Ш.Батхүүгийн хэргийг АТГ-аас шалгаж байна

5a8a26c299d812.89904817“Жаст” группын эзэн Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж, зээл авснаас тус үйлдвэр өнөөдөр тэр өрийг нь төлөхөөс аргагүй нөхцөл байдал үүсээд буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Баясгалантай ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадныханд алдаж болзошгүй нөхцөл үүслээ, “Эрдэнэт” үйлдвэр хаагдана гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Засгийн газраас энэ хэрэг дээр ажлын хэсэг байгуулсныг та ахалж байгаа. Хэргийн үйл явц ямар шатандаа явж байна вэ?

-Эхлээд би нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай ямар ч холбоогүй асуудал. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нартай огт холбоогүй хэрэг. “Эрдэнэт” үйлдвэр гэх Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралтай тус  үйлдвэрт холбогдуулж  Английн Арбитрын шүүхээс шийдвэр гарсан. Сүүлийн үед Арбитраас гарсан шийдвэр зөвхөн 51 хувьтай холбоотой юм шиг ойлголт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Буруу.

Түүнээс гадна Ерөнхий сайдын тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Засгийн газартай холбоотой, бүр 100 хувь ч хамаатай байж болох учраас ажлын хэсэг байгуулагдаж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Үйл явц хэрхэн өрнөж байгааг Засгийн газарт мэдээлэх үүрэгтэй. Тэр үүргийн дагуу өмнө нь мэдээлэл өгсөн байгаа. Мөн зарим нэг асуудал үүсч, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэр бол өөрийн хөрөнгөтэй, бие даасан хуулийн этгээд.  Арбитрын маргааны нэг тал нь үйлдвэр бүхэлдээ орж байгаа. Компанийн хуулиар аваад үзэхэд хувь нийлүүлэгч тухайн компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй. Компани нь хувь нийлүүлэгчдийн өмнөөс хуулийн хариуцлага хүлээхгүй гэх зарчим үйлчилдэг. Энэ зарчмаар ч гэсэн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч, компани гэдэг гурван өөр ойлголтыг салгаж ойлгох нь чухал юм.

-Арбитрын шийдвэр эцэслэн гарсан. Үйлдвэрийг битүүмжлэх асуудал ч яригдаад байгаа гэсэн?

-Арбитрын шийдвэр эцэслэн гарсан. Гэхдээ давж заалдах боломж байгаа ч төлөх ёстой мөнгөнийхөө тодорхой хэмжээний барьцаа тавих шаардлагатай  гэдэг зүйлийг хэлж байсан. 51 сая ам.доллар учраас ийм их хэмжээний мөнгө  барьцаанд тавих боломжгүй. Тиймээс давж заалдах эрх авч чадаагүй. Английн шүүхээр явж байгаа процессын зарим нэг зүйл дуусаагүй байгаа ч Арбитрын эцсийн шийдвэр тодорхой нөлөө байхгүй гэж дүгнэж байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх зэрэг тодорхой саналуудыг нэхэмжлэгч тал буюу Стандарт банкнаас тавьж байгаа.  Энэ асуудлыг Английн Арбитрын шүүх дээр хэлэлцэж байгаа. Тиймээс энэ асуудалд Монголын Засгийн газраас тодорхой байр сууриа илэрхийлэх, саналуудыг өгсөн. Давж заалдах эрх үүссэн ч бид барьцаа төлж чадаагүй хаагдсан учраас цаашид цоо шинэ шийдвэр гарна гэж бодохгүй байна. Одоо бол Арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой завсарын шийдвэрийг шүүх гаргадаг. Тэр хүрээнд ажлын хэсэг тодорхой хэмжээгээр оролцоод явж байна.

-Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 51 сая ам.долларын хүүг төлж ирсэн. Энэ мөнгө нь маш их хэмжээтэй гэх зүйлийг яриад байсан. Энэ өөрөө хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Тэр бодит мэдээлэл биш. Стандарт банк, “Жаст” групп хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр бол төлөгдөх ёстой нэг хэсгийг нь төлсөн байгаа юм. Төлөгдсөн зээл, хүү бол зөвхөн “Жаст” групп, Стандарт банк хоёрын хоорондын асуудал.  Арбитрын шийдвэр бол “Жаст” групп үйлдсэн төлбөрөө төлөх боломжгүй болсон учраас “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргагч учраас одоо зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлагатай болж байгаа юм. Зөвхөн баталгаа гаргасан хэмжээндээ л төлбөр төлнө. Түүнээс өмнөх зээл, түүний хүүтэй “Эрдэнэт” үйлдвэр хамаагүй гэж бодож байна. Арбитраас гаргасан шийдвэрт тусгагдсан мөнгөн  дүнг “Эрдэнэт” үйлдвэр төлнө.

-Арбитрын шүүхэд давж заалдах боломж бий юу?

-Хүү, торгууль нь өдрөөр, сараар нэмэгдэж байгаа. 2018 оны нэгдүгээр сард ирсэн мэдээллээр 102 сая ам. доллар төлнө гэсэн. Сард 700 орчим мянган ам.доллараар нэмэгдээд байгаа юм. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй. Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг л асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой.

-“Жаст” группын эзэн Ш.Батхүүд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бол. Энэ хүн Монголд байна уу?

-Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгагдаж байгаа. Одоогоор шүүхэд шилжээгүй. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажина. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно.

-Олон жилийн өмнө Ш.Батхүүд хилийн хориг тавьж байсан. Гэтэл түүнийг гадаадад  дураараа зорчдог гэх мэдээлэл ч бас байдаг?

-Хилийн хориг бол таслан сэргийлэх арга хэмжээ. Хэргийг шалгахын тулд оргон зайлах, эсвэл удаан хугацаагаар гадаадад явах учраас таслан сэргийлэх арга хэмжээ гэсэн үг. Монголд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна, АТГ-аас асуух хэрэгтэй. Миний ойлгосноор хэргийг түдгэлзүүлээгүй гэж ойлгосон. Түдгэлзүүлээгүй гэдэг нь шалгагдаж байгаа гэсэн үг. Шалгагдаж байна гэдэг нь тэр хүн Монголд байна л гэсэн үг байх. Өөрөө байхгүй, ямар нэг шалтгаантай бол хэргийг түдгэлзүүлдэг шүү дээ.

-Гарын үсэг зурсан нь хуурамч, хуурамч биш гээд өнөөдрийг хүртэл маргасаар байна?

-Энэ хэрэг нь өөрөө Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих