Эвдэх боломжгүй спортын рекордууд
Энэхүү жагсаалтад буй рекорд амжилтуудыг эвдэх боломжгүй гэхэд буруудахгүй. Эдгээр агуу тамирчдын үзүүлсэн амжилтуудыг хараад “Ялсаар байгаад залхсан байх даа” гэж асуумаар санагдана. Ингээд спортын түүхэнд дахин давтагдахгүй, ойрын ирээдүйд, магадгүй хэзээ ч эвдэгдэхгүй рекордуудыг танилцуулж байна.
Б.Бат-Эрдэнэ – Монгол үндэсний бөх
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Хэрлэнгийн хөвөөнд 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлжээ. 1960-аад оны хүүхдүүдийн жишгээр аав ээждээ туслан, хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн тэрбээр 1985 онд 5 даван улсын начин, 1986 онд 8 давж улсын заан, 1987 онд 7 давж цолоо хамгаалсан ба 1988 оноос хойш Улсын наадамд 11 удаа түрүүлж, Монголын нууц товчооны 750 жилийн ойн барилдаанд тэргүүлсэн дархан аваргын амжилт үүгээр зогсохгүй бөгөөд цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн нь (нийт 12) мөнхийн дээд амжилт гэхээс өөр арга үгүй. Хэн нэгэн гайхамшигтай бөх гарч ирлээ гэхэд улсын их баяр наадамд 11 удаа, цагаан сараар 12 удаа түрүүлнэ гэж төсөөлөх арга үнэхээр алга. Тэрбээр нийтдээ улсын баяр наадамд 186 давсан байдаг.
Үндэсний бөхөөс гадна бөхийн бусад төрлүүдээр ч өндөр амжилт үзүүлсэн Б.Бат-Эрдэнэ жүдо бөхөөр улсын 12 удаагийн аварга төдийгүй Азийн наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль авч байжээ. Түүнчлэн самбо бөхөөр дэлхийн 4 удаагийн аварга, 2 удаагийн мөнгөн медаль авсан ба 1984 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан гайхамшигтай тамирчин билээ.
Жахангир Хан – Сквош теннис
Сквошийн спортыг сонирхдог хүмүүсийн хувьд бурхан мэт тахигддаг Жахангир Хан 1981-1986 оны хооронд дийлэх боломжгүй тамирчин байжээ. Тэрбээр 5 жилийн хугацаанд 555 тоглолтод дарааллан ялж, дэлхийн дээд төвшний мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн олон удаа дарааллан ялсан тамирчин гэх Гиннесийн дэлхийн рекордыг эзэмшдэг.
Пакистан гаралтай Жахангир Хан 15 наснаасаа тамирчны гараагаа эхэлсэн ба сонирхогчдын ганцаарчилсан төрөлд дэлхийд аваргалсан хамгийн залуу тамирчин болсон юм. Мөн 17 насандаа Дэлхийн аваргын нээлттэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу аварга болжээ. Өдгөө зодог тайлсан тэрбээр Эмэгтэйчүүдийн скуашийн холбооны тэргүүний албыг хашдаг.
Штеффи Граф – Талбайн теннис
Талбайн теннисний спортод Штеффи Графын амжилтыг эвдэх нь битгий хэл дөхөж очсон эмэгтэй, эрэгтэй тамирчин байхгүй. Тэрбээр WTA болон Мэргэжлийн теннисний холбоо тамирчдыг эрэмбэлж эхэлсэн цагаас хойш 377 долоо хоног (2639 хоног буюу 7 жил гаруй) дараалан эрэмбийг тэргүүлсэн амжилттай. Граф өөрийнхөө гайхамшигтай хөлийн ажиллагаа, хүчирхэг цохилтуудынхаа ачаар дэлхийн хамгийн том дөрвөн тэмцээнд тус бүр дор хаяж дөрвөн удаа аваргалсан байдаг. Энэ амжилтыг нь давтсан нэг ч тамирчин байхгүй.
Тэрбээр 18 жилийн карьерийнхээ туршид Гранд сламын тэмцээнүүдэд 22 удаа аваргалсан төдийгүй, нэг жилийн дотор 4 Гранд сламын аварга, мөн Олимпийн аварга болсон цорын ганц тамирчин билээ.
Усэйн Болт – Гүйлт
Энэ агуу тамирчныг танилцуулах шаардлага ч байхгүй биз ээ. Ямайк гаралтай гүйлтийн тамирчин Усэйн Болт бол Олимпийн найман удаагийн алтан медальтай. Гурван Олимпийн наадам дарааллан 100 м, 200 м болон 4х100 метрийн төрөлд аварга болсон цорын ганц тамирчин (Түүний нэг алтан медалийг 9 жилийн дараа багийн тамирчин нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоны улмаас цуцалсан байдаг).
Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усэйн Болтын хамгийн гайхамшигтай амжилт бол 2008 оны Бээжингийн олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд 9.69 секундын амжилт үзүүлж “хүн хэзээ ч 9.7 секундэд 100 метрийн зайг гүйх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан “ухаантнууд”-ын амыг тагласан явдал юм. Хачирхалтай нь энэ рекордоо тогтоож байх үедээ гутлынх нь үдээс тайлагдсан байсныг гүйлт дундаа өөрөө анзаарсан гэдэг.
1986 онд төрсөн энэ залуу 195 см өндөр ба урт мөч нь түүний хурдыг дэмждэг гэж үздэг юм. Үүний дараа Лондоны олимпийн наадмаар 100 метрийн төрөлд 9.63 секундын амжилт үзүүлж, өөрийнхөө рекордыг шинэчлэн тогтоож, 200 метрийн төрөлд алтан медаль хүртэхийн хажуугаар 4х100 метрийн төрөлд 36.84 секундын амжилтаар дэлхийн рекордыг тогтоов.
“Цахилгаан” Болт 11 удаагийн дэлхийн аварга бөгөөд 2009-2015 онд дараалан 100 м, 200 м, 4х100 метрийн төрөлд дэлхийн аварга болсон юм (2011 онд 100 метрийн уралдаанд гараанаасаа түрүүлэн гарч хасагдсаныг эс тооцвол).
Түүний амжилтын буухиа үргэлжилж, 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмаас мөн дээрх гурван төрөлд алтан медаль хүртсэн билээ.
2009 он. Берлин хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр 100 метрийн зайг 9.58 секундийн амжилтаар туулсан явдал бол хэзээ эвдэгдэх нь тодорхойгүй үнэмлэхгүй рекорд болон үлдсэн агуу их үйл явдал билээ.
Рокки Марчиано – Мэргэжлийн бокс
Мэргэжлийн боксын хүнд жингийн төрөлд 49 тоглохдоо 49 удаа ялсан Рокки Марчианогийн энэ амжилт үнэхээр гайхалтай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг аварга Рокки 49 ялалтынхаа 43-ыг нь нокаут буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан байдаг. Карьерийнхээ туршид нэг ч ялагдаагүй Роккиг цаг нь болоогүй байхад зодог тайлсан гэж үзэх хүмүүс их. Ёстой л ялсаар байгаад залхсан болов уу гэмээр. Ердөө 32 насандаа зодог тайлсан тэрбээр 1959 онд их спортдоо эргэн ирэх талаар бодож, нэг сар бэлтгэл хийснийхээ дараа шийдвэрээ өөрчилж, дахин рингэн дээр гараагүй юм.
Ширүүн тулаан, хүчтэй цохилт, тэсвэр тэвчээр болон хүчирхэг эрүү. Энэ бүгдийг цогцлуулсан энэ эр өдгөө түүхэн дэх хамгийн шилдэг хүнд жингийн боксчдын 16 дугаарт бичигддэг.
Гэвч Бага Флойд Мейвезер 50-0 гэсэн амжилтаар зодог тайлснаар энэ эвдэгдэшгүй гэж байсан рекорд амжилтад цэг тавьсан түүхтэй.
Уилт Чемберлен – Сагсан бөмбөг
Сагсан бөмбөг хүчийг аваагүй тэр үед Уилт Чемберлэн гэгч залуу Пенсильвани муж дахь Хершигийн цэнгэлдэх хүрээлэнд 100 оноо авч дэлхий нийтийг шуугиулсан юм. Нэг тоглолтод 100 оноо авсан тоглогч түүнээс өөр нэг ч байхгүй.
Түүний ачаар 1962 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Philadelphia Warriors баг New York Nicks-ийг 169-147 оноогоор буулган авсан байдаг. NBA-ийн 4 удаагийн шилдэг тоглогч тэрээр карьерийнхээ туршид 1045 тоглолтод оролцож 31419 оноо, 23924 самбараас бөмбөг авалт, 4643 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна. Чемберлен бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчдын 4 дүгээрт, тоглолтын дунджаараа 2 дугаарт бичигддэг.
Нэг тоглолтоос хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтад түүний араас Кобе Брайнт 81 оноотой жагсдаг. Чемберлен нэг удаа 78 оноо, 2 удаа 73 оноо, нэг удаа 72 оноо, нэг удаа 70 оноо авсан зэрэг үзүүлэлтээр энэ жагсаалтын эхний 10 байрт 6 удаа бичигддэг гайхамшигтай тамирчин билээ.
Майкл Фелпс – Усанд сэлэлт
Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпийн наадмаар 31 насандаа зодог тайлсан Майкл Фелпс нийт 23 алтан медаль, 3 мөнгө, 2 хүрэл медалийг авсан юм. АНУ-ын тамирчин Фелпс бол бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн олон медальтай тамирчин.
Түүний араас медалийн тоогоороо бичигдэж байгаа тамирчин болох ЗХУ-ын гимнастикч Лариса Латинина гэхэд 18 медальтай юм. Фельпсийн алтан медалийн тоо л гэхэд Ларисагийн 3 өнгийн медалийн тооноос 5-аар олон. Харин алтан медалийн тоогоор Фелпсээс өөр хоёр оронтой тооны алтан медальтан байхгүй бөгөөд түүний ард бичигдэж байгаа тамирчид хамгийн ихдээ 9 алтан медальтай билээ. Фелпсийн эзэмшдэг бас нэгэн рекорд бол ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу 16 медаль (13 алт, 2 мөнгө, 1 хүрэл) хүртсэн тамирчин юм.
Хэрэв Майкл Фелпс улс байсан бол бүх цаг үеийн буюу 120 жилийн турш зохиогдсон 28 Зуны олимпийн наадмаас медаль авсан улсуудын жагсаалтаас нийт медалийн тоогоороо 32-т бичигдэх юм. Энэ нь Рио де Жанейрогийн наадамд 205 улс оролцсон гэж тооцвол “Фелпс улс” нийт улсуудын 75%-иас нь олон медальтай гэсэн үг.
Мэнни Пакьяо – Мэргэжлийн бокс
Мэнни “Пакман” Пакьяо мэргэжлийн боксын найман жинд дэлхийн аварга болсон цорын ганц тамирчин юм. 1978 онд Филиппин улсад төрсөн Эммануэль Пакьяо бол дэлхийн томоохон тэмцээнүүдээс 11 удаа аварга болсон ба таван өөр жингээс дарааллан аварга болсон цорын ганц боксчин.
Өдгөө Сарангани мужийг төлөөлөн сенатор болсон Мэнни 10 настайдаа сургууль завсардаж, 15 настайдаа гэрээсээ явжээ. Тэрбээр боксын спортоор амжилтанд хүрэхийг мөрөөдөн, хоол хулгайлж идээд Манилагийн гудамжинд хоноглодог байсан гэдэг. Ядуу зүдүү амьдралыг сайн мэддэг Мэнни анхныхаа дэлхийн аваргын бүсээ хүртээд, дагалдсан мөнгөн шагналаараа төрөлх Танго хотод ядуу зүдүү иргэдэд зориулсан орон сууц бариулсан юм. Үүгээр зогссонгүй, өнөөдрийн байдлаар олон мянган айл өрхийг орох оронтой болгоод байгаа билээ.
Бостон Селтикс ба Билл Рассел – Сагсан бөмбөг
NBA-ийн финалд дараалан хоёр, гурван удаа ялсан багийг “эрин үе бүтээгчид” гэж дууддаг. Харин Бостон Селтикс багийнханд энэ бол юу ч биш. Тэд 1959-66 оны хооронд сагсан бөмбөгийн лигийг илт давамгайлж байсан юм. Селтиксчүүдийн эзэмшдэг нэг рекорд бол дараалан 8 удаа NBA-ийн аварга болсон явдал билээ. Өөр ямар ч баг гурваас олон удаа дараалан аварга болж байгаагүй. Энэ спорт улам хөгжиж, багууд, тоглогчдын чадвар улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Бостон Селтиксийн рекордыг давах баг гарч ирэхгүй л болов уу.
Түүнчлэн хамгийн олон удаа аварга болсон тамирчин мөн л энэ багаас гаралтай. Домогт Билл Рассел бол NBA-д 13 жил тоглохдоо 11 удаа аварга болсон цорын ганц тамирчин. Энэ амжилтыг эвдэх хүн цаашид ч гарахгүй байх. Хамгийн өндөр магадлалтай байж болох тамирчид бол 33 настай Леброн Жэймс (аваргын 3 бөгжтэй) болон 29 настай Стефен Көрри (аваргын 2 бөгжтэй) нар юм. Гэхдээ тэд 40 нас хүрээд зодог тайлна гэж үзвэл түүнээс өмнө дор хаяж 8 эсвэл 9 удаа аварга болж байж Биллтэй эн зэрэгцэнэ гэсэн үг. За даа, ийм зүйл ч болохгүй л болов уу?
М.Даваажаргал “Хакухо-Шо” – Мэргэжлийн сумо бөх
Мэргэжлийн сумогийн түүхэн дэх дөрөв дэх гадаад, хоёр дахь Монгол ёкозуна болох Хакухо М.Даваажаргал бол энэ спортод урьд хожид байгаагүй, бүр төсөөлж ч байгаагүй хамгийн шилдэг аварга билээ. Одоо хүртэл барилдаж буй түүний тогтоосон амжилтууд, эвдсэн рекордууд үй олон бөгөөд тогтоосон рекордуудыг нь тоолсноос эвдэж амжаагүй байгаа рекордуудыг нь тоолох нь илүү хялбар биз.
2001 оны 3-р сард уг спортод орсон тэрбээр 2004 оны 5-р сард макүүчи зиндаанд элсэн орсон байдаг. М.Даваажаргал 2007 оны 5-р сарын барилдааны дараа ердөө 22 насандаа сумогийн дээд цол болох ёкозуна болсон юм.
2009 онд жилийн нийт 90 барилдаанаас 86 давсан амжилт үзүүлж, энэ амжилтаа 2010 онд давтсан байдаг нь цаашид эвдэгдэхгүй байх магадлал өндөртэй. Түүнчлэн карьерийнхээ турш болон дээд зиндаанд авсан ялалтын тоо, дээд зиндаанд түрүүлсэн тоо … гээд олон олон амжилтууд цаашид ч нэмэгдэх тул Хакухогийн амжилт гарцаа байхгүй “мөнхийн рекорд” юм.
Тэрээр өөрийн эвдэгдэшгүй рекорд амжилтуудаа улам бүр ахиулаад байгаа тул ямар нэг тоо тавих нь зохимжгүй гэсэн үүднээс одоогийн байдлаар түүний гаргасан рекорд амжилтуудыг эндээс дэлгэрэнгүй үзэж сонирхоорой.
Эх сурвалж: Arav.mn
URL: