Олон улсын зах зээл дээр суралцаж чадсан хэнд ч хөрөнгийн зах зээлийн үүд нээлттэй
Үнэт цаасны зах зээл гэдэг үг одооноос л Монголчуудад ойр сонсогдож эхэлж байна. Уг нь бол зах зээл эхэлсэн үеэс л, тодруулж хэлбэл 1990 онд аль хэдийн хэлбэрээ олчихсон байсан. Гэсэн хэр нь яагаад өнөөдрийг хүртэл амьдралын хөрсөнд буугаагүй юм бол. Шалтгаан нь цаанаа учиртай. Мэргэжлийнхэн үнэт цаасны зах зээл үүссэн шалтгааныг зохиомол гэж тодотгодог юм билээ.
Зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр, аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах гэж, тэрэнд нь зуучлагч хэрэгтэй болоод хөрөнгийн бирж байгуулагдаагүй. Зөвхөн улсын үйлдвэрийн газрыг хувьчлах зорилгоор байгуулагдсан. Шалтгаан нь өөрөө зохиомол, хөгжиж ирсэн зам нь бусад улс оронтой харьцуулахад арай өөр байдаг учраас шууд Хонгконгийн юм уу, Тайванийн хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг шууд хуулбарлах боломжгүй гэсэн үг.
Тэгвэл үнэт цаасны өнөөдрийг дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Жамаараа хөгжиж байгаа улсуудын туршлагыг шууд хуулбарлах араггүй. Гэтэл бидэнд туршлага хэрэгтэй байдаг яах вэ. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлагыг үндэслэх ёстой гэдэг нь бол гарцаагүй алхах учиртай зам.
Хөрөнгийн зах зээлээрээ манайтай ижил төстэй явж байгаа улсуудын туршлагыг судлах хэрэгтэй гэсэн гарц бий. Хөрөнгийн зах зээлээрээ манайхтай ижил төвшинд явж байгаа орнууд гэвэл Дундад Азийн улсууд. Эдгээр орнуудын хөрөнгийн зах зээлтэй өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлийг харьцуулаад Монголын гэх арай өөр хувилбарыг дундаас нь гаргаж ирэх хувилбар хамгийн амьдралд ойр, бодитой жим гэж бодож байна.
Оносон алхмаа хийлээ, итгэлтэй хөрс суурь нь байна уу?
Ингээд эхний алхмаа хийлээ гэж бодъё. Тэгвэл тэр туршлагыг хэрэгжүүлэхэд бид бэлэн үү. Бодох л асуудал. Хууль эрхзүйн орчноос эхлээд таатай хөрс бүрдэж чадсан юм болов уу. Шуудхан хэлэхэд хууль, эрх зүйн орчны хувьд хангалттай таатай гэж хэлэхээр нөхцөл хараахан бүрдээгүй. Хамгийн эхэнд зах зээлийн тулгуур хууль болох Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг эргэж харах хэрэгтэй.
Үнэт цаасыг арилжина гэдэг иргэний харилцаанд орж байна гэсэн үг. Энэ утгаараа Иргэний хуулийг анхаарахгүй орхиж болохгүй. Өмнө дурдсан гурван хуулинд сонгодог чиг хандлагыг нь харуулсан зохицуулалтуудыг хийж өгөх шаардлага бий гэж учир мэдэх улс ярьдаг нь оргүй биш. Үнэт цаас, Компанийн хуулийн тухайд 2000, 2001 онд шинэчилсэн найруулга хийсэн. Тэнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан ганцхан заалт байдаг.
“Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэсэн заалт. Харин яаж хамгаалах талаар нарийн заалтууд байхгүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн зах зээлийн кодекс гэсэн баримт бичгийг баталсан. Компанийн засаглал гэж юу юм бэ гэдгийг тэнд зааж өгсөн.
Тухайн компани санхүүгийн тайлан мэдээллээ ил тод байлгах, хувьцаа эзэмшигчийнхээ хурлыг цаг тухайд нь хийх, үйл ажиллагааныхаа тайлан мэдээллийг тухай бүрд нь эрх бүхий байгууллагад гаргаж өгөх гэх мэтээр хувьцаат компани ямар байх естой талаар засаглалын котексийг гаргаж баталж өгсөн. Тэр котексыг хэрэгжүүлэх механизмыг төрийн зохих байгуулага нь хийх ёстой. Санхүүгийн тайлан мэдээгээ мэдээлсэн компаниас мэдээлээгүй нь жин дардаг.
Тэгэхээр өнөөдөр мэдээллийн ил тод байдал, тайлагнал гэдэг зарчим алдагдсан гэсэн үг. Гэхдээ мэдээж байдал сайжирч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээр үзүүлэлт яах аргагүй 100 хувь байх ёстой гэдгийг бас мартаж болохгүй.
Иргэн нь боловсроогүй бол төрийн гоё яриа ажил болохгүй
Бидний анзаардаггүй хэр нь зайлшгүй анхаарах ёстой нэг асуудал бий. Тэр нь иргэдийг мэдээллээр хангах асуудал. Хөрөнгийн зах зээл бол итгэлцлийн зах зээл. Энэ итгэлцлийг бүрдүүлэхийн тулд, хөрөнгө оруулагч энэ зах зээлд итгэхийн тулд тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай.
Тэгэхийн тулд иргэдийнхээ санхүүгийн зах зээлийн боловсрол, бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байдаг. Тэгэхгүйгээр төр засаг мянга гоё юм яриад хувьцааг нь гаргаж өгөөд, үнэлүүлээд үр дүн гарахгүй. Тухайн хүн өөрт нь олгож буй давуу байдлаа ашиглаж, баялгийг бий болгож чадахгүй бол үр дүн гарахгүй. 438,000 хөрөнгө оруулагч Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Юуны өмнө одоо байгаа байгаа хөрөнгө оруулагчдаа идэвхижүүлэх хэрэгтэй.
Тэгээд дараагийнхаа замыг бодох ёстой. Цаашлаад сэтгэхэд санхүүгийн зах зээлд хөл тавих боломжтой насанд хүрсэн хүн хэд байгаа билээ. Тэр сая гаруй хүнийхээ санхүүгийн боловсролд хөрөнгө оруулах ёстой гэж бодож байна. Хөрөнгийн бирж дээр орж гарч байгаа хүмүүсийг харахад дандаа нийгмийн дунджаас доошоо хүмүүс байдаг. Тэднийг анзаарахад 90-ээд оны үеийн өмч хувьч-лалын асуудлаар явж байдаг.
Чингисийн зурагтай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ барьчихсан үүнийг яах вэ гэж орж ирж байгаа хүмүүстэй олон таарсан. Энэ асуудлаа манай улс өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна. Хэвлэл мэдээллийн байгуулагууд. үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгуулагууд, дээрээс нь зохицуулах байгуулагууд хамтарч системтэйгээр сургаж ойлгуул-чихвал энэ байдал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.
95 хувь нь банкаар, 5 хувь нь хөрөнгийн зах зээлээр…
Монголын хувьд нийт хөрөнгө оруулалтын 95 хувь нь банкаар дамжиж хийгддэг. Үлдэх тавхан хувь нь хөрөнгийн зах зээлээр дамжиж хийгддэг. Нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувь нь тэр хэмжээтэй байна гэсэн үг. Энэ хоёр хэмжээ тэнцвэртэй, баланслагдаж, тодорхой хэмжээнд өрсөлдөж байж санхүүгийн амьдрал эрүүл байна гэж онолчид хэлдэг. Санхүүгийн амьдрал эрүүл байна гэдэг үнэт цаасны зах зээл хөгжих үндэс болно гэдэг нь тодорхой.
Банкуудын хадгаламж яагаад өндөр байна гэдгээс авахуулаад л асуудлыг ярих ёстой. Зээлийн хүү өндөр, инфляци өндөр байгаа учраас хадгаламжийн хүү өндөр байдаг. Инфляци өндөр байгаа ураас хүмүүс мөнгөө үнэгүйдүүлж цаас болгохгүйн тулд инфляциас өндөр давсан хадгаламжид мөнгөө хийхийг бодно. Хадгаламж өсөхийг дагаад зээлийн хүү өснө.
Тэгэхээр шууд хөрөнгө оруулалт нь багасаад явчихдаг талтай. Ингэхээр хөрөнгийн зах зээлд орж ирэх мөнгөн урсгал дагаад хаагдчихаж байгаа юм. Тэгэхээр цаагуураа өргөн хүрээтэй цогц арга хэмжээ явуулж байж энэ асуудлыг шийдэж чадах болов уу. Мэдээж энэ сөрөг хандлагад иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг муу нь нөлөөлж байгаа. Ямар ч хүн мэдэхгүй юмандаа мөнгөө зарцуулахыг бодохгүй нь ойлгомжтой.
Олон улсын зах зээлд суралцвал гарц хангалттай бий
Энэ зах зээлээрээ дэлхийд гарах боломжийн талаар хүн бүр л ярьж байна. Тэр дундаа уул уурхайн салбарынхан. Монголын компани дэлхийн хөрөнгийн зах зээл дээр амжилттай гарчихсан байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын биржүүд мэдээж өндөр шаардлага л тавина. Шалгуур шаардлагын үндсэн үзүүлэлтийг үнэлгээний компаниуд тавьдаг. S&P Moodies зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний компаниудаар үнэлгээ хийлгэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байх.
Нэр хүндтэй газруудаар хийлгэсэн тохиолдолд биржид хувьцаа гаргахад нөлөөлдөг. Монголд дотоод нөөц баялаг хангалттай байна. Монголын баялгийг барьцаалаад Лондонгийн, Канадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан гадаадын 20 гаруй компани байна. Тэд яагаад манай баялгийг барьцаалж амжилттай явж чадаад байна вэ.
Гэтэл бид баялгаа барьцаалаад гарч яагаад болохгүй гэж. Энд нэг л шалтгаан бий. Тэд нар илүү менежмент хийж чадаж байна. Илүү хурдан хөдөлж байна. Орчноо хурдан мэдэрч байна. Тэгэхээр бид өөрсдийгөө жаахан мэдрээд тэдгээр зах зээлийг судлаад алхмаа хийвэл болохгүй гэх газаргүй. Олон улсын зах зээл дээр суралцаж чадсан хэнд ч хөрөнгийн зах зээлийн үүд үргэлж нээлттэй байдаг.
URL: