Б.Цоожчулуунцэцэг “ЖУДАГ”
Саяхан л гэр орон, хашаа хүрээг хуу хамах шахаж байсан хаврын хавсрага намдаж, улаан шороогоор тургих шиг л элс шороо хамар ам руу чихэж байсан Мөрөнгийн тэнгэр гэмгүй царайлах дүрсгүй хүүхэд шиг аядуухан. Хөх ногооны униар хөлд орооцолдож, нялх яргуй нүдлэсэн хаврын цэлгэр орой Дэмид Цагаан бургасны даваа давахаар галигуулж явлаа. Цагаан бургасны даваа хэмээх ээлтэй газар. Цасаар боож амьтан хүний хөл хориод байхгүй, Эрчмийн цэнхэр нурууны ар өвөр дэхь амьтан хүнийг хооронд нь холбосон уужим, яггүй урт даваа. Давааны бэлд урсах уулын гол, гол бараадсан айлууд зун, намартаа жинхэнэ жаргалаа эдлэнэ. Үхрийн нүдны бут, улаалзганы төгөл битүү ургасан уулын хавцалд намар хүүхдүүдийн дуу, хүүхнүүдийн инээд үргэлж цангинаж байна. Түргэн урсгалт жижигхэн голыг жаахан дээшээ өгсөхөд л нэрс газар дэвссэн хөх хөвд рүү яваад орно. Цаг, цагийн урсгалд хичнээн ч хүн Цагаан бургасны даваагаар давсан юм бүү мэд. Даваа намссан нь үгүй. Харин хичнээн ч хүн үхэж төрж, хорвоогийн амьдралыг элээсэн юм бол доо хэмээн бодох зуур Дэмид даваанаас бууж, гол руу орохоор шийдлээ. Морины явдалд чилсэн биеэ тэнийлгэж, уулын голын уснаас цангаагаа гарган, улаалзганы нүцгэн төгөл дор хэдэн хором хэвтэж амармаар санагдсан хэрэг. Саяхан цасан хучлагаа зад тийрсэн уулын гол омогтойгоор урсах ч хоржигнох усны чимээ цаанаа л нэг сэтгэлд дулаахан, чих баясгана.
Дэмид морио туших гэтэл муу хээр үрээ нь гэнэтхэн хамар, амаа тачигнуулан үргэж бусгах нь тэр. Хонины хүүхдүүдэд ноолуулж сурсан хээр үрээ нүдээ томруулан юунаас ч юм бэ ихэд жигшин, амаа булаацалдан эргэцэхэд Дэмид гайхан эргэн тойрноо харлаа. Түүний хажууханд, нилээд өндөр бургасны хажууд нэвсийсэн хүрэн юм харагдахад өөрөө ч мориноосоо дутуугүй айж ширвээдлээ.
Хүн… Хүн… гэсэн бодол хамгийн түрүүнд толгойд нь буухад айж байсан ч гэсэн ойртож, харахгүй байж чадсангүй.
-Өө.Бурхан минь. Хөөрхий галзуу Сэдэд гэх зуураа тэр буцаж хойшоо алхав.
Сэдэд хэмээх ухаан хагас залуу өөрийгөө боомилсон байдалтай бургаснаас зүүгдээд амь тавьсан байлаа. Бие нь аль хэдийнээ хөшсөн нь илт. Дэмид ихэд сэжиглэн, мориндоо морьдон эргэж ч харж чадахгүй хэсэг явснаа гэнэтхэн зогслоо. Дотор нь давчдах тул жаахан тайвшрах санаатай уртаар амьсгаа авав. Сэдэд хэмээх сайхан залуу цэргээс халагдаж ирж байсныг тэр сайн мэднэ. Дамчаа хөгшин хүүдээ гэр орон төхөөрч, хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж, Дэмидтэй хамт унины сагалдарга хэмжиж суусныг санаад тэр уртаар санаа алдав. Харамсалтай нь Сэдэд аваарт орж, олон хоног эмнэлэгт ухаангүй хэвтсний эцэст сэргэж боссон ч ухаан хагас нэгэн болж хувирсан байлаа. Хавар, намартаа гадуур тэнэж, явган нүцгэн гүйх энэ эр амьдралаас уйдсан бололтой. Хаврын их хавсарга түүний төөрөлдсөн ухааныг улам сарниулсан юм байх даа хэмээн бодох зуур Дэмид Дамчаа өвгөнд яаж хэл дуулгана даа хэмээн баахан толгойгоо гашилгав.
Үхтэл үр харам гэдэг хойно Дамчаа өвгөн ухаан нь самуурсан хүүгийнхээ хойноос баахан эрэл сурал болж, эмгэн нь өдөр шөнөгүй умгар гэрийнхээ хойморь дахь бурханд өөд уруугүй залбирч байгааг бодоод Дэмид Сэдэдийг зөнгөөр нь хаяад явж чадсангүй. Манай нутгийнхан цээрч улс. Галзуу Сэдэд амиа хорлож гэнэ гэж баахан сэжиглэж мэднэ. Энэ явдал явуулын зайгуул хүний дайгуул үгэнд орооцолдож, Цагаан бургасны давааг маань “Эвгүйдвэл Галзуу Сэдэдийн даваа” гэж нэрлэх ч юм билүү гэдэг бодол түүний сэтгэлийг юу, юунаас илүүтэйгээр зовоож байлаа.
Цагаан бургасны давааны нэрийг ч сэвтүүлж мэдэх яриа гарах бий гэсэн бодол түүний цээжинд хурсан айдсыг хормын төдийд үргээжээ. Саяхан л айж, зугатах нь халаг байсан Дэмид морио хөтлөөд буцаж алхав. Тэрбээр олон хоног уул хадаар тэнүүчилж, хувцас хунар нь тамтаг болж, нүүр царай нь тас харласан Сэдэдийн цогцосыг бургаснаас буулгах гэж хөлсөө гартал ноцолдов. Хөөрхий талийгаачийн цогцсыг арайхийн газарт буулгаж, хоолойгоо оосорлосон бүсний тамтгийг нь авч бүслүүлэв. Талийгаачийн цогцосыг морин дээр хөндлөн тавих гэж бөөн ажил боллоо. Адгуус ч гэсэн ухаантай амьтан болохоор айж ширвээтэн түүнийг биедээ хүргэхгүй гэж хэрдээ л цахлав. Сэдэдийн цогцсыг мориныхоо аргамжаагаар сайн даруулж, хүн амьтан тааралдвал айж ичих байх хэмээн дээлээ тайлан сайн гэгч нь хучаад, Дэмид нэг их санаа алдан, тамхиа нэрж аваад морио хөтлөн Цагаан бургасны даваа өөд өгслөө.
-Галзуу Сэдэд амиа хорлочихож гэвэл хүмүүс баахан цээрлэнэ. Харин Сэдэд өнгөрчихөж гэвэл өрөвдөөд л өнгөрнө. Муу хөгшчүүд нь ч гэсэн хүний нүүр бүтэн харах юм даа хөөрхий гэсэн бодол түүнийг хөглөнө. Хээ шаагүй Монгол эр Цагаан бургасны даваагаар хүн чанар, жудаг, нутгаан гэх халуун сэтгэлээ тээж, хөлсөө арчин, арчин урагшилж байлаа.
URL: