Увс аймгийн “Ойрад” театрынхан ажилчдаа дарамталдаг гэжээ

527-151851329018901-bf2d8950-432d-11e5-871e-1f2aaf8a9efa

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөж буй асуудлаар Увс аймгийн Засаг даргад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагад:
“Шаардлага
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ТАНАА
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “Комиссын гишүүн гомдлын мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийв.
Хяналт шалгалтыг тус театрын ажилтнуудтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх, санал асуулга авах, холбогдох албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар авах, холбогдох баримт материалыг гаргуулан авах, баримтжуулах зэрэг аргачлалаар явууллаа.
Тус хяналт шалгалтаар хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:
1. Тус “театрын барилгыг 1956 онд тоосгон хана, чулуун суурь, шувуу нуруун дээвэртэйгээр барьж ашиглалтад оруулсан байх ба дотор халаалтын шугам, халаах хэрэгсэл хөлөрч зэврэлт үүсэж, ус алдсан хэсгүүдийг резинээр боож тогтоосон, бохирын шугам суулт өгснөөс болж тосгуур, суултуурыг ашиглах боломжгүй болсон, цахилгааны утасны ашиглагдах нормативт хугацаа дуусаж, өгөрших гэмтэл үүссэнээс зориулалтын бус утсыг илээр монтажилсан, дээврийн битүүмжлэл алдагдсанаас таазны шавардлага ус чийгэнд норж цуурч шарласан, газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм дүрмийн дагуу төлөвлөгдөж баригдаагүй, хүчитгэл хийгдээгүй, өргөтгөлийн барилгын суурь нь суулт өгснөөс болж гадна хананд ташуу ан цав цууралт үүссэн зэрэг зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх заалтуудыг зөрчсөн” гэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 27/62/16/64/587 дугаар, 2016 оны 20/07/030/307 дугаар дүгнэлтүүд тус тус гарсан байна.
Тус театрын барилгад 1966 онд сантехникийн их засвар, 1996 онд анхны их засвар, 2004 онд урсгал засвар, 2007-2008 онд мөн их засварын ажлууд тус тус хийгдсэн байх боловч дээрх нөхцөл байдалтай байгаагаас гадна хяналт шалгалтын үеэр барилгын дулааны шугамын халаалт сайн байсан хэдий ч барилгын битүүмжлэл алдагдсанаас барилга дотороо маш хүйтэн, ажилтнууд гадуур хувцастай ажил үүргээ гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх заалт “… хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах”, мөн Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт “Аймгийн Засаг дарга нь соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах” гэж тус тус заасан байна.
Иймээс тус театрын ажилтнуудын аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх;
2. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль, дүрэм, журамд заасны дагуу дуу, дүрс бичлэгийн камер, бусад техник хэрэгслийг ашиглаж болох хэдий ч түүгээр дамжуулан олж авсан баримт, мэдээллийг хэн ч хувийн зорилгоор ашиглах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээх, дамжуулах зэргээр хувь хүний нууцтай байх, нэр төртэй байх эрхэнд халдаж болохгүй.
Тус театрын дарга нь ажлын өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон болно.
Тэрээр уг олж авсан баримт, мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр нийт ажилтнуудын дунд, бусдад түгээсэн, нэр хүндэд халдсан, дарамт шахалт үзүүлсэн үйлдийг удаа дараа гаргасан байна. Тухайлбал, 2017 оны 6, 10 дугаар сард тус дуу, дүрс бичлэгийн камерт бичигдсэн уран бүтээлч У.Баатар, Ч.Энхтөр, Д.Цэвээнчимэд нарын үйлдлийг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга нарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурал дээр нийтэд дэлгэцээр үзүүлсэн нь дээрх нэр бүхий ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 33 дугаар зүйлд “Хүн бүр … эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дугаар зүйлийн 9.1-т “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт “…халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.” гэж зааснаас гадна Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор хувь хүний нууцад хамаарах асуудлыг зохицуулж, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Иймээс тус театрын даргын өрөөнд байрлуулсан гэх сонсох, чагнах төхөөрөмж болон дуу, дүрс бичлэгийн камерын асуудлыг таслан зогсоох, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авах;
3. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийхэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, энэ талаар гаргасан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгаагүй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах, Хөдөлмөрийн тухай хуулийн 130.2-т заасны дагуу хөдөлмөрийн дотоод журамд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж мөрдөж ажиллах;
4. Ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь “тийм” гэж, “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна. Мөн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар нийт ажилтнуудын хурал дээр театрын дарга нь “та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүгдийг чинь хянаж, чагнаж байгаа шүү, та нар манай өрөөнд орж ирээд хэлэх ярих зүйлээ сайн бодож байгаарай, та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий шүү” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн талаар дурдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, 7.4-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид мэдэгдэж, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах” гэж тус тус заасан байна.
Иймээс төрийн албан хаагчдад ажлын байрны дарамт үзүүлэх, аливаа хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоох, ялгаварлан гадуурхах явдлыг гаргуулахгүй байхад анхаарч, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж ажиллах талаар тодорхой арга хэмжээг авах;
5. Мөн нийт ажилтнуудаас авсан санал асуулгаар 27 ажилтан буюу 47,3 хувь нь ажил хавсран гүйцэтгэсний болон илүү цагийн, баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй, ажлын үр дүнг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж дүгнэдэггүй, шагнаж урамшуулдаггүй, ур чадварын болон бусад нэмэгдэлд хамруулдаггүй талаар дурджээ.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан ажил хавсран гүйцэтгэсний, илүү цагаар ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах;
Ийнхүү тус аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэн нь ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн камер байрлуулж, түүгээр олж авсан мэдээллээ бусдад өөрийнх нь зөвшөөрөлгүй түгээж, задруулсан зөрчлийг таслан зогсоох, театрын нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлж байна.
Энэхүү Шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.
Хувийг гомдол гаргагч нарт.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР” гэжээ.

 


URL:

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you 1

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих