БАРИЛДАХ ТООГОО БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БӨХЧҮҮДИЙН НЭРСИЙГ ЗАРЛАЛАА
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмын хэрэгжилтийн дүнг өнөөдөр /2018.02.13/ танилцууллаа.
Тус холбооны тэргүүлэгчид өнгөрсөн оны наадмын дараагаас Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам гаргасан.
Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг насны байдлаар тогтоож, жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй зэргээр босго, болзол тогтоосон шинэ журмыг 2017 оны есдүгээр сарын 30-наас мөрдөж эхэлсэн юм.
Нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан, бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцохын аль алийг зохицуулахаар заасан Оролцооны журмын дүнг МҮБХ хуваарийн дагуу ийн сар шинийн өмнө танилцуулж байна.
Энэ удаа есдүгээр сараас цагаан сар хүртэлх хугацаанд бөхчүүдийн заал, танхимын барилдаанд хэрхэн оролцсоныг нэгтгэн дүгнэсэн ба журмын дагуу шаардлага хангаагүй бөхчүүдийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй байх хүртэл зохицуулалттай юм.
БӨХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРМЫН
ХЭРЭГЖИЛТИЙН ДҮН
Эмчийн магадлагаа, ар гэрийн гачигдал болон бусад шалтгааны улмаас барилдаагүйг гэрчлэх бичиг баримтыг МҮБХ нягтлан шалгаж, сар шинийн барилдаанд барилдуулах эсэх асуудлыг шийдэх ажээ.
БӨХЧҮҮДЭД ТАВЬСАН ШААРДЛАГА
Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоосон.
35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувьд буюу 10 барилдаанд барилдана.
29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувьд буюу 14 барилдаанд барилдана.
Харин Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй гэж заасан.
ЖУРМЫН ДАГУУ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Жил бүрийн 9-11-р сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.
Жил бүрийн 9-11-р сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.
Цагаан сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7-р сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоо заан өгч барилдуулна.
Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.
Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, ивээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана гэхчлэн журамлажээ.
URL: