Нийслэлийн иргэдээ даатган хотын удирдлагууд мандал өргөлөө

15187417155a8628d376af6 Жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу  тахиа жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар Дамбадаржаа, Мамба дацан, Дашчойлан, Түвдэнпэлжээлин хийдүүдэд нэгэн зэрэг мандал өргөв. Гүсэн түгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм. Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих