Тэнгэрлэг МОНГОЛ ӨРХ танайд ШАГАЙ бий юу?

5a851bc4ca2ae15022018133356Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр ирсэний нэг нь шагайн наадаан.

Монгол айл бүр ихээхэн хэмжээний шагайтай байсан бөгөөд түүнийгээ хөрөнгө, сүрэг, бэл гэх зэргээр нутаг нутагт өөр өөрөөр нэрлэдэг байжээ. Ингэж өрх бүр малын шагайг онцгойлон цуглуулж ирсэн нь шагай буян тогтоодог хэмээн үздэг байсантай холбоотой.

 Шагайг зөвхөн хурааж цуглуулан арвижуулан үржүүлэхээс гадна зөвхөн шагай оролцуулан тоглодог 70 гаруй наадгайг бий болгосон нь гайхам.

Шагай наадаан нь сурган хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой бөгөөд хүүхэд багачуудад хөдөлмөрийн хүмүүжил олгож, дадал суулгаж, танин мэдэхүйг хөгжүүлж, хүрээлэн буй орчин ахуй, байгалийн юмс үзэгдлийн тухай мэдлэг, ойлголт өгч байдаг давуу талтай. Тоглох явцад хүүхдүүд бусдыгаа зохион байгуулах, урнаар сэтгэх чадвар олж авах, өөрийгөө танин мэдэх, махруу, шаргуу, тэвчээр хүлээцтэй чанарт суралцдаг.

Хамгийн гол нь шагай наадаан хүүхдүүдэд бага балчираас эхлэн өөрийнхөө эд зүйлсийг арвижуулан өснөх, хайрлаж хамгаалах, тооцоолон нягтлах амьдралын ухаанд сургадагтай хэн ч маргахгүй биз ээ.

Гэвч хот суурин газрын сүүлийн үеийн айл өрхүүд дотор шагайтай айл тун ховордсоныг охины маань цэцэрлэг “Хүүхэд бүр арван шагай авчир” гэсэн даалгавар өгснөөс илтэд анзаарсан билээ. Хэн хүнгүй эрэл сурал болж, ах дүүсээсээ асуугаад, асуугаад арван ширхэг шагай олоогүй юм. Харин энэ эрэл сурлын үед Нүүрномд байсан “Монгол наадгай” фэйж хуудсыг олж мэдсэнээр далимд нь манайх гэдэг залуу өрх шагайн цуглуулгатай болж, шагай наадаан гэхээр л морь уралдуулах,шагай шүүрэлцэхээс хэтэрдэггүй байсан ахархан ойлголт маань тэлж авхаалж самбаа шаардсан маш олон тоглоомыг өөрөө болон охиндоо сургаж “бодит” тоглоомоор охиноо тоглуулах болов. Нэг л мэдэхэд гар утас, цахим хэрэглээний хамаарлаас манай гэр бүл илт ангижирсан нь маш том дэвшил байлаа.
Монголчууд бид Төрийн дуулалаа, “Үндэс язгуур хэл соёлоо үрийн үедээ өвлүүлэн бадраая” хэмээн зүрхэн тушаа гараа тавин дуулцгаадаг. Тэгвэл одоо ганц дуулаад өнгөрөх биш үрийн үедээ үндэс язгуур, хэл соёлоо өвлүүлэн үлдээх цаг болжээ. Тиймээс миний зүгээс хэрэг болуужин гэж сэтгээд өөрсдийн сурч мэдсэн шагайн наадааны дүрэм, зааврыг дор сийрүүллээ.

ЕСӨН ШАРГА
Энэ тоглоомоор 1-3 хүүхэд тоглоход тохиромжтой. Цагаан буюу шаргал шагайнаас есөн ширхэгийг сонгон авч тоглоно. Тоглохдоо хүүхдүүд тойрон сууж нар зөв тойрон есөн шагайгаа ээлжлэн хаяж, морь буусныг нь авна. Аль олон морь авсан нь хожно.

ЦАГААН ТЭМЭЭЦЭХ
Хоёр тоглогч 20 шагайгаар наадна. Хорин шагайг тэмээ болгон цувуулан өрж тавина. Ингээд 2 шагай ээлжлэн хаяж тоглоно. Хаяхад буусан тэмээний тоогоор өрсөн хорин тэмээнээс авна. Ингэж тоглосоор 20 тэмээ авч дуусахад хэн олон тэмээ авсан нь хожно. Хэрэв хэн нэг нь дараалан гурав хожвол энэ толгоомыг алдартай хожил гэж нэрлэнэ.

ЛАН, ЦЭН БОДОХ
Лан цэн бодож тоглох энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болно. Тоглогчид 4 бэрхийн шагайг сонгон авч, хэн эхэлж тоглохоо шодно. Ингээд нар зөв тойрон ээлжээр 4 бэрхээ хаяна. Тэгэхдээ дараалан 5 удаа хаяж тоглоно. Үүнд:
1 тэмээ – 70 лан
1 морь – 50 лан
1 хонь – 30 лан
1 ямаа – 20 лан.
Тоглогчдын гол зорилго нь аль болохоор олон морь, тэмээ буулгаж, 5 удаагийн хаялтаар 1000 буюу түүнээс дээш лан хүргэж хожих явдал юм.
Ингээд хаялт бүрд буусан малаа дээрх лангаар үнэлэн бодож, 5 удаагийн хаялтын дүнгээ нэмж бүх лангийн тоог гаргана. Хэн түрүүлж 1000 лан болон түүнээс илүү лантай болсон нь хожино.
Энэ тоглоом хүүхдийг цээж тоололд сургах, ой тогтоолт, сэтгэн бодохуйг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ГУРВАН ХОШУУ ХАЯХ

Наадагчид дэвжээ тойрон сууж, гурван шагайг нар зөв эргэн ээлжлэн хаяна. Тэгэхдээ заавал гурван өөр мал буулгахыг зорьж наадна. Хэрэв хаясан шагай хоёр буюу гурвуулаа ижил буувал хооронд нь няслан өөр мал болгохыг зорино. Няслаад өөр мал болгож чадаагүй бол дараачийн тоглогч хаяна. Хамгийн түрүүнд гурван удаа гурван өөр мал буулгасан тоглогч хожно. Тоглоомыг энэ мэтээр цаашид үргэлжлүүлэн тоглоно.

АЛАГ МЭЛХИЙ /хүндэтгэлийн өрөг/

Хүндэтгэлийн өрөгөөр зөвхөн битүүний орой өрж, хоймортоо бурхан тахилынхаа өмнө тавьж хонуулаад, шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог байна.
Өрөх, тоглох журам нь энгийн өрөг хийж тоглохтой адил боловч нийт 106 шагай ордог.
Мэлхийн хошууны өмнө талд 4 улаан шагайг тойруулж тавиад “гал”, зүүн бөөрөнд талд таван хөх шагайг нум сумны хэлбэртэй өрөөд “мод”, баруун хажуугаас тэр сумны үзүүр цухуйж буйг харуулсан шинжтэй 3 цагаан шагай өрөөд “төмөр” гэж нэрлэн, 4 сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавина.
Он солигдож, шинэ жил гарч байгаа учир тэр жил жил нь орж байгаа буюу ивээл жилтэй хүн шоогоо эхэлж хаяад, дараа нь нар зөв тойрон суусан дарааллаараа шоогоо хаяна.
1 нүх буувал 4 сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэх шагайны аль нэгийг, 3 нүх буувал төмөр гэх 3 цагаан шагайг, 4 нүх буувал гал гэх 4 улаан шагайг, 5 нүх буувал 5 хөх шагайг түрүүлж авна.
Тэгэхдээ би энэ жил гал хөлөлд суужээ гэх мэтээр нэрлэж авдаг. Энэ мэтээр хаясан шооны нүхний тоогоор мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авч тоглосоор хэн олон шагай авсан нь хождог.
Энэ тоглоомонд хожсон хүн тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг заншилтай.

АЛАГ МЭЛХИЙ /энгийн өрөг/

Энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болох бөгөөд тойрон суугад шагайгаар мэлхий дүрс өрж, шоо хаяж /орхиж/ тоглодог.
Мэлхийн дүрс өрөхөд:
Толгойд – 1ш /аргай/
Чихэнд – 2ш
Нүдэнд – 2ш
Хүзүүнд – 6ш
Нуруунд – 6х6-аар 36ш
Шилбэ тус бүрт 4х4-р 16ш
Сарвуу тус бүрт 5х5-р 20ш
Зүрх – 1ш
Бөөр – 2ш
Давсаг – 1ш
Сүүл – 3ш буюу бөгийн 89 шагай, үхрийн 1 шагай бүгд 90 шагай, 6 тал, тал бүрт 1-6 нүд /нүх/ бүхийн энгийн шоо бэлтгэнэ.
Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад /орхиход/ дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Шоо хаяхад 1 нүд буувал толгой, зүрх, давсагны аль нэгийг авна, 6 нүд буувал хузүү нуруунаас авах зэргээр тоглоно. Шоогоо эхэлж хаясан хүнээс нар зөв тойруулан хаяж тоглох бөгөөд тоглолтын явцад шооны буусан нүдэнд тохирох тоотой эрхтэн дууссан байвал тэр тооны шагай буцааж тавих бөгөөд ингэж тоглосоор өрсөн мэлхийг авч дуусахад хэн олон шагай авсан нь хожно.
Толгож дуусаад дараагийн тоглолт эхлэхэд эхлээд шоо хаясан тоглогчийн дараагийн тоглогчоос эхлэн мөн нар зөв тойруулан тоглогч бүр шоогоо хаяж, буусан нүдний тоогоор мэлхийгээ буцаан өрж дуусгана. Ингэхэд хамгийн түрүүнд шагай өрж дууссан нь хождог.
Харин түрүүчийн тоглолтонд хамгийн олон шагай авч хожсон тоглогч хожигдож, хамгийн цөөн шагай авч хожигдсон тоглогч энэ тоглолтонд хождог тал бий.

ГУРВАН ШАГАЙ ХАЯХ

Энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болох бөгөөд 3 шагай бэлтгэсэн байна. Тоглогчид хэдэн тоогоор хожилцохоо тохиролцоод нэг нь эхэлж 3 шагайгаа хаях ба нар зөв ээлж дараагаар хаяна.
Гурван шагай хаяхад гурвуулаа ижил морь, хонь, тэмээ, ямааны аль нэг нь буувал хоёр тоо гэж үзнэ.
Хэрэв:
2 морь, 1 хонь
2 хонь, 1морь
2 тэмээ, 1 ямаа
2 ямаа, 1 тэмээ буувал тус бүр нэг оноо гэж үзнэ.
Эдгээрээс өөрөөр буусан тохиолдолд тоонд бодохгүй. Тоглосоор тогтоосон тоонд түрүүлж хүрч чадсан тоглогч хожно.

ГАЛЗУУ ДОЛОО

Хэдэн ч хүүхэд тоглож болно. Хэн эхэлж тоглохоо тохиролцоод долоон шагайг ээлжлэн хаяж ижил ижлээр нь няцлана.
Тэгэхдээ зөвхөн нэг гараараа няслах бөгөөд тэр гараараа шагайгаа авч, нясалсан гартаа атгана. Шагай атгасан гараараа дараачийн ижил шагайгаа нясалж мөн нэмж атгаж нясалсаар долоон шагайг дуусган, нясалсан гартаа атгаж чадвал хожих ёстой.
Хэрэв няслаад онохгүй байх, атгасан шагайнаасаа унагах, няслах явцад 2-4 шагай нь өөр өөр мал болж буувал долоон шагайгаа дараачийн тоглогчид шилжүүлнэ.

БӨХ БАРИЛДУУЛАХ

Хоёр буюу түүнээс дээш хүн тоглоно. Үүнийг голдуу хүүхдүүд тоглодог бөгөөд тэд бөхийн цол чимэг мэдэх, цол дуудах, мэх, дүрэм журмыг мэдэхэд чухал ач холбогдолтой болдог. Хоёр хүүхэд 4-8 шагай авч, тэндэнд начин, заан, гарьд, арслан, аврага гэсэн цол олгоод баруун, зүүн жигүүрийн тэргүүн магнайд хэн гарахаа шийдэж аль ахлах цолтой бөхийн цолыг дуудаж, ам угтуул авах байдлаар барилдуулна. Хоёр шагаа орхиход аль морь буусан нь давсан бөх болно. Энэ мэтээр барилдуулсаар үзүүр, түрүүний бөх шалгарч, морь буусан талын бөх түрүүлж хожно.

АРВАН ХОЁР БЭРХ
Энэ толгоомоор 2-4 хүүхэд тоглох нь илүү тохиромжтой байдаг. Тоглогчид 12 шагайгаар тоглоно.
Шагайгаа нар зөв тойруулан ээлжлэн хаяж /орхиж/ морь буусныг нь авна. Хонь, үхэр буувал тоглолтонд хамаарахгүй.
Харин тэмээ буувал авсан мориноосоо буусан тэмээний тоогоор буцааж нийлүүлнэ.
Энэ мэтчилэн тоглож, тоглолтын явцад олон тэмээ унаж, оронд нь авсан морио тавьсаар нийлүүлэх морьгүй болсон нь хасагдаж, бүх морьдоо авсан нь хожно.
Харин нэг удаагийн хаялтанд 4 бэрх 3 буувал “12 бэрх” буулаа гэж уг тоглогч шууд хождог.

АНДГАЙЛЦАХ
Энэ тоглоомоор хэдэн ч хүн, хэдэнч шагайгаар тоглож болно. Жишээ нь 3 хүүхэд 10, 10-н шагайгаар нийлж, бүгд 30 шагайгаар тоглоход олбог дээр бүх шагайгаа овоолж тавина. Тохиролцсоны дагуу хэн нэг нь тоглоомыг эхлэхдээ уг шагайнаас өөрийн гарт багтах хэмжээгээр атгаж дээш шиднэ.
Шидсэн шагайгаа буцаж буух хооронд гарынхаа ар даар тогтоож, уг тогтсон шагайгаа буцааж дээш нь шидээд буцаж буух хооронд нь атгаж авна. Энэ атгасан шагайгаа өөртөө авна.
Ингэж нар зөв тойрч шагайгаа авсаар эцэст нь бүх шагайг авсан тоглогч хожно.
Аль болохоор олон шагай гарынхаа ар дээр тогтоож буцааж авахыг хичээдэг бөгөөд энэ нь нилээд эв дүй шаарддаг тоглоом юм.

http://ekhsurvalj.mn/news/view/4321


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих