Раул Делгадо Консепсион: Кубын биотехнологийн бэлдмэлүүдийг оруулж ирнэ

 

 IMG_2332

С.УЯНГА

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионтой ярилцлаа.

 

–Манай хоёр орон өнө эртний харилцаатай. Харин өнөөгийн дипломат болоод улс төрийн харилцаа хэрхэн өргөжиж байна вэ?

– Куба улс Монголын ард түмний эртний анд нөхөр, үнэнч хамтарч. Тэр утгаараа монголчууд Кубын онцлог, зан заншлыг тодорхой хэмжээнд мэддэг учраас надад ч танай улсад ажиллаж, амьдрахад таатай байдаг.  Монгол, Куба хоёр улс 57 жилийн урт удаан өнө эртний харилцаатай. Анх 1960 оны арванхоёрдугаар сарын 7-нд харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл найрсагаар өргөжиж ирсэн байдаг.

57 жил гэдэг түүхэн, дээр нь эв нэгдлийг агуулсан урт удаан цаг хугацаа юм. Миний хувьд энэ түүхэн харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүсч, бүхий л салбарт хүргэхийн төлөө хичээж ажиллаж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа зөвхөн түүхэн  дээр үндэслэхээс илүү биднийг нэгтгэх цөөнгүй шинж чанар бий. Монгол, Куба хоёр үндэстэн олон зүйлээр хоорондоо адил төстэй. Тухайлбал, хоёулаа цөөхөн хүн ам, өргөн уудам газар нутагтай.  Дэлхийн том гүрнүүдээр хүрээлэгдсэн. Эдгээр ижил төстэй талууд нь хоёр орны харилцааны гол хүчин зүйл юм.

Улс төрийн харилцааны хувьд манай хоёр орон өндөр дээд хэмжээний айлчлалуудыг хийж ирсэн. Хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан айлчилж байсан. Одоогийн Кубын Ерөнхийлөгч Раул Кастро 1973 онд Монгол Улсад айлчилсан. Хамгийн сүүлд гэхэд 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Кубад айлчиллаа. Хоёр орны эдийн засгийн харилцаа нэлээдгүй хөгжиж ирсэн ч сүүлийн жилүүдэд бага зэрэг буурч байна. Гэсэн ч эдийн засгийн харилцааг сэргээж улам өргөжүүлэхэд анхаарч байна. Социализмын үед хэрэгжиж байсан эдийн засаг болон худалдааны харилцааг  сэргээхэд шаргуу ажиллах болно.  Улс төрийн хувьд олон улсад ижил төстэй байр суурьтай байдаг. Хоёр орны олон жилийн урт удаан харилцаа дан ганц улс төр гэлтгүй бүхий л салбарт үр өгөөжөө өгч, найрсагаар өргөжиж байна.

–Монгол орон танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ. Түүнчлэн хоёр орны харилцааг аль салбарт түлхүү хөгжүүлэхийг зорьж байна вэ?

-Монгол хүмүүсийг маш их үнэлдэг. Монголчууд их энгийн мөртлөө ажилсаг ард түмэн.Ялангуяа, Монгол Улс олон зуун жилийн агуу түүх, соёлын өвтэй. Үүнийгээ дагаад эрдэм мэдлэгтэй, өөрсдийн гэсэн өвөрмөц зан заншил, соёлын өвтэй ард түмэн. Монголчууд ямар  ч үндэстнийг найрсагаар хүлээж авдаг учраас ажиллаж, амьдрахад таатай байдаг.

Нөгөө талаас хоёр орны харилцааг олон чиглэлд хөгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Мөн аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Хоёр орны харилцаа ямар чиглэлд илүү хөгжихийг судалж тэр тал руу нь түлхүү хөгжүүлнэ. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт Куба улс өндөр технологиор олон жилийн судалгаа туршилтаар гаргаж авсан эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн спортын салбарт өргөнөөр харилцаж тамирчдын туршлага солилцох, харилцан бэлтгэл хийх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн боловсролын салбарт Монголын оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулж чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна. Соёл урлагийн салбарт ч гэсэн чамлахааргүй харилцаатай. Хоёр орны онцлогийг  урлагийн салбараар дамжуулж хоёр талын ард түмэнд таниулах ажлыг хийж байна. Ер нь олон салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж Монгол Улсын төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Аялал жуулчлалын салбарт ч гэсэн хамтрах бүрэн боломжтой.

–Эрүүл мэндийн салбарт гэхэд эм био бэлдмэл, эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэхэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

-Эрүүл мэндийн яам болон харьяа газруудтай нь хамтарч Монгол Улсын хүн амын дунд өндөр тархалттай байгаа чихрийн шижин, элэгний вирус зэрэг зарим нэг өвчний эсрэг эм бэлдмэл буюу Кубын биотехнологийн аргаар гаргаж авсан өндөр үр дүнтэй эмийг оруулж ирэх ажлыг хийж байна. Энэ төслийг ажил хэрэг болгохоор өнгөрсөн жилээс хойш Кубын талаас тодорхой хэмжээний айлчлалуудыг хийлээ. Манай улсын биотехнологийн төвийн эрдэмтэд ирж бүтээгдэхүүнийг оруулж ирэх эхний уулзалтыг хийгээд явсан. Энэ хүрээнд зарим нэг бүтээгдэхүүнийг Монгол Улсад бүртгүүлж, дараагийн алхмууд хийгдэж байна. Аль болох хурдан хугацаанд өндөр тархалттай байгаа өвчний эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар хичээж байна. Энэ ажил тун удахгүй ажил хэрэг болно гэж итгэж байгаа.

–Анагаахын салбарт боловсон хүчин бэлтгэх болон хоёр улсын эрүүл мэндийн салбарт туршлага судлах талаар шинэ шатны яриа хэлэлцээ хийж байна уу?

-Куба улс  1980-аад оноос Монгол Улсад боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл манай улсад 100 гаруй оюутан залуус суралцаж мэдлэгээ дээшлүүлсэн байна. Олон мэргэжлээр бэлтгэсний дотор анагаах, инженерийн салбарт цөөнгүй оюутан суралцсан байдаг.

Чадварлаг боловсон хүчин бэлтгэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 150-аад орноос оюутан залуус ирж суралцдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад 19 мянган оюутан  төлбөргүйгээр суралцаж байна. Эдний дунд Монголын 23 оюутан бий. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Кубын Засгийн газар их хичээл зүтгэл гаргадаг. Аль нэг улсаас хэчнээн оюутныг тэтгэлгээр суралцуулах нь манай улсын тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Куб улс бол Карибын тэнгисийн дунд оршдог 11 сая хүн амтай жижигхэн арал. Мөн дэлхийн том гүрэн АНУ-ын эдийн засаг худалдааны хоригтой. Тиймээс  улсынхаа эдийн засгийн нөөц бололцооноос шалтгаалж тэтгэлгийн тоо хэмжээг тогтоодог. Хэдийгээр эдийн засгийн тодорхой хэмжээний хаалт, хориг арга хэмжээтэй ч гэсэн улс орнуудтай олон жилийн найрсаг харилцаагаа бодож аль болох хөтөлбөрөө зогсоохгүйн тулд ажиллаж өдгөө 59 жил болсон байна. Монгол Улсын хувьд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр жил бүр 3-4 тэтгэлэг олгодог. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Кубад айлчлахдаа харилцан оюутан солилцохоор ярилцаж эхний ээлжинд хоёр оюутныг Монголд суралцуулахаар болсон. Энэ ажлын эхний шатны яриа хэлэлцээ хийгдэж байна.

–Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монголын талаас хууль эрхзүйн болон төрийн байгууллагуудтай холбоотой хүндрэл бэрхшээл гардаг уу?

-Аль ч улс оронд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тухайн улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлдөг. Аль боломжтой чиглэлээр хамтран ажиллахыг эрмэлздэг. Монголын талаас ямар нэг байдлаар бэрхшээлтэй, хэцүү зүйл байгаагүй. Харин ч Куба улстай харилцаагаа хөгжүүлэх сонирхол идэвхи зүтгэлийг алхам тутамдаа олж хардаг. Мэдээж яриа хэлэлцээгээ бодит ажил хэрэг болгоход цаг хугацаа шаардагддаг. Хоёр талд нэгдсэн хүсэл сонирхол байсан ч нөөц бололцоо эдийн засгийн боломжоосоо шалтгаалдаг учраас зарим үед удаашрах талтай. Монголын төрийн байгууллагууд хамтарч ажиллах саналыг маань найрсагаар хүлээж авдаг. Гэхдээ бодит ажил хэрэг болох нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

–Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарч байна. Таны хувьд манай улсын үзэсгэлэнт газруудаар хэр их аялдаг вэ. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юунд илүү анхаарах хэрэгтэй бол?

-Монгол Улс үзэсгэлэнт онгон дагшин байгаль,  өргөн уудам газар нутагтай. Үүндээ тулгуурлаад Азийн бусад улс орон шиг аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Аялал жуулчлал дээд хэмжээнд хөгжихийн шалтгаан нь Монголд дэлхийн олон оронд байдаг байгалийн үзэсгэлэн цогцолсон байдаг. Мөн олон зуун жилийн агуу түүхтэй, өвөрмөц зан заншилтай, нүүдэлчин ард түмэн гэдгээрээ бусад орны сонирхлыг татах маш том давуу талтай. Монголын ард түмэн найрсаг, зочломтгой зантай. Энэ бүгд аялал жуулчлалыг өргөн хэмжээнд хөгжүүлэхэд хангалттай. Монголчууд үнэхээр өвөрмөц түүхтэй ард түмэн. Тиймээс олон жилийн өвөрмөц түүх заншлаараа аялал жуулчлалын загварыг гаргаж болно. Өөрөөр хэлбэл, бусдаас хуулбарлах шаардлагагүйгээр дэлхийн анхаарал, сонирхлыг татаж болно.

Миний хувьд Улаанбаатарын ойролцоох аймгуудаар аяласан. Байгалийн үзэсгэлэн нь яг л ил захидал дээрх зураг шиг санагдсан. Амьд байгаль гэхэд үлгэрийн юм шиг үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн.

–Мэдээж олон төсөл хөтөлбөр хэрэгжих байх. Та Элчин сайд байх хугацаандаа хоёр улсын харилцааг ямар төвшинд хүргэхийг зорьж байна вэ?

-Дээр дурьдсанчлан боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүд ажил хэрэг болоод нүдэнд харагдахуйц бодит үр дүнг нь харахыг хүсч байна. Элчин сайдын ажлаа өгөөд явахдаа энэ бүх ажлынхаа үр дүнг үзэж сэтгэл хангалуун буцахын төлөө шаргуу ажиллах болно.

Мөн хоёр улсын харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд гаргахаар төлөвлөж байна. Монголын сэтгүүлчид Кубын талаарх мэдээллийг сурвалжилж олон түмэнд хүргээсэй гэж боддог. Үүний тулд хоёр улсын хэвлэлийн мэдээллийн байгууллагуудыг холбож өгч бодит мэдээллийг шуурхай дамжуулах талаар бүх талаар дэмжиж ажиллана. Хоёр жилийн дараа, түүнээс ч өмнө эхлүүлсэн ажлууд маань бодит болсон хэмээн танай сонинд дахин ярилцлага өгөхийг хүсч байна.

–Монголын уламжлал соёл заншлаас аль төрлийг нь сонирхон судалдаг вэ?

-Монголын нүүдэлчин ард түмний олон жилийн түүх миний сонирхлыг маш их татдаг. Монголчууд дэлхийг байлдан дагуулж байсан гайхамшигтай ард түмэн. Тиймээс Монголын түүх, соёлын талаар унших дуртай. Монголын талаар өдөр бүр л суралцаж байна.

–Монголын үндэсний баяр Цагаан сар тохиож байна. Таны хувьд сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Цагаан сар бол миний ажиллаж амьдарч буй Монголын ард түмний үндэсний баяр учраас мэдээж ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг. Сонирхол татахуйц, түүх ёс заншлын шигтгээ болсон баяр. Миний хувьд энэ жил Монголд тэмдэглэж буй хоёр дахь Цагаан сар. Сар шинээр монгол айлуудаар зочилсон нь надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих