Сорилт тэмцээнгүй, арын хаалганы тамирчин улсын нэрийг гутааж явна
ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотноо эхэлсэн боулингийн “Дэлхийн цом-2011” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байгаа 1-р зэрэгтэй тоглогч М.Түвшинсанаа эхний 5 шидэлтээ-рээ 185 176 182 181 167 оноо авснаар 178,20 дундаж оноогоор оролцож буй 81 тамирчнаас одоогийн байдлаар 75-р байрт жагсаж байна. Эрэгтэйчүүдээс Австралийн тамирчин Ж.Белмонте 4 дэх шидэлтээрээ боулингийн дээд оноо болох 300 оноог аван 255,60 дундаж оноогоор тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн ангилалд Аргентины М.Перес де ла Лоса 231,40 дундаж оноогоор оролцож байгаа 69 тоглогчоо хошуучилж,шинэ Каледоны тоглогч С.Саба 288 оноогоор өндөр оноог манлайлж явна.
Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл 1965 оноос, эмэгтэйчүүдийнх 1972 оноос гараагаа эхэлсэн бөгөөд нэг улсаас эрэгтэй,эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцох эрхтэй байдаг аж. М.Түвшинсанаа 2009 онд Малайзын Мелака хотод болсон тэмцээнд оролцож мөн л сүүл мушгиж, 87 орны тамирчдаас 174,50 дундаж оноогоор 80-р байрт орж байсан тоглогч.
Ядаж улсынхаа нэр нүүрийг боддоггүй юм аа гэхэд Мобиком, Ньютел зэрэг оролцох бүрт нь алгаа дэлгэн гаргаж өгдөг ивээн тэтгэгчдийнхээ спортын төлөөх харамгүй сэтгэлийг бодмоор, бас ичмээр юм. Харамсалтай нь ямар нэг сонгон шалгаруулалт, сорилт тэмцээнгүйгээр жилд нэг удаа болдог том тэмцээнд дархлагдсан ганц нэг тоглогчийг өөрсдийн үзэмжээр оролцуулдаг байдал 15 жилийн туршид үргэлжилсээр байна. МБХ-ны “дархан” ерөнхийлөгч гэж өөрийгөө өргөмжилдөг Б.Жаргалсайхан нь хэдийгээр энэ спортыг монголд анхлан таниулж, эхний 2 замыг оруулж ирсэн боловч түүний холбоо хуулийн хугацаанд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлдэггүй, холбогдох газруудад тайлангаа гаргаж өгдөггүй, тэр ч бүү хэл боулингийн хамт олондоо ч ажлаа тайлагнаж үзээгүй, ТББ-ыг хувийн компани шиг болгосон нэгэн.
Уул нь хуулиараа олон нийтэд ч тайлан нь нээлттэй байх ёстой л доо. Дээр нь дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаггүй, тив дэлхийн хэмжээний тэмцээнд өөрийн гарын цөөн тоглогчийг оролцуулдаг,тамирчдын нэрээр визний хууль бус ажиллагаа явуулдаг тухай хэдэн жилийн өмнөөс хэвлэлийн шарласан хуудаснаа бичигдэх болсон нь нууц биш. Тэр бусдын байгуулсан боулингийн төвүүдийг өөрөө байгуулсан мэтээр ярьж, бусдын санаачилсан тэмцээн,уралдааныг өөрөө хийсэн мэтээр тоглогчдыг ухуулан сэнхрүүлж, тэргүүлэгч гишүүдийн олонхиороо баталсан дүрмийг өөрт ашигтайгаар дур мэдэн өөрчилдөг, удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж батлаагүй тайлангаа МҮОХ руу хулгайгаар аваачиж өгч, түдгэлзүүлсэн эрхээ нууцаар сэргээлгэдэг хэнэггүй нь дэндсэн хүн, олон жилийн өмнө авсан тамга,тэмдэгтээ дулдуйдан хуулийг гууль болгон спортын хөгжилд чөдөр тушаа болж явна.
Хэрвээ та боулингийн спортын хөгжлийн төлөө санаа зовнидог бол хэрвээ та энэхүү мэдээллийг уншаад санал хүсэлтээ илгээхийг хүсвэл bowling_mgl@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. мэйл хаягт хандаарай. Бидний хэсэг нөхөд өөрсдийн итгэл үнэмшлээр энэ спортод сэтгэл зүрхээ зориулан, 10 сарын хугацаанд 20 тэмцээн зохион байгуулж,эдгээр тэмцээнүүдэд давхардсан тоогоор 1000 орчим тоглогч хамрагдаж, 6-р сард УАШТ-ээ амжилттай зохион байгуулж,монголын гэх тодотголтой холбооны 15 жил хийгээгүй боулингийн тоглогчдод цол олгуулах ажлыг гардан зохион байгуулснаар Монгол Улсын спортын цол олгох зөвлөлийн хурлаас боулингийн спортын анхны 6 дэд мастер төрөн гарсан, тоглогчдын зэргийн асуудлыг ч жил хагасын өмнөөс, мөн л бид санаачлан хэрэгжүүлсэн. Хамгийн ичмээр нь тэрээр, өмнөх зохиогдсон УАШТ-ийг шууд үгүйсгэн,монголын спортын түүхэнд нэг холбоо,нэг жилд хоёр УАШТ зохион байгуулдаг буруу жишиг тогтоолоо.
Жилийн туршид гуравхан тэмцээнийг албан ёсны шүүгчгүйгээр,олон улсын холбооны бус дүрмээр, арай ядан явуулдаг,тамирчдад улсаас олгосон цолыг хүчингүй болгуулна гэж увайгүй хэлж чаддаг ийм хүнээр боулингийн хамт олон хэдий болтол удирдуулсан нэртэй нүдэн балай суух ёстой гэж? Айгаагүй бол дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаа зарлаад,сайн муугаа бултаараа хэлэлцье. Олимпийн хорооныхон ч гэсэн алийн болгон наад хүнийхээ толгойг илэх юм бэ. Юманд эхлэл,төгсгөл гэж байдагсан.Бид чинь иргэншсэн нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Боулингийн спортоор амжилт гаргах олон зуун залуус хаалганы цаана дарааллаа хүлээн зогсож байгаа гэдэгт бид,бат итгэж байна. Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч,
Олон улсын спортын сэтгүүлч Н.Тамир
URL: