Гуравхан сая хүний тархи руу ийм их дуу чихэх гэж?

17721

Нийтлэлч Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна.

Манай статистикчдэд энэ талын мэдээлэл байдаг болов уу? Эсвэл СУИС-ийн судалгааны төв, салбарт нь бий болов уу? Урлаг соёл судлалын өөр хүрээлэн, төв байдаг бол тоо баримт бүхий судалгаа байна уу?

Байдаггүй бол байлгаач ээ хэмээн уриалан дуудаж, өдөж, хатгаж байгаа маань энэ ээ. Эрх чөлөөгөө бүрэн эдэлсэн энэ 28 жилд нийтийн хичнээн дуу зохиогдсон бэ? Нийтийн дууны хичнээн дуучин байна вэ? Бичүүлсэн дуу, хальс, клип хэд байна вэ? Тэр бүгдийг тоолж гаргаад гурван сая хүн амдаа хуваавал дундаж тоо гарах учиртай.

Би өөрөө урлагийн зүтгэлтний хүү, аав маань баримтат киноны нэртэй найруулагч явсан. Тийм учраас надад урлагийн наад захын мэдрэмж, мэдлэг бий. Гэхдээ гарчигт хорлонтой тавьсан асуултаа тавихгүй болоод л үзэг цаасаа дахин нийлүүлж байгаа маань энэ ээ.

СУИС-ийн нийт оюутны 3/2 нь өвөрмонголчууд байна гэх цуу яриа сонсоод бий хувьдаа баярласан. Нэг хэсэгтээ дан өвөрмонголчууд болгочихсон ч яадаг юм гэж үе үе бодогддог. Нэгэнтээ бэлтгэчихсэн, одоо бэлтгэж буй дуучид (нийтийн дууны), жүжигчид, хошин урлагийнхан чинь гуравхан сая хүн амдаа хэт ахдахаар тоотой болчихоод удаж байна.

Зовлогоо зовоохгүй хоолоо олж идэх, тэгээд тэр МУСТА, МУГЖ, МУСГЗ, МУАЖ хэмээх цолтон болох зам нь дурайстай байна гээд нийтийн дуучид, жүжигчдийг конвейроор нь үйлдвэрлээд байж болохгүй гэдэг сэдвийг би 20 гаран жил мөн ч их хөндлөө. Дахиад хөндчихье.

Ардчиллын үеийн шинэхэн түүх. 1997 оны намар, Малайзийн Ерөнхий сайд М.Махатир Монголд айлчилж, дуурийн театрт хүндэтгэлийн концерт үзэж байх юм. Тэрээр “Хунт нуур”, “Шелькунчиг”, Чайковскийн тухай анхны ойлголтыг тэр үед л авч гэнэ дээ. Учир нь насандаа үзэж сонсоогүй юмаа үзэж байгаа нь тэр байв гэнэ. Нутагт нь ч байдаггүй юм байх. Дуурийн дуучин, хийлчин, төгөлдөр хуурч, балетчин Малайзид байдаггүй, Сингапурт ч ялгаагүй. Сингапурт дуурь-бүжгийн эрдмийн театраа XXI зуунд дөнгөж байгуулсан ба саяхнаас хүмүүсээ бэлтгэж буй.

Сингапурын хөгжлийн архитекторч Ли Куан Ю дуртгал номдоо одоо яг бид суралцууштай баахан сургамж бичжээ. 1965-1990 онд Ерөнхий сайд асан тэрээр олон улсын аливаа хурал чуулганд явахдаа зөвхөн туслахтайгаа хоёулхнаа онгоц дамжин олон улсын ердийн нислэгээр, харин зэргэлдээх Бангладешийн төрийн тэргүүн гэх нэг эрхэм Боинг жамбо хөлөглөн 300 бараа бологчоо дагуулан их л сүртэй зэрэгцэн очдