ЗТХ-ИЙН САЙД “МИАТ”-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ТАМИРТАЙ УУЛЗАЖ, ҮҮРЭГ ӨГЛӨӨ
“МИАТ” компани гадаадаас онгоц түрээслэхдээ алдагдалтай гэрээ байгуулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай уулзаж, дээрх асуудлын талаар тодруулав.
“МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир, “Манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас өчигдөр шалгалт хийж байгаа. “Air Lease Corporation”-иас гурван онгоц түрээслэлснээс нэгийг нь 2013 онд буцааж өгсөн. “Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн юм. “AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр ашиглах боломжгүй байсан учир буцаасан. Онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй байсан юм. Гэрээний дагуу бид 10 циклтэй буцааж өгөх байсан ч ашиглах боломжгүй байсан тул 4 циклтэй буцааж өгсөн. Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулаад байна” гэсэн тайлбарыг хийлээ.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Гурван сая ам.долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлага алдагдадсантай холбоотой. Тиймээс “МИАТ”-ын ТУЗ энэ асуудлыг хэлэлцэж, удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, компанийн менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах хэрэгтэй. Мөн мэдээллээ ил тод, нээлттэй байлгаж олон нийтэд хүргэж байх ёстой” гэв.
URL: