Женнифер Энистон: Харамсалтай нь хүүхдийг худалдаж авч болохгүй юм

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон өчигдөр “NBS” сувгийн “Өглөөний мэнд Америкчуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Ээжүүдийн өдөр” уран сайхны кинонд тоглосон юм.

-Танд өглөөний мэнд хүргэе. Урилгыг минь авч хүрэлцэн ирсэн талархаж байна.

-Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Гайхалтай өглөөг бэлэглэж буй та бүхэндээ баярлалаа.

-Жастин Теру та хоёр хуримаа хийгээд багаггүй хугацаа өнгөрлөө. Хуримаа хийснийх дараа амьдралын өөрчлөлт хэр байна даа. Таалагдаж байна уу?

-Мэдээж хэрэг таалагдаж байгаа. Учир нь би хайртай хүнийхээ хажууд байна. Намайг хайрладаг, харамладаг эр хүний хажууд байх үнэхээр таатай. Чи хайртай хүнээсээ өдөр бүр гайхалтай мэдрэмж авах болно. Заримдаа өөрийгөө энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүйгээр мэдэрдэг.

-Энистон гэх гайхалтай бүсгүй хуримаа хийлээ гэхэд олон эрчүүд гунигт автсан байх.  Мөн олон бүсгүйчүүд таныг хуримын үдшээ ямархуу даашинзаар гангарахыг харахыг хүссэн байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуримын талаарх ганц мэдээлэл байхгүй байна. зөвхөн хуримаа хийсэн гэх үг л бидэнд сонсогдож байгаа.

-Мэдэхгүй юм. Намайг хуримаа хийхийг сонсоод хэдэн залуугийн сэтгэлд хар үүл бий болсныг мэдэхгүй байна. Нэг сонирхолтой зүйлийг хийхэд хуримаа хийгээд удаагүй байхад нэг эр утсаар нөхрийг минь заналхийлсэн гэж сонссон. Тэр залуу нөхөрт минь юу гэж хэлсэн, хэн байсныг би мэдээгүй л дээ.  Теру надад хэлээгүй. Би мэдэхийг их хүссэн ч хэлээгүй. Яахав ээ хувийн амьдралаа хамгаалах миний үүрэг. Би үүргийнхээ дагуу л хувийн амьдралаа хамгаалж явна. Хуримын ёслол минь гайхалтай болсон. Хэзээ ч мартагдашгүй. Зүгээр л хуримынхаа талаар нууцлахыг хүссэн. Манай гэрт хуримын зураг их бий. Гэхдээ би энэ зургуудыг насан туршдаа бусдаас нууцалмаар байна.

-Яагаад?

-Шалтгаан гэх зүйл байхгүй.

-Теру та хоёрыг болздог байхад таныг жирэмсэн хэмээн хэвлэлүүд байнга мэдээлдэг байсан.

-Тийм ээ би мэдэж байна. Байнга л энэ талаар ярьцгааж, бичдэг.

-Саяхан хүртэл ихэр хүүхэд тээж байгаа гэх мэдээлэл гарсан. Гэхдээ та энэ мэдээг үгүйсгэсэн санагдаж байна?

-Тийм ээ өглөө сэрээд интернэт ортол намайг жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэх баахан мэдээ гарчихсан байсан. Их гайхсан шүү.

-Хэзээ хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна. Хэдхэн жилийн дараа 50 хүрнэ. Хүүхэдтэй болоход оройтсон гэж бодохгүй байна уу?

-Манай ээжийн дүү 55 настай байхдаа анхны хүүхдээ гаргасан. Тиймээс хүүхэдтэй болоход нас хамаагүй гэж бодож байна. Заримдаа хүүхэдтэй болохыг их хүсдэг. Харамсалтай нь хүүхдийг худалдаж авч болохгүй юм. Теру бид хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг. 50 нас хүрэхээсээ өмнө ээж болно.

-Зорилго тавьчихсан уу?

-Зорилго ч бишээ. Надад санаа тавьж буй хүмүүст эцсийн хугацаагаа хэлж байна.

-Та хэдхэн өдрийн өмнө 49 нас хүрсэн?

-Тийм ээ надад хангалттай хугацаа байна.

-Кино урлагаас авсан хамгийн гайхалтай мэдрэмж?

-Шагнал авах, улаан хивсээр алхах үед өөрийгөө их гайхалтайгаар төсөөлдөг.

-Та “Найзууд” киногоор олны танил болсон. Энэ хугацаанд маш олон бүтээлд тоглосон. Өнөөг хүртэл “Оскар”-ын эзэн болоогүй байна?

-Мэдээж хэрэг жүжигчин бүхэн энэ шагналын эзэн болохыг мөрөөддөг байх. Би ч гэсэн хүсч байна. Бүх л эмэгтэйчүүд тэр үдшийн хатан байхыг хүсдэг.

-Кино урлагаас залхсан үе бий юу?

-Байхгүй. Би кино урлагт хайртай.

-Таныг хэн нэгэнтэй харьцуулахад уур тань хүрдэг үү?

-Мэдээж хэрэг. Бүх зүйл нь өөр хоёр хүнийг харьцуулж, шүүмжлэх нь тэнэг хэрэг.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих