөлсөн зогссон эмэгтэй жолоочийн тал руу бээцэгнэн алхаж хүрээд машины хаалгыг нээж ямар нэгэн үг хэлэх гээд чалахгүй байгаа бололтой гараараа дохин зангаж амаараа гуншиж гарах нь тэр.Энэ авгайг хэлгүй хүн бололтой хэмээн бодсон Уянга “Эмнэлэгт дуудлага өгсөн хүмүүс мөн үү?” хэмээн хөмсгөө атируулан асуув.Түүний үгийг сонссон өнөөх хэлгүй авгай чухам ойлгосон уу, яасан ямартай ч гараараа урагш занганн машины урд гаран гүйлээ.
“Энэ хэлгүй золигийг арай л дайрчихсангүй. Үгүй тэгээд утсаар дуудлага өгсөн хүн нь өөрөө л гараад ирэхгүй яахаараа энэ муу хэлгүй амьтнаар биднийг тосуулж байгаа юм болоо” хэмээн Соном жолооч үглэсээр өнөөх авгайн араас алгуурхан хөдөллөө. Зам заан гүйж байсан хэлгүй авгай тун эрчтэй гүйсээр 300-аад метр зам яваад балгас гэлтэй навсгар муу байшингийн өмнө хүрч ирэв. Уг байшин жижигхэн цонхтой бөгөөд дотор нь лаа асаасан болотой бүдэг гэрэл сүүмэлзэн үзэгдэнэ .Авгай дотогшоо заан ямар нэгэн зүйл хэлэх гэж чадан ядан оролдож эхэллээ.
-Өвчтөн дотор байгаа юм байлгүй,охин минь хурдан орж үзчихээд ир дээ хэмээн Сономыг хэлэхэд Уянга энд яах гэж ирснээ сая санасан мэт машинаас хурдхан буулаа.
Энэ хавийн газарт ямар ч гэрэл цахилгаан байхгүй аж. Түрүүхэн Сономын ярьж байсан дутуу барьсан үйлдвэр болотой гурван давхар болов уу гэмээр дүнхийсэн том барилга зуу орчим метрийн цаана бараантан харагдана. Эл барилгын наагуур зарим нэг байшин амбаар мэтийн зүйлс барьсан нь бүдэг бадаг харагдаж муудсан махны гэмээр таагүй үнэр үе үе салхины аясаар ханхийнэ. Уянга үүн шиг газар өмнө нь хэзээ ч ирж байгаагүй билээ. Түүний сэтгэлд шууд л эвгүйцсэн таагүй мэдрэмж төрж айж болгоомжилсон бодол нь хамаг биеийг нь эзэмдэн өвчтөнийг үзчихээд хурдхан явахын түүс боллоо. Тэрээр хэлгүй авгайг даган өнөөх жижигхэн цонхтой навсайсан муу байшин руу явж оров. Уянгыг байшингийн босгоор давж оронгуут түүнийг хамгийн түрүүнд өмхий үнэр угтан авлаа. Үүдний өрөө бололтой энэ жижигхэн өрөөнд дуусах дөхсөн лаа асаалттай байх бөгөөд болон эмтэрхий аяга шанаганаас эхлээд юу нь мэдэгдэхгүй элдэв хог новш хаа сайгүй хөглөрчээ. Гарах хаалганы яг эсрэг талд жаажийж унах дөхсөн хаалга хаалттай байх бөгөөд завсраар нь бас л лааны гэрэл тусах нь харагдана. Энэ хаалга цаад талын өрөөг үүдний өрөөнөөс тусгаарладаг ажээ.
Уянга “Өвчтөн хаана байна” хэмээн сулхан дуугаар асуухад өнөөх хэлгүй авгай саяны Уянгын нүдэнд өртсөн хаалга руу заав. Хэлгүй авгайн нүүрэнд айдас болгоомжлол гэмээр эсвэл магадгүй шулуухан эрүүл бус гэж нэрлэж болмоор дүр төрх тодхон харагдана. Ялангуяа тэр ямар ч тогтворгүй ийш тийш үсчин гялалзах хоёр том нүд нь ямар нэгэн сэтгэцийн гажигтай юм биш байгаа гэсэн болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Уянга яагаад ч юм энэ хэлгүй авгайгаас өөр хэн нэгэн хүн гарч ирээд өөрийг нь “Эмчээ өвчтөн энд байна, ийшээ хүрээд ир” гээд дагуулж явахыг хүлээгээд байгаагаа ойлголоо.
Уянга хэлгүй авгайн гараараа заасан хаалгыг татах гэж яарсангүй. Магадгүй ямар нэгэн далдын зөн совин нь өөрийг нь энэ хаалганы цаадах өрөө рүү оруулахгүй энд хашиж байгаа бололтой.Тэрээр дэмий л ийш тийшээ харж байснаа бүр гарах хаалга руу хяламхийгээд амжив. Гэтэл хэлгүй авгай ямар нэгэн зүйлд ихээр бухимдаж байгаа бололтой хүн үргэмээр хачин хоолойгоор бархирч Уянгын гараас нь угзран татсаар өнөөх өрөөний хаалгыг нээн явж орлоо.
Энэ өрөө ямар ч цонхгүй бөгөөд өрөөний хамаг юмс нь эмх цэгцгүй, ундуй сундуй хөглөрсөн байгаа нь лааны сүүмгэр гэрэлд бүдэг бадаг харагдана. Уянга харцаараа өвчтөнийг хайсан боловч тэр гэх юм ажиглагдсангүй. Тэрээр гэнэт л хачин ихээр айн цочирдож буцаж гарах гэсэн боловч өнөөх хэлгүй авгай Уянгын гараас хүчлэн татсаар өрөөний булан руу заалаа. Тэнд нэгэн зоорь бололтой зүйл байх бөгөөд таг нь нээлттэй доороос нь бас л лааны бололтой нэгэн сүүмгэр гэрэл бүртэлзэн тусна.
Уянга авгайг түлхэж орхиод энэ өмхий оромжноос хурдхан зайлмаар байсан ч авгай түүнийг энэ байшингаас гаргах янзгүй үүд хавьцаа гарах замыг нь хаан зогсчээ.
Магадгүй энэ ядарсан авгайн үр хүүхэд нь тэр доор байгаа өрөөнд үхэж сэхэхийн зааг дээр байгаа ч юм билүү гэсэн бодол Уянгад төрж эцэст нь өрөвдөх сэтгэл нь айдсаа ялан дийллээ. Уянга тэр доошоо шат тавьсан зоорь гэмээр өрөө рүү дөхөн очиход түрүүн гадгаас орж ирэхэд л үнэртэж байсан өнөөх өмхий үнэр бүр хамар сэтлэх нь үү гэмээр ханхалж байх нь тэр. Уянга тэр доошоо орох гэсэн боловч үнэр дэндүү муухай хурц байсан болохоор бараг л огиулах дөхөв. Гэтэл өнөөх хэлгүй авгай түүнийг хүүе гэхийн завдалгүй зоорь луу түлхэн унагах нь тэр. Уянга доошоо тавьсан модон шатанд ар нуруугаа нидрэн унахдаа юу болсоныг ч ойлгож амжсангүй. Эцэст нь Уянга зөвхөн өвдөлтийг мэдэрчээ.
Өмхий,тиймээ энд тэсэхийн аргагүй өмхий байлаа. Өнөөх түрүүн л гаднаас орж ирэхэд үнэртэж байсан үнэр энэ зооринхтой харьцуулахад юу ч биш аж. Уянга хэсэг хугцаанд ухаан балартаж шоконд орсон байснаа сая л нэг юм бодит байдлыг мэдрэхтэй болж ирэв. Энэхүү нүхэн өрөөнд ганцхан ширхэг лаа асаалттай байгаагаас эргэн тойрон дахь юмс нь Уянгад хангалттай сайн харагдсангүй. Түүний гартаа барин орж ирсэн түргэн тусламжийн хайрцаг нь өөрөөс нь хэдэн алхмын зайд унаж дотор нь байсан эм тарианууд тэр хавьдаа хөглөрчээ. Уянга хайрцгаа авах ч гэсэнгүй шуудхан өндийгөөд гарах гарц болох модон шат руу гүйлээ. Гэвч тэрээр шат олсонгүй. Тэгээд өөрийгөө буруу тийшээ гүйсэн байна гэж санаад эргэн тойрноо дахин сайтар ажигласан ч шат гэхээр зүйл харсангүй. Өрөөний хувьд хааш хаашаа багцаагаар 6 метр бөгөөд тэрээр өөрийн түлхсэн хэлгүй авгайг хаана байгааг харах гэсэн боловч байсангүй. Гагцхүү дөнгөж сүүмэлзэн буй лаа тавьсан жижигхэн ширээний цаана дээл хувцасаар хучсан хэн нэгэн хүн хэвтэж байгааг л олж харав. Уянга түүнийг хараад энд өвчтөн үзэхээр ирсэнээ сая саналаа. “Магадгүй би хөдөлж цөхөөд байсан болохоор авгай тэсгэл алдрахдаа намайг ийш нь түлхэж орхисон байх.