Х.Баттулга, М.Энхболд хоёрын уулзалт буюу Монголын улс төрийн цоо шинэ хоршил
Өдгөө Монголын улс төр нэн ойлгомжгүй байдалтай байна.
Юу гэвэл, маш хурцадмал байсан нам дамжсан бүлэглэлүүдийн улс төр, бас МАН доторх фракцуудын зөрчил түр намжсан байдалтай харагдаад байгаа. Гэтэл цаанаа бол эдгээр “хүчин”-үүдийн хөдөлгөөн нам зогсчихсон юм огт биш.
Харин ийм мэдээлэл түгэхээ болиод байгаа юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа олон нийт өчнөөн сар, жилээр үргэлжилсэн элдвийн зөрчил тэмцлийг сонирхож хүлээж авахаа больсонтой холбоотой. Нэг үгээр, ард түмэн төрийн тогтворгүй байдлаас залхчихсан юм. Тиймээс хэвлэлүүд иймэрхүү мэдээллийг тойроод байдаг болсон гэхэд болно.
Зөрчил, тэмцэл олны нүднээс далд үргэлжилсээр байгаа хэрэг.
Хамгийн сүүлийн халуухан мэдээлэл гэвэл ойрноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд нар тун чиг ойртон шадарлах болжээ. Хэдэн сарын өмнө муу бүхнээ уудлалцаж, 2017 оны Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж явсан мань хоёр 2018 он гарснаас хойш сүрхий нөхөрлөх болсон байгаа юм.
Х.Баттулга, М.Энхболд хоёр 2018 оны нэгдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгчийн албан өрөөнд уулзжээ. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиосон өдөр нь гэсэн үг. Уулзалт нь долоон цаг орчим үргэлжилсэн байна. Тэр хоёр уулзалт эрчүүдийн ёсоор ганц нэг зуу татсан шиг “сэтгэлээ уудлалцсан” бололтой юм.
Хэдийгээр уулзалт хоёр хүний дунд болсон, яг юу ярьсан нь нууц байж болох ч үр дүн нь тов тодорхой юм. Товчхондоо, энэ уулзалтын эцэст Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр нийлж, Ерөнхий сайд ганцаардаж хоцорч байгаа юм.
Ингэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын “наслах” хугацаа наашлахыг үгүйсгэхгүй. Шуудхан тэгээд ойлгочихсон ч болно л доо.
Ер нь бол Х.Баттулга, М.Энхболд хоёр уулзаж, өвөр түрийдээ орно гэдэг барагтай л бол байж болмооргүй явдал байгаа юм.
Энэ хоёр эрхмийн хувьд МАН, АН-ын хамгийн нөлөө бүхий улстөрчид. Хоёулаа намын даргын дараа орох хэмжээний эрэмбэтэй. Ингээд харахаар хэдийгээр маш том улстөрчид ч эрх мэдэл нь 100 хувь бүрэн бус хүмүүс.
Мөн хоёулаа Монголын нэг, хоёрдугаар албан тушаалыг хашиж байна. Эдгээр нь тэдний ижил төстэй нөхцөл нь юм.
Гэхдээ Х.Баттулга, М.Энхболд хоёр хашиж буй албан тушаалынхаа гадаад имижийн хүрээнд л харилцан “инээлцэх” боломжтой. Бусад цаг үед хоёр тийш харах хэмжээний үзэл бодлын зөрүүтэй улсөрчид юм.
Гэтэл тэд энэ бүхнээ даваад нөхөрлөжээ. Тэгэхлээр хэн хэнд нь ингэх маш том шалтгаан байна гэсэн үг. Тэр нь юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тэдний нэгдэх хамгийн эхний сонирхол нь мэдээж Засгийн газар байж таарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн үг л дээ.
У.Хүрэлсүх бол М.Энхболдоос МАН-ын даргын албан тушаалыг “булааж” авсан. Энэ бол М.Энхболд У.Хүрэлсүхийн нөгөө талд байх хамгийн том шалтгаан. Харин Х.Баттулгын хувьд Засгийн газраас хэд хэдэн том шийдлийг хүлээж байгаа тухай хэвлэлүүд бичиж байсан. Төмөр замын төсөл, Майдар хот гээд үргэлжилнэ. Эдгээрийн аль нэгтэй холбоотой шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 120 хоног ажиллахдаа гаргаагүй л байна. Тэгэхээр Х.Баттулга У.Хүрэлсүхийн хэрхэхийг хүлээж суухаас залхсан байж болох юм.
Нөгөөтэйгүүр “Эрдэнэтийн 49 хувь” гээч энэ хоёр эрхмийг холбож байна гэх үнэн худал нь нотлогдоогүй мэдээлэл бас бий.
Түүнчлэн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн байр суурь, үйл хөдөлгөөн, ярьдаг хэлдэг зүйл нь дээрх хоёр эрхмийн эрх ашгийг хөндөөд байж магадгүй гэх яриа байна.
Ингэхээр Х.Баттулга, М.Энхболд хоёрын “нөхөрлөл” хамгийн түрүүнд У.Хүрэлсүхийг унагахад зорьж байж болох юм.
Гэхдээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас буулгаж, Засгийн газрыг нь унагах хөрс үндэс бол нэгэнт бүрдсэн байгаа гэж болно. У.Хүрэлсүх өөрөө л энэ бүхнийг мэдэрч ажиллаж чадахгүй бол МАН-ынхан 2020 оны сонгуулиа харах юм бол энэ байдлаараа амжилтад хүрэхгүй гэдэгтээ итгэцгээчихээд байгаа.
Ерөнхий сайд, Засгийн газрын “толгой”-г мэддэг УИХ дээр л гэхэд МАН-ын гишүүдийн олонх нь ийм байр суурьтай болсон тухай нэлээд хэдийнээс хэвлэлээр бичигдэх болсон. 32-ын бүлгийн Засгийн газарт орсон гишүүдээс бусад нь ингэж ил цагаан хэлдэг. 33-ын бүлгээс ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болоод “хүнээ байсан” гэж ярьдаг хүмүүс бас дуулдах болсон. Дээрээс нь АН-ынхан Засгийн газрыг онилж яриад удаж байна. Ингээд харахаар У.Хүрэлсүхийг огцруулна гэвэл УИХ-ын гишүүдийн кнопны тоо хангалттай болж байгаа юм.
Гэхдээ У.Хүрэлсүхтийг унагах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж, үр дүн нь маргааш гэхэд гарчихгүй. Харин дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх Хаврын чуулганаар яригдаж эхлэх магадлал өндөр юм.
Нөгөөтэйгүүр Х.Баттулга, М.Энхболд хоёр зөвхөн ийм зүйл яриад уулзаж, ойлголцоогүй нь ойлгомжтой. Улс төрийн цоо шинэ гэж болох энэ хоршил хэрхэн ажиллахыг ирэх өдрүүд харуулна.
URL: