Идэш муут жилийн гачлан
- Хүнснийхээ асуудлыг шийдэж чадсан уламжлалтай хэзээ ч өлсөхгүй улс орон дэлхийд ховор байх
-Дэлхийд гурван тэрбум хүн өлөн зэлмүүн явна.
- 710 мянган өрх айлтай, 42 сая малтай. Хоёр сая адуу хоёр сая үхэр байж л байна.
- Дэлхийг байлдан дагуулсан Чингэсийн баатрууд агуу. Тэднийг хооллож хувцаслаж чадсан ар тал нь бур агуу юм.
Хөдөөгийн монголчуудад “Өвлийн идэш” гэж нэг хүнд алба оногддог юм. Өвлийн cap гарч хүйтний эрч тачигнахад энэ их “улай” эхэлдэг. Нэг дор олон арван мал нядалж нүгэл хийхийгээ “улай хийх” гэж нэрлэдэг. Энэ их нядалгаа бас дуусах хугацаатай.
Зулын 25 буюу арванхоёрдугаар сарын 25-ны дотор багтааж өвөл, хавар, зун хүнсэнд хэргэлэх махаа бэлтгэж нөөцөлж авна. Зулын 25-ны дотор “улай хийсэн” амжиж нүглээ наминчилж нөжтэй хутга, цустай гараа угааж тогоо тосолсон буянт малынхаа бөөрийн өөхөөр зул өргөж нүглээ наминчилна. Тэгээд мал тооллого ч болно.
Заавал өвлийн 20-30 хэмийн хүйтэнд гадаа хөр цасан дунд ажилладаг энэ их улай бол нүүдэлчин Монголчуудын хувьд бүтэн жилийн хүнс. Хүнд хүчир ажил, нарийн технологи, тэгэхдээ экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэвэл хэн ч маргахгүй байх.
Яагаад ч юм бэ монголчуудыг дэлхий даяараа “нүүдэлчид” гэж нэрлээд заншчихсан байдаг. Миний хувьд цөл, тал нутагтаа, угаасан усандаа хамгийн он удаан жил суусан хүмүүс бол монголчууд гэж боддог.
Түүхийн туршид их Цагаан хэрэмнээс өрнө зүгт уул овоо, ус голынхоо дэргэд зөвхөн монголчууд л өдий хүртэл аж төрж суусаар ирсэн. Малаа дагаад жилийн дөрвөн улиралд ойр зуураа л эргэлдэн нүүдэг.
Тэрнээс биш гэрээ ачаад малаа туугаад цаашаа яваад өгдөггүй. Хүн нь ч, мал нь ч идээшиж дассан хонхортоо эргээд ирдэг. Түүхийн туршид төв Азийн өндөрлөг, их тал, уул ус, дов толгод, гол горхио хэзээ ч орхиогүй хэнд ч өгөөгүй үндэстэн бол дэлхийд манайх байж магадгүй. Тэхээр юуных нь “Нүүдэлчид” байх вэ.
Манж хийгээд Оросын санаархагчид биднийг бүдүүлэг гэж доош хийх гэсэндээ, ус нутагаас нь холдуулах гэсэндээ “нүүдэлчид” гэж ойлгуулсан байх аа. Нүүдэлчид бол дор хаяж тогтсон нутаг усгүй байдаг. Малгай тавибал манайх маргааш болбол хүнийх болдог сэтгэхүйтэй хүмүүсийг л нүүдэлчид гэдэг. Тэгэхээр манай хөдөөгийнхөн юуных нь нүүдэлчид байх вэ дээ.
Б.Лхагвасүрэн авгайн нэг их гоё үг байдаг даа. “Энэ хөх мөнхийн уул миний хүүгийн уул шүү” гэж. Тэгэхээр Монголын энэ их тал нутаг чинь бүгд эзэнтэй. Манай элэнц хуланцын гал голомт болоод миний төрсөн, өссөн нутаг бол Эргэнэгийн булаг, Дэлгэрцогт, Баян, Мааньт уул, Ботгон, Төгрөгийн говь, Өгөөмөрийн горхи.
Хатуухан өвөл болбол хоёр нүүгээд зуун горхи, мянган өвөлжөөтэй домогт Хэрлэн баян улаан ууланд өвөлжөөд хаврын cap гарав уу үгүй юу буцаад ирдэг юм. Би уг нь өвлийн идэшний тухай бичих гэсэн чинь хадуураад явчихлаа.
Жилийн хүнсээ базаана, өвлийн идшинд явна гэдэг бол монголчууд Манж, Оросын колони байсан үед ч одоо ч эвдэгдээгүй уламжлалт хүнд ажил. Мал сүрэг маань ноёдын мэдэлд коммунд, нэгдэл гэдэг хоршоонд, улсад, аминд байж үзсэн. Нэг л юмыг өөрчилж чадаагүй. Энэ нь хөдөөгийн монголчуудын хүнсээ бэлтгэх арга хэлбэр.
Айл болган ам бүлээсээ хамааралгүй, чадах чинээгээрээ өвөл бүтэн жилийнхээ махыг бэлтгэдэг. Манайх л гэхэд өвөг дээдсийн үед ч гэсэн, манай аавын үед ч гэсэн бүтэн жилийн хүнсэндээ хоёр бод нэг үхэр, нэг адуу, тав гурван бог хонь, ямаа мал хийдэг.
Гурван ам бүлтэй манайх ч, арав гаран хүүхэдтэй айл ч ав адилхан хүнс бэлтгэнэ. Үүнийгээ бүтэн жилийн хүнс гэж тооцоолно. Үхрийн өрөөл махаа арьсанд нь боож цасанд хаячихаад хавар иднэ. Үүнийгээ үүц гэнэ. Үхрийн нэг гуя, ямааны махтай борцлоод шуудайд хийгээд саравчин дээрээ шидчихнэ.
Зуныг өнгөрөөх борц болж байгаа нь тэрээ. Нар, урь амтагдсан, намирсан зөөлөн шар борц тийм муу хоол биш. Дүн өвлийн хүйтэнд малын махаа, цустай хольж хөлдөөж хярамцаг хийж аарцтай, будаатай холиод нэгдүгээр хоол болоо.
Гаднаас адууны хөлдүү махыг мод түлээ оруулж байгаа юм шиг хормойлж ирээд л тогоо тогоогоор чанаад хөргөчихнө. Адууны умс, хитай, цагаан шавай гээд ямар ч хүйтэнд царцдаггүй сайхан хоол байх.
Чанасан махаа давсанд дарсан хөмүүл, гоньдоор хачирлаад л, зэрлэг сонгино бүтнээр нь хийгээд л өвлийн хүйтэнд буусан суусан хоносон өнжсөн бүгдэд цагаан түмпэнтэй мах түлхэнэ. Эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүн ярьж эхэлж байгаа үед ийм хоол цэврийн цаадах цэвэр хүнс биш гэх үү.
Бүх малын цус ув улаан байхад адууны цус бяслаг шиг цагаан өнгөтэй болно. Цусыг нь цагаан эсний сийвэн гэж сайн тунгаагаад нарийн гэдсэнд нь цутгаж хөлдөөсөн цагаан шавай гэдэг салахын аргагүй сайхан зууш бий. Монголчуудын хувьд ам бүл цөөтэй бололцоотой айл нь “Зочид буудлын” үйлчилгээг давхар гүйцэтгэдэг юм. “Зочид буудлын үнэгүй хоол” бэлтгэхийн тулд л өвлийн идшээ ахиухан базаана.
“Хүн буудаггүй” нэртэй тал нутгийн дулаахан өвөлжөөнд Д.Цэрэндагва өвгөн, тэдний хүү, манай дүүгийнхтэй гурван гэр өвөлжиж байна. Өвлийн идшээ хийлээ. Тэр өдөр хот, аймгаас очсон бид ямар ч олон мал цааш нь харуулж нүгэл үйлдэв дээ.
Хоёроос дөрвөн насны хоёр хүүхэд, мал нядлахыг харж чаддагтүй мань мэтэд нь хүртэл идэш хийхэд ажил мундахгүй. Гал түлсэн шиг, дэлгэсэн маханд цуглах жунгаа шувуу үргээсэн шиг, адууны толгой шуудайд хийж ойр овоон дээр тавьсан шиг өдрийг өнгөрөөв. Тоолж үзвэл энэ хот айл өнөөдөр зургаан бод хориод бог мал хийчихжээ.
Харин мах хөлдөхтэй болж хүйтэрснээс хойш анх удаа хамгийн цөөхөн мал хийж эрт буусан нь өнөөдөр болжээ. Өнгөрсөн зун Япон улсын парламентын нэг сэтгүүлч ганц шил сакэ, бас далайн байцаанд ороосон цагаан будааны голд шигтгэсэн хумсын чинээ түүхий загасны махтай “кибаб” гэдэг хоолоор намайг дайлж хоёр цаг шахуу япон үндэсний хоол эрүүл хүнсний тухай хоёр цаг шахуу лекц уншсансан.
Тэрээр Япон улсын банк бол өндөр барилга биш далайн цэвэр хүнс юм гэсэн. Япон хүний оюун ухаан, хүч чадлын нууц хүнсэндээ байдаг гэсэн. Япон төрийн бодлогын нууц ч үүнд байдаг гэж их л итгэл үнэмшилтэй бардам байсансан.
Тэр сакэ гэдэг архи нь цагаан будааны голд байдаг хар үрийг ялгаж халуун аргаар нэрж гаргасан учраас их үнэтэй, биед сайн гэж гайхуулав. Далайн байцаа ба түүний голд хийсэн загасны жижигхэн түүхий махыг ёстой гайхамшигтай хүнс, залуужуулна, оюун ухаантай болгоно, хүч чадлыг нэмэгдүүлнэ, ёстой ориг гэж байна лээ.
Японы төр, япон үндэсний хоолоо гарамгай хийж чаддаг болсон өндөр мэргэжлийн тогооч нараа эхэлж дэлхийгээр нэг тарааж явуулаад тэд нь гадаадад ресторан нээдэг бодлоготой ажээ. Хойноос нь одоо тэр эрүүл цэвэр гайхамшигт хоолонд нь ордог байцаа, загасаа бэлтгээд явуулчихдаг гэнэ дээ.
Тэгээд л хоол хийхдээ хүртэл залхуурдаг Америк, Европыг япон хоолоор байлдан дагуулдаг гэж сайрхаж байна билээ. Өвлийн идшээ бэлтгэж байх зуур тэр Японы үг бодогдоод байсандаа хоолны тухай хэтэрхий нуршсан бол уншигч авхай нар өршөөгөөрэй.
Ингэний халуун хоормог, жаврыг нь гаргасан таанын айраг, ганц усаар авсан сүүний нэрмэл, чанаад хөргөсөн адууны умс, хитай, цагаан шавай, хонины сүүл хавчуулж жаахан түүхий шарсан элэг, за тэгээд хоолой хорсгосон үүцний хатаасан мах, нар, салхинд болсон шаргал борц энэ бүгд маань Монголын гайхамшигт эрүүл хүнс биш гэж үү. Энэ бол Монголын бас нэг баялаг биш гэж үү. Жилдээ нэг тохиодог өвлийн идэшнийхээ ард гарлаа. Мал алах идэш хийхэд нэмэргүй ч гэсэн би хөдөө явахдаа их дуртай.
Өнгөрсөн жил идшиндээ явахдаа Дундговийн нэг хот айлаар бууж “Нүүдэлчдийн казино” гэдэг тэмдэглэл бичсэн. Энэ жил Дундговьд зун сайхан болж Дэлгэр аваргынхан нүүж манай нутагт ирэлгүй нутагтаа өвөлжжээ. Уг нь би нэг шөнө казинодъё гэж төлөвлөж байсан юмсан.
Бас тэд ч хойтон идэшний цагаар ирээрэй гэж казинодоо урьсан юм. Аав маань ингэж хэлдэг байв. За миний хүү идэхээ харамлаад айл дэвждэггүй юм. Идэш муут жилийн гачлан, эхнэр муут насны гачлан гэдэг юм. Харин ээж өөхгүй хярамцаг өвлийн зуд өрөмгүй ааруул зуны зуд гэдэг байв даа.
Айл болгон жилийн идшээ хийчих. Идэх хоол, өмсөх хувцас суух сууцаа шийдвэрлэчихсэн ард түмэн яадаг юм бэ. Баяждаг юм. Бас бусдыг байлдан дагуулдаг юм. Дэлхийг байлдан дагуулсан Чингэсийн баатрууд агуу. Тэднийг хооллож хувцаслаж чадсан найдвартай ар тал тал нутгийн маань уугуул иргэд суугуул монголчууд түүнээс агуу.
Г.Дашцэрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: