Ч.Жаргалсайхан: Хилээр орж ирж буй шаардлага хангахгүй автомашин түгжрэл үүсгэж байна

-Улаанбаатар хот гадны улсын хогийн цэг болж гүйцлээ-

Замын цагдаагийн газар, Нийслэлийн хөдөлгөөн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа, доктор, дэд профессор Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Нийслэлд яг одоогийн байдлаар нийт хичнээн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа вэ?

-Нийт 350 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Авто тээврийн газраас ирсэн албан ёсны тоо нь энэ.

-Зам улам түгжрээд байгаагийн гол шалтгаан нь юу байна. Хот удахгүй таг бөглөрнө гэдэг үнэн үү?

-Хүн болгон автомашинтай болж ихээхэн техникжиж байна. Үүнтэй холбоотойгоор автомашин ихэсч байгаа. Автомашины өсөлтөөс харахад хүмүүсийн амьдрал сайжирч, манай орныг үсрэнгүй хөгжиж байна гэж хэлдэг.

Гэтэл бодит байдал дээр гаднаас голдуу хуучин, утаа тортог ихтэй автомашинууд их орж ирж байна. Хэдийнэ шаардлага хангахаа больсон хуучирсан, техникийн шаардлага хангахгүй, тухайн улсдаа ашиглагддаггүй автомашинуудыг манайхан оруулж ирж худалдаалдаг. Энэ нь автомашинтай болох биш харин ч эсрэгээрээ сөрөг нөлөө ихтэй болж байна. Нэг үгээр хэлбэл, нийслэл маань гаднаас ирдэг чанарын шаардлага хангахгүй автомашины цуглуулга болж гүйцлээ. Хогийн цэг болж байна.

-Замын хөдөлгөөн xaриуцдаг танай байгууллагын хувьд энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Зөвхөн Замын цагдаагийн газар бус төрөөс хяналт тавьдаг болмоор байна. Дор хаяж арван жил хэрэглэсэн автомашинуудыг оруулж ирэх хэрэгтэй. Мөн буруу талдаа жолоочтой автомашинууд манай нөхцөлд тэр болгон таарахгүй байна. Хилээр үнэ хямд, хуучин автомашин оруулж ирдэгээ бүрмөсөн болимоор байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын чухал зарчим алдагдагдахад хүргэж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их стресстэй явдаг.

Учир нь саадыг тойрох, замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдөө дүрэм зөрчиж нэгэндээ хүндрэл учруулдаг. Мөн шинээр орж ирж байгаа автомашинуудын оношилгоо болон техникийн тал дээр их анхаарч байх хэрэгтэй байна. Мөн хуучин машины сэлбэг ихээр орж ирж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна. Тухайлбал, машины мотор муу, шилний гэрэл сайн ойлгож чадахгүй, зарим нэг гэрэл нь огт асдаггүй үнэ хямд сэлбэг хэрэгсэл, автомашин оруулж ирдэг.

Үүнийг хянадаг байгууллага яг одоогоор байхгүй байна шүү дээ. Хилээр орж ирж буй энэ асуудлаа шийдээгүй байж замын бөглөрлийг тийм ч амархан шийдэж чадахгүй. Бүхэл бүтэн хариуцдаг яам байгаа мөртлөө энэ мэт асуудал дээр хяналт тавьж ажиллаж чадахгүй байна. Энэ мэтчилэн ажлаа хийхгүй бол энэ яам өөр юу хийх гээд суугаад байгааг л огт ойлгохгүй юм.

-Түгжрэлийн гол шалтгааны нэг энэ болж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Та нар өөр юунаас шалтгаан хайх гээд байгаа юм. Энэ чинь л хамгийн гол асуудал. Шаардлага хангахгүй автомашин унаж байгаа нөх-дүүд замын голд түгжрэлийг үүсгэж байгааг тогтоосон.

-Замын цагдаагийн газраас техникийн шаардлага хангахгүй автомашиныг цэгцлэхэд ямар арга хэмжээ явуулж байна вэ?
-Замын цагдаагийн газраас байнга хяналт тавин ажилладаг. Техникийн хувьд бүрэн бус автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн дүрмийн үүднээс эдгээр машинуудыг хураах буюу тодорхой хэмжээний торгууль тавьдаг.

-Жолооны курс төгсч байгаа жолооч нарын ур чадвар дээр Замын цагдаагийн газраас хяналт тавих боломжтой юу. Сүүлийн үед чадвар муутай жолооч нар ихээхэн гарч байна гэж яригдах болсон?
-Замын цагдаагийн газраас шалгалт авдаг цөөхөн хүн байдаг. Тэдгээр хүмүүс тэр бүр очиж хяналт тавиад байж чаддаггүй л дээ. Ер нь хаа хаанаа хүн бүр өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй.

-Шинээр тавигдаж байгаа зам стандартад нийцэж байгаа юу. Та энэ талаар  ямар  бодолтой явдаг вэ?
-Жолооч нарыг хурдан шуурхай явахад туслах нь гол асуудал биш. Анхнаас нь стандартад нийцсэн сайн замыг л тавих хэрэгтэй. Явган хүний зам, хашлага, цагаан шугам зэрэг аюулгүй зорчих бүхий л техникийн үзүүлэлтийг хангаж байж стандартад нийцсэн зам гэж хэлдэг байх. Зүгээр нэг хучилт хийсэн замыг зам гэдэггүй.

Хэрэв ийм байдлаар зам тавьж байгаа бол энэ маш том эндүүрэл. Зам хийх гэж байгаа бол иж бүрэн зам л хийх ёстой. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Манайд ганц нэг л шаардлага хангасан зам байна л даа.

-Шинэ жил дөхөөд ирэхээр замын хөдөлгөөний ачаалал маш их үүсдэг. Замын цагдаагийн газраас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Баяр дөхөөд ирэхээр замын хөдөлгөөн их ачаалалтай болдог. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс хяналт, шалгалтаа сайжруулан ажиллаж байгаа.

Э.Оюунцэцэг

niislel times


URL:

Сэтгэгдэл бичих