Тэгээд намайг өвчтөнийг үзэг гээд шатаа авчихсан ч юм бил үү.Авгайн хувьд сэтгэцийн ямар нэгэн доголдолтой гэдэг нь эргэлзээгүй боловч надад муу юм хийх санаа агуулаагүй байлгүй дээ” хэмээн бодсоор өнөөх хучаастай хүн рүү дөхлөө.Гэхдээ энэ үед Уянга сэтгэл дотроо өөрөө тайвшрахын тулд хүчээр ийм зүйл бодож олсоноо хүлээн зөвшөөрч байсан бөгөөд ямартайч юуны түрүүнд энд хэвтэж байгаа хүн хэн болохыг харья гэж шийджээ.Тэгээд Уянга лаа тавьсан ширээнд бараг тулж ирээд хоолойгоо засан чимээ гаргав. Өвчтөн ямар ч хариу дугарсангүй бүр хөдөлсөн ч үгүй. Уянга дахин хоёр алхам ойртоод өвчтөний хэвтэрт тулж ирлээ. Өмхий үнэр дэндүү хурцаар үнэртэхэд Уянга “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн дотроо шивнээд хучаатай дээлийн ирмэгээс барин доош нь сөхлөө. Халзан толгойтой, ямар ч амьгүй цэлдэн хөх төрхтэй, нүд нь аниатай арван хэдэн насны хүү Уянгын нүдэнд өртөх нь тэр. Өмхий үнэрт шавсан өтний ялаанууд дүнгэнэн нисэж Уянга энэ үнэрт тэсгэл алдран хоёр ч удаа хий огиулав.
Тэрээр энэ хүү аль эрт үхсэн байхыг мэдээд орь дуу тавин хойшоо огло үсрэн холдлоо.Тэгээд булан руу шигдэж чичирхийлсэн хоолойгоор Соном ах аа хэмээн хэдэнтээ дуудсан боловч хоолой нь олигтой гарсангүй. Дараа нь Уянга гарах хаалга хаана байгааг төсөөлөх гэж оролдоод энэхүү гэрэл муутай, бүгчим өрөөнд аль эрт зүг чигээ алдчихсанаа ухаарлаа. Уянга нүхэн өрөөний буланд өвдөгөө тэврэн уйлан сууж байснаа “Хүн байна уу,намаг эндээс гаргаачээ” хэмээн хоолойныхоо чадлаар хашхирав. Энэ удаад Уянга үнэхээр хангалттай сайн орилж чадсан учраас удалгүй өөр дээр нь жолооч Соном ах, эсвэл өнөөх өөрийг нь ийш түлхэж орхисон хэлгүй авгай ирнэ гэж тооцов. Уянга дахиад л хашхирлаа. Энэ мэтээр хэд хэдэн удаа хоолойныхоо чадлаар хашхирсан боловч хүсэн хүлээсэн үр дүндээ хүрсэнгүй. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Уянга жаахан тайвширч, эргэн тойрондоо болж буй үйл явдлыг эрэгцүүлэхтэй болж ирлээ.
Уянга өөрийгөө ийшээ орж ирснээс хойш хагас цаг магадгүй түүнээс ч илүү хугацаа өнгөрсөн хэмээн багцаалдаж байлаа.Тийм болохоор Соном ах өөрийг нь ингэж удаад байгааг шалгахаар заавал орж ирэх болно. Тэр үед нь би өөрийгөө энд байгаагаа мэдэгдэж хашхирах ёстой хэмээн бодлоо.Ингээд Уянга чих тавин чимээ чагнаж эхлэв.Одоо л Соном ах ороод ирнэ дээ хэмээн бодох боловч тэгэх бүрдээ урам хугарч байлаа. Эцэстээ Уянга дахиад л тэсгэл алдран “ Хүн байна уу, Соном ах аа ” хэмээн хашгирч гарав. Гэвч байдал огтхон ч дээрдэхгүй байсаар нэг л мэдэхэд энэ янзаараа дахин хагас цаг орчим хугацаа өнгөрчээ.
Бие муудсан хүн дээр л дуудлагаар ирж байснаас биш үхээд бүр нэлээд хэд хоночихсон цогцсон дээр нэг ч удаа ирж байгаагүй болохоор тэрээр аргагүй барьц алджээ.Бас тэгээд дээрээс нь урд өмнө нь зүглэж үзээгүй хачин газар өмхий үнэр ханхалсан нүхэн өрөөнд хоригдчихоод байгаа болохоор залуу бүсгүйн хувьд тэсвэрлэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл аж.


URL:

Сэтгэгдэл бичих