Монголын тамхинууд үхлийн тунг агуулдаг нь тогтоогджээ

МУИС-ийн  Физик-электроникийн сургуулийн оюутан Т. Мянганбаатар, Л. Даваасүрэн нар дипломын ажлаараа зарим төрлийн хүнсний ногоо, тамхины бүтээгдэхүүн дэх кадмийг атом шингээлтийн спектрийн аргаар шинжилжээ. Шинжилгээний дүнгээр Esse (lights), Mild seven (lights), Kent (blue futura 8), West (lights), Parliament (night blue), Marlboro (lights), LD (red) янжуурт кадмийн агуулга 0,8 мкг/г –аас хэтрээгүй бол Монголд үйлдвэрлэсэн Цагаан өргөө, Улаан шонхор, Алтан навчис янжуурт кадмийн агуулга 3,8 мкг/г орчим болох нь тогтоогджээ. Европын холбооны стандартаар 70 кг жинтэй дундаж эрэгтэй хүний  хоногт авах кадмийн тун  25,2 мкг-аас хэтрэхгүй байх ёстой. Нэг ширхэг янжуурт 0,6 г орчим тамхи ороогдсон байдгийг бодолцвол 11 ширхэг монгол янжуурт хоногийн тун агуулагдаж байна. Тооцоог бас арай өөрөөр хийж болно. ДЭМБ-ын судалгаагаар хүн амьдралынхаа туршид жигд авч болох кадмийн нийт хэмжээ 1,5 граммаас хэтрэх ёсгүй байдаг. Нэг хайрцаг монгол янжуурт 46 мкг кадмий агуулагдана, нэг жилд 10 сая хайрцаг борлуулагдана гэвэл жилд борлуулагдах кадмийн нийт хэмжээ 460 г болно. Энэ бол 307 ширхэг үхлийн тун юм.
Мөнгөн ус, хар тугалга, хромын хор хөнөөлийн тухай ойлголт олон нийтэд нэгэнт төлөвшсөн байдаг бол эдгээрээс хавьгүй хортой химийн элемент болох кадмийн (Cd) талаар мэдээлэл  бараг байдаггүй. Иймээс энэ элементийн хэрэглээ ба хор хөнөөлийн талаар энд товч тайлбарлая.
Кадмий нь гялалзсан мөнгөлөг өнгөтэй тугалга мэт зөөлөн металл юм. Байгаль дээр цайр, хар тугалга, зэсийн хүдэр ба фосфоритод дагалдан оршдог. Цайрын хүдэрт кадмий 0,2-14 г/кг агуулгатай байдаг бол фосфорын бордоонд 0,01-0,2 г/кг хэмжээтэй байна. Цайрыг хүдрээс нь хайлуулах үед кадмий дагалдах металл хэлбэрээр тунаж гардаг. Голчлон энэ аргаар дэлхийд жилд 20 мянган тонн  орчим кадмий олзворлож байна. Кадмийн хайлш ба нэгдлүүдийг цөмийн реактор, лазер, нарны зай, олон дахин цэнэглэдэг зай, өнгөт дэлгэц, хагас дамжуулагч  электроник элементийн гэх мэт өндөр технологийн салбарт хэрэглэдэг. Металл кадмий нь шүлтлэг ба давслаг орчинд зэвэрч идэгддэггүй бол кадмийн нэгдлүүд нь механик хүчлэл, температур, хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэртэй. Иймээс кадмий ба кадмийн нэгдлүүд нь түрэмгий орчинд зориулсан ган ба пластик эд ангийн найрлага болон гадаргуугийн хучлагад орж хамгаалах, бэхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Кадмийн сульфид ба селенид нь шил шаазан, пластик, өнгөт хэвлэл, уран зургийн салбарт өргөн хэрэглэдэг наранд ганддаггүй шар, улбар ба улаан будаг юм. Нийт олзворлосон кадмийн дөрөвний гурвыг никель-кадмийн олон дахин цэнэглэдэг цахилгаан зай хураагуур (NiCd rechargeable battery) үйлдвэрлэхэд хэрэглэдэг бол үлдэх хэсгийн дийлэнхийг будаг үйлдвэрлэхэд зарцуулдаг байна.

Кадмий нь хэдийгээр ахуй болон техник технологид ингэж өргөн нэвтэрсэн хэдий ч хавдар үүсгэгч нэгдүгээр зэргийн хорт элементийн нэг юм. Хүний биед хүнс болон амьсгалын замаар орж ирсэн кадмий голчлон бөөр ба  элгэнд 30 жил орчим саатан хуримтлагддаг.  Эдгээр эрхтэний  эсүүдэд цайр, зэс зэрэг биологийн идэвхит металлын атомууд агуулсан металлтионен хэмээх уураг (протейн) байдаг. Кадмийн атомууд хүний организм дахь металлтионен ба бусад уургаас цайр, зэс зэрэг металлын атомуудыг шахан гаргаж орыг нь эзэлдэг байна. Ингэж кадмийтсан уураг нь биохимийн  хэвийн биш үйл ажиллагаа явуулснаар эс хордох буюу үхнэ. Хордсон ба үхсэн эсүүд бүхий эд эрхтэн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч организмыг бүхэлд нь өвчлүүлдэг. Жишээ нь кадмийгаар хордсон бөөр кальцийг шингээн барих чадваргүй болж ясны сийрэгжилтэд хүргэнэ. Өнгөрөгч зууны эхэн үеэс Японд Жинзү голын  хөндийгөөр цагаан будаа тарьж амьдардаг хүмүүсийн дунд “итай-итай” буюу монголчилбол  “ёо-ёо” гэдэг өвчин дэлгэрчээ. Энэ өвчин эхлэхдээ хөл нуруугаар өвдөх ба хөлийн чөмөгт яснууд яваандаа зөөлөрч хэврэгшин биеийн жинг даахгүй тахийснаар хүн хэвтэрт орно. Хэвтэрт орсны дараа ясны хэврэгшил улам хурдацтай явагдаж ердийн ханиах, найтаахад хугарах хэмжээнд хүрэх ба эцэстээ цус ба бөөрний дутагдлаас өвчтөн нас бардаг байна. Тухайн бүс нутгийн ямар нэг онцлог нянгаас ёо-ёо өвчин үүсдэг байх  хэмээн олон жил төөрөгдөн хайсны эцэст 1960-аад онд  Жинзү голын ус ба цагаан будаанд кадмий их хэмжээтэй байсантай холбоотой болохыг тогтоожээ. Жинзү голын эх ундрагын уул нуруунд зэс, цайр, хар тугалга, алт, мөнгө олзворлох уурхайнууд кадмийн хүдэржилттэй шороог ил гарган орхисноос кадмий бороонд угаагдан голд нийлж усыг хордуулж байснаас, металл хайлуулах үйлдвэрүүд ашигласан усаа хангалтгүй цэвэрлэн голд нийлүүлж байснаас ёо-ёо өвчин гарсан байна
(http://en.wikipedia.org/wiki/Itai-itai).
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) улс гүрнүүдийн олон жилийн туршилт судалгаанд үндэслэн хоол хүнс ба амьсгалын замаар авч болох  кадмийн хоногийн дээд хэмжээ (ХДХ) биеийн жингийн кг тутамд 1 микрограмм (граммын саяны нэг) буюу 1мкг/кг  гэж тогтоосон нь 70 кг жинтэй хүний хувьд өдөрт авч болох кадмийн тун 70 мкг-аас   хэтрэх ёсгүй гэсэн үг юм
(http://www.inchem.org/documents/jecfa/jecmono/v52je22.htm)
. Өнгөрсөн онд Европын Холбоо кадмийн ХДХ-ийг багасгаж чангатган 0,36 мкг/кг болгосон байна.
Өнгөрсөн зууны 70-аад оноос хөгжингүй орнууд кадмийтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, кадмийтай хаягдлыг устгах, саармагжуулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч зөвхөн ашиг орлогын төлөө ажилладаг, хамгаалах нэр нүүргүй үйлдвэрлэгчдийн буруугаас кадмийн хордолт үүсгэх аюултай бүтээгдэхүүн зах зээлд гарсаар байгаа юм. Энэ жилийн хамгийн сүүлийн  жишээ гэхэд АНУ-ын  Claire”s Boutiques Inc. сүлжээ дэлгүүрт зарж байсан Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хувцасны гялгар гоёо ба хүүхдийн зүүлт, бугуйвч зэргээс (зургийг үзнэ үү) кадмий их хэмжээтэй илэрсэн байна
(http://www.cpsc.gov/cpscpub/prerel/prhtml10/10227.html).
Манай улсад кадмийн олзворлолт, импорт, кадмийтай бүтээгдэхүүний хэрэглээ, устгал саармагжуулалтын хяналтын тогтолцоо байдаггүй. Манай хил, гааль кадмийг “визгүй” нэвтрүүлдэг юм. Энэ бол дотоодын хяналт сул хөгжсөн (авилгад идэгдсэн) өмнөд хөршөөсөө ихэнхи өргөн хэрэглээний бараагаа татдаг манай орны хувьд санаа зовоохоор асуудал билээ. Ялангуяа олон жил фосфорын бордоо хэрэглэсэн талбайн жимс, хүнсний ногоо, шар, улбар, улаан будаг, ийм өнгөтэй хүүхдийн тоглоом, пластик ба синтетик материал, мөнгөлөг гялгар металл гоёл чимэглэл, зүүлт, гар утасны ба зөөврийн компьютерийн  гээд бүх төрлийн олон дахин цэнэглэгдэх хуурай зайнуудад онцгой анхаарч, импортлогч нараас  кадмийгүйн баталгааг шаардаж  байх хэрэгтэй юм.

МУИС-ийн ФЭС-ийн багш Р. Галбадрах, PhD


URL:

Сэтгэгдэл бичих