Хүүхдээр дэнчин тавьсан хүйтний уралдаан
Цаг үеийн шалгуурыг давж бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, тухайн ард түмний оршин тогтнох үндэс болсон түүх, соёл, угсаатан, шинжлэх ухаан, урлагийн ач холбогдолтой биет болон биет бус үнэт зүйлийг соёлын өв гэж тодорхойлдог. Манай улс соёлын өвөөр элбэг баян. Дэлхийд гайхагдаж, ЮНЕСКО-д бүртгүүлсэн төрлүүд нэмэгдсээр байгаа нь улам сайшаалтай.
Харамсалтай нь бидний бахархаж гайхуулдаг соёл уламжлал дотор хүүхдээ “тамладаг” нэгэн төрөл байна. Хөл гар нь шөрмөслөж амжаагүй туниагүй бяцхан жаалуудыг хахир өвлийн жавар арилаагүй хасах хэмийн хүйтэнд ямар ч хамгаалалтгүй хагас цагийн турш салхи сөрөн давхиулна. Тарилга, сойлгодоо бярдаж зэрлэгшсэн морьдоор гишгүүлнэ. Энэ бол эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан. Бүр тодруулбал, хаврын бүсийн уралдаан.
Одоогоос яг нэг жилийн өмнө. Уралдаан зохион байгуулахыг шүүхээс хорьчихоод байхад, хүний эрхийн байгууллагууд шаардлага хүргүүлсээр байтал төрт ёсны дээд байгууллага Засгийн газар нь үл ойшоож хаврын бүсийн уралдаан зохиох 63 дугаар тогтоол баталснаас болж Ховд аймагт 11 настай хүү мориноос унаж толгойндоо хүнд гэмтэл аван 16 хоногийн турш тарчилсаар хорвоог орхисон юм. Балчирхан биед оноосон хамгийн хүнд ял энэ биш үү.
Засгийн газрын “зөвшөөрөлтэй” уралдаан бүрээс унаач хүүхэд унаж бэртлээ, амиа алдлаа…гэх харамсалтай мэдээ сонсогдоно. Чихэнд дасал болгож, хойш суух асуудал энэ яавч биш. Ялангуяа хаврын бүсийн уралдаан зохион байгуулах Засгийн шийдвэр гарах дөхсөн энэ цаг дор хөндөх ёстой асуудал мөнөөсөө мөн. Судалгаа харахад 2013 онд 8148 хүүхэд уралдаанд оролцсоноос 958 нь мориноос унаж хүнд хөнгөн бэртэн, зургаан хүүхэд амиа алджээ. 2014 онд 7477 хүүхэд морь унаж уралдсанаас 621 хүүхэд хөнгөн, хүнд гэмтсэн байна. Уралдааны үеэр хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих өвчлөл түгээмэл байдаг. Хүүхдийн бие физиологит шууд бусаар үүсэх өвчлөлүүд ч олон юм байна. Тодруулбал, хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсдэг, цаашлаад төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч тайлбарлаж байна. Түүнчлэн Уунаач хүүхдийн эрхийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханы бичсэн нийтлэл, судалгаанд “1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд 2 хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд бусад оны мэдээлэл олдохгүй байна. Олдсон энэ мэдээллээс харахад доод тал нь 25 унаач хүүхэд амь насаа алдаад байгаа бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг байна” гэжээ. Нэг жилд гэхэд уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн гэсэн оноштой 300 хүүхэд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татдаг гэсэн тоо баримтыг НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангаас мэдээлж байна.
Бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, эдийн засгийн мөлжлөг хэмээн үзэж Хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд Засгийн газарт жил бүр сануулж шаардлага, мэдэгдлийг хүргүүлсээр ирэв. Тэд морин уралдаанд зүгээр ч нэг хаалт, боолт хийсэнгүй. Хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд уралдаан зохиохоо больчих. Энэ хугацаанд болсон уралдаан хүүхдийн эрхийг олон талаар зөрчиж байна гэж баримт тайлбар, хууль дүрэмтэйгээ ярьсаар байгаа. Хаврын цагт хальтиргаа гулгаа ихтэй хүнд нөхцөлд морь унах нь хүүхэд эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах эрхээс гадна сурч боловсрох үндсэн эрх нь ноцтой зөрчигдөж байгаа юм. Нэг үгээр хичээлийн жилийн оргил үеэр хаврын бүсийн уралдаан болдог нь хүүхэд сургуулиас завсардах нэг шалтгаан болдог аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил гээд тодорхойлоод өгчихсөн байна.
Гэвч Монголын төр дур мэдэн хүүхдийнхээ амиа тоглосоор байгаа эл явдлыг НҮБ удаа дараа буруушааж зөвлөмж ирүүлж, бүр эцэст нь хориг тавихад хүрчээ. Харин манай Засгийн газар хүүхдүүдээс илүү морин спортдоо тун “хайртай” юм. Хүний эрхийг хамгаалагч байгууллагуудаа үл ойшоон, шүүхийнхээ шийдвэр дээр дэвсэлнэ. Гагцхүү НҮБ-ын зөвлөмж тулдаа хөдөлсөн нь 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон явдал. Гэвч энэ шийдвэр чамлалттай. Ухаж ойлговол 12-оос дээш насны хүүхэд морь унахыг зөвшөөрсөн гэсэн үг. Харамсалтай нь энэ бас л хүүхдийн эрхэд харш шийдвэр болохыг хүний эрхийн байгууллагууд онцолж байна. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ “НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг Монгол Улс бүрэн утгаар нь хэрэгжүүлье гэвэл насанд хүрээгүй хүнээр морь унаж уралдуулахыг хориглох юм. Хүүхдийн морь унах насанд 12 гэж хязгаар тогтоож байгаа нь нэгэн төрлийн ялгаварлан гадуурхалт. Хүүхэд гэж 18-аас доош насны хүнийг хэлж байгаа. Ерөөсөө 18-аас доош ямар ч насны хүн морь унаж уралдаж болохгүй гэдэг ерөнхий шаардлагыг Хүүхдийн эрхийн тухай конвенци манай улсад тавьж байгаа. Хэдийгээр шууд унуулж болохгүй гээд заачихаагүй боловч НҮБ-аас тавьдаг дээд ашиг сонирхлын зарчим байдаг. Хүний дээд ашиг сонирхлыг аливаа төрийн байгууллага шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд харгалзаж үзэх ёстой гэж үздэг” хэмээн тайлбарлаж байна.
Энд нэгэн сонирхолтой баримтыг иш татъя. Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгээр ахлуулсан “Эрх зүйн судалгааны төв” ТББ-аас хаврын морин уралдаан монгол түмний уламжлалт спорт, ёс заншил мөн эсэх талаар хийсэн судалгааны эмхтгэлд Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа 1803-1920 оны хооронд зохиогдсон наадмын баримтын цуглуулгын 381 дансыг шүүж үзэхэд тухайн оны 5-8 дугаар сард монгол түмэн даншиг наадмаа хийдэг байжээ. Мөн хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууныхан ч дээрх хугацаанд даншиг наадмаа хийдэг байсныг тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд монгол түмэн зуны гурван сардаа л даншиг наадмаа хийж баясан цэнгэдэг байж. Харин энэхүү олныг хамарсан хаврын бүсийн наадмууд 1990-ээд оноос эхэлж, 2005 онд Засгийн газрын шийдвэрээр зохиодог болсон юм.
Олныг хамарсан уралдаан морин спортыг хөгжүүлэхэд түлхэц болсон хэдий ч даншиг наадам, бүсийн уралдаан бүрт цэвэр монгол морьдын асуудал хөндөгдөх болсон. Морин уралдаан монгол уламжлал, өв соёл яахын аргагүй мөн. Гэвч морин төвөргөөн, гийнгоон дуугаараа баясч омогшдог үе бүдгэрч гадаадын эрлийз хурлийз морьд хольж хутган уралдуулж, тэднийг гүйцэх гэсэндээ монгол адуундаа эм тариа шахаж эрдүүлж бярдуулах гэсэн уяачид олширсоор бидний уламжлалт өв соёл алдагдахад хүрээд байна. Үүний золиос нь унаач хүүхдүүд юм. Шууд хэлэхэд хүүхдээ “тамладаг” өв соёл гэж хэзээ ч байж болохгүй.
Хүний амьд явах эрх гэдэг юунаас ч эрхэм. Ямар ч шийдвэр гаргахдаа хүний энэ эрх ашгийг харгалзах нь зүйтэй хэмээн НҮБ дэлхий дахинаа тунхаглачихаад байна. Тиймээс үүнийг харгалзвал хүүхдээр морь унуулахыг бүрмөсөн хориглох шийдвэрийг манай Засгийн газар гаргахад хүрээд байна.
Хүүхэд морь унахыг хориглосноор морин уралдаан зогсчихно, монгол уламжлал устана гэсэн үг биш. Уяачдад дуртай морьдоо уяж уралдуулах, морин спортыг хөгжүүлэх өөр гарц бий.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ЭНХЗАЯА
URL: