ДОЛООН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН “ЛАНД-100”-Г ОЛОХОД ТУСЛААЧ
Одоогоос хэдэн сарын өмнө нэг гэр бүлийн 7 хүний аминд хүрсэн авто ослын хэрэг гарсан. Тухайн үед “Ланд-100” машин уг хэргийг үйлдсэн нь тодорхой тул эрэн сурвалжилж байна гэсэн зар маягтай мэдээ яваад л байсан гэвч тэгсхээд замхарсан. Харин саяхан олон хүний аминд хүрсэн “Ланд-100”-г олох ажлыг дэмжих сан байгуулах гэж буй тухай мэдээ сонсдов
Уг хэрэг нийслэлээс баруун тийш Эмээлт орчимд болсон. Тэгвэл яагаад тэр өдрийн камерийн бичлэгийг шүүгээд хэрэгтэнг олсонгүй вэ. “Ланд-100” машин “Приус” шиг замаар нэг “цувахгүй” биз дээ. Энэ бол зам тээврийн осол биш гурван хүүхэд,дөрвөн хүний аминд хүрсэн аллага биш үү гэж сангийнхны зүгээс бухимдаж байна. Долоон хүний халуун амийг хөнөөчихөөд гэмгүй царайлан бидний дунд яваа алуурчныг олоход хүн бүр тус дэм үзүүлээч,харсан хүн байвал гэрч болооч гэж тэд хүсэж байна. Тухайн үед хэрэг дээр ажиллаж байсан замын цагдаа, мөрдөн байцаагч нар яагаад дуугаа хураав,арай их мөнгөөр амаа таглуулсан юм биш биз гэсэн хардлага ч хохирогчдыг зовоож байгаа аж. Эзгүй хээр биш яг Эмээлт рүү ордог, гардаг зам дээр уг хэрэг гарсан
Тэр аюулыг харсан,машины дугаарыг зэрвэс ч болов анзаарсан ганц ч болов хүн байхгүй гэж үү. Яагаад бүгд дуугүй байна вэ,долоон хүний амь нас сүйдчихээд байхад дуугүй байна гэдэг юутай харамсалтай вэ. Хотоос гардаг хөл хөдөлгөөнтэй зам дээр ийм аймшиг болчихоод байхад үгээ хэлээч дээ гэж “Ланд-100”-г олох ажлыг дэмжих сангийнхан уриалж байна. Цагдаагийн байгууллагаас Эмээлт орчмын камерийн бичлэгийг хэн устгав гэдгийг яагаад тодруулахгүй байна вэ. Осол гарсны дараа машин тэрэгтэй хүмүүс очиж камерийг үзэж оролдсоныг тэд мэдээгүй гэж үү. Бүх нийтээрээ алуурчдыг хайж олоход нэгдэж Замын цагдаагийн хулчгар авилгачдыг илрүүлэн “намнах” нэг шаанс энэ бус уу хэмээн сангийнхан шаардаж байна
Эх Сурвалж Ontslokh.mn Н.Дөл
URL: