Танилц: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтын талаар мэдээллийг хүргэж байна. тус хуулийн төсөл нь 13 бүлэг 124 зүйлтэй байхаар боловсруулжээ.
1. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ хол алслагдмал ажиллаж байгаа залуучуудын ажил, амралтын горимыг шинэ хуульд тусгажээ.
2. Шөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгасан.
3. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, цагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан байна. Тиймээс энэ хуулиар цалин хөлсийг бүрэн бус цагаар ажилласан бол бүрэн цагаар ажиллах ажлын хөлснөөс багагүй байхаар тусгасан байна.
4. Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлуудыг шүүхийн шатанд очихоос өмнө шийддэг, эвлэрүүлэн зуучилдаг байх, үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөн шийддэг байх талаар зохицуулалт оруулсан.
5. Хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан.
6. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, хууль тогтоомжид заасан стандарт зохицуулалтыг дээшлүүлэх, бусад хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуйн нэгж, байгууллага дотроо буюу ажил олгогч ажилтан, түүний төлөөлөгчид харилцан зөвшилцөхөөр зохицуулсан.
7. Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг нарийвчлан тусгалаа.
9. Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ.
10. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан.
11. Цалин хөлсний зохицуулалтын хувьд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
URL: