ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХУГАЦААГ СУНГАХГҮЙ БОЛ ИРГЭН ТА 0,7 ГА ГАЗРАА 9 САЯ 240 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВНА

17797

2003 онд батлагдсан Газар өмчлөлийн тухай хуульд “Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заасан байдаг. Ингэхдээ хуулийн хугацааг 5 жил гэж тусгасан. Улмаар 2003 оноос хойш 2008, 2013 онд хоёр удаа хуулийн хугацааг  сунгасан. Тэгвэл энэ оны 5 дугаар сарын 1-нд мөн л сунгалтын 5 жилийн хугацаа нь дуусч байна. Хэрэв газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунгахгүй бол энэ оны тавдугаар сарын 1-нээс иргэнд өөрийн эзэмшиж байсан газраа өмчилж авахдаа 700 метр кв-т гэж бодоход 9 сая 240 мянган төгрөгөөр өмчилж авна гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун хэлж байна. Гэхдээ хуулийн хугацааг сунгах эсэхийг Засгийн газар хуулийн төсөл боловсруулаад, УИХ-аас баталснаар эцсийн шийдвэр гарна гэдгийг тэрээр хэлж буй юм.

Ямартай ч өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдэд нэг удаа үнэгүй газар өмчилж авах эрх хуулийн хүрээнд байв. Чухам харин хэрэгжилт ямар түвшинд байсан бэ гэдэг нь анхаарал татсан сэдэв мөн билээ. Тэгвэл Нийслэлийн газрын албанаас мэдэгдэж буйгаар  нийслэлийн хэмжээнд иргэдийн эзэмшилд байгаа хашааны газруудад тооллого хийхэд 86,4 хувь нь газраа өмчилж авсан. Үлдсэн 13 хувийн асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ иргэнд гэр бүлийн зориулалттай газрыг нэг удаад үнэ төлбөргүй олгох хуулийн хугацааг сунгахгүй бол улсын хэмжээнд маш хангалтгүй байгаа. Одоогоор нийт иргэдийн дөнгөж 14 хувь нь газар өмчилж авчээ.

За мөн иргэдийн анхаарлыг татдаг асуудал бол зуслангийн газар өмчлөлтэй холбоотой. Зуслангийн газрын үнэ ханш бүсчлэлээрээ тогтчихсон гэхэд болно. Тэгвэл Газар өмчлөлийн тухай хуульд  зуслангийн газар өмчлөл гэж тусгагдсан зүйл байхгүй. Хуулийн дагуу буюу гэр бүлийн зориулалттай 0,7 га газрыг өмчлүүлнэ гэж заасан тул зуслангийн ногоон бүсэд хориглолт, хязгаарлалтын бүсээс гадна байгаа газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ гэдгийг хэлж байна.

Эх сурвалж: Monnews.mn

Линк: http://www.monnews.mn/a/977


URL:

Сэтгэгдэл бичих