Урамшуулаад ч урагш ахидаггүй гурил
Сошиалаар нэг бууз хийхэд аятайхан гурил сурагласан хүмүүс. Сонгосон гурил нь ус даахгүй, жигнэсэн буузных нь бөөр цоорсон, чимхэхээр наалддаггүй тухай иргэд халаглан ярина.
Хэрэглэж дадсан орос гурилаа үгүйлж байгаа иргэн олон байна. Төрөөс стратегийн хүнсний бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулж ирсэн.
Импортын гурилыг хориглож, тариаланчид гурил үйлдвэрлэгчдийг жил бүр урамшуулдаг. Хориглосон, хорьсон бүхэн хууль бусыг дагуулдгийн үлгэрээр хилээр хулгайгаар гурил оруулж ирдэг бүлэглэл ч бий болжээ.
Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс гаргасан 2017 оны гадаад худалдааны мэдээлэлд дурдсанаар 2016 онд 30,014.3 тонн гурил импортолсон. Харин 2017 онд гурил импортлоогүй дүн мэдээ байна. Гэтэл зарим хүнсний захуудад солонгос, орос, америк гурил сэм зардаг. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Манай захад солонгос, орос гурил бага хэмжээгээр нийлүүлдэг хүмүүс бий. Монголд үйлдвэрлэсэн гурилын чанар тааруу учраас импортын гурил ирсэн даруйдаа дуусдаг” хэмээн ярьсан юм. Энэ бол хилээр хууль бусаар гурил импортолдог гэсэн үг.
Уг нь үйлдвэрлэгчид ОХУ-аас улаан буудай худалдаж авснаараа гурил үйлдвэрлэдэг. Гаалийн татвараа тэглүүлж, урамшуулал авдаг ч үйлдвэрлэгчид олон жил нөөцөд хадгалсан чанар муутай буудайг хямд авдаг гэх яриа бий. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага.
Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Улс тариаланчдаас улаанбуудайг нь өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаж авна. ОХУ-аас улаанбуудай хямд авах болохоор гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл дотоодын улаан буудай чанарын шаардлага хангадаггүйн зовлонг гурилан бүтээгдэхүүн хийдэг байгууллагууд ярьдаг. Цавуулаг багатай, зэрэглэл доогуур буудайгаар хийсэн гурил хэрэглэгчдийн шүүмжлээд байдаг ус даадаггүй, гашуун болдог аж.
Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 06-ны хуралдаанаар дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон.
Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн онд ч энэ төрлийн урамшуулалд 14.9 тэрбум төгрөг олгосон. Гэтэл гурилын чанар сайжирсангүй. Тиймээс хэрэглэгчид хууль бусаар хилээр оруулж ирсэн импортын гурилыг сураглаж, хайж, өндөр үнээр авч хэрэглэж байгаа юм.
Гэтэл хууль бусаар оруулж ирж байгаа гурил эрүүл ахуйн шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй. Асуудал гарвал хариуцах эзэнгүй.
Байдал ийм байгаа учраас бодлогын яам сайн чанарын гурил импортлох зөвшөөрөл олгох, эсвэл хилийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
Эх сурвалж:
С.Баяртогтох, “Өдрийн сонин”
URL: