Санчес: Би Мессиг хувцас солих өрөөнд уйлж суухыг харсан
Алексис Санчес “Барселона” багийн од Лионель Месси 2012 онд Аваргуудын лигийн хагас шигшээд “Чэлси”-д хожигдсоныхоо дараа уйлсан тухай ярьжээ. Тухайн үед Жон Терри талбайгаас хөөгдөөд байсан тул каталанчуудад давуу байдал үүссэн хэдий ч Месси торгуулийн цохилтыг алдсанаар баг нь хожигдсон аж. Багийнхаа гишүүнийг уйлж суухыг хараад Санчес тоглогчид өөртөө ямар өндөр шаардлага тавьдаг болохыг ухаарсан гэнэ.
Өдгөө “Манчестер Юнайтэд”-ын довтлогч болж долоо хоногт 350 мянган фунт стерлингийн цалин хүртэх болсон Санчес хөлбөмбөгчид шударга бус үнэлэгддэг гэдэгт итгэлтэй байдаг аж. “Хөлбөмбөг олон хүнийг авардаг гэж би боддог. Энэ спорт чамд тансаг амьдралыг өгдөг. Гэхдээ хүмүүс тоглолтын цаана өрнөдөг олон зүйлийг хардаггүй. Өндөр цалин хүртсэнийхээ хариуд чи гэр бүлтэйгээ хамт байхгүй, эсвэл ээжийнхээ төрсөн өдөрт очихгүй, ихэнх нь хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч хамт байж чадахгүй гэсэн үг. Чи мөн шигшээд шалгарч чадаагүйдээ гутарч уйлж ч болно. Энэ бол хөлбөмбөгийн нэг хэсэг.
“Чэлси”-тэй хийсэн тоглолтын дараа хувцас солих өрөөнд би Леог уйлж байхыг харсан. Энэ нь тоглогчид өөрсдөдөө хэтэрхий өндөр шаардлага тавьдгийнх. Хүмүүс үүнийг хардаггүй. Заримдаа хүмүүс “Тэр муу томорчихжээ” эсвэл “Тэр их өөрчлөгджээ” гэж хэлдэг. Чамайг ганган машин худалдаж авахад хүмүүс бардаж байна гэдэг. Би энэ спорттой холбогдож өнөөдрийг хүртэл өсөн дэвжихдээ маш их зүйлийг ойлгож ухаарсан. Тэдний нэг нь чи хүн бүхэнд таалагдах боломжгүй. Заавал ганц хоёр хүний эгдүүцлийг хүргэж л таарна. Хөлбөмбөг надад маш ихийг ойлгуулсан. Би мэдээж хөлбөмбөгт хайртай, энэ бол миний хийдэг зүйл. Тийм болохоор би бүгдэд таалагдах гэхийн оронд зүгээр л аз жаргалтай байхыг хичээдэг” хэмээн тоглогч эр ярьжээ.
URL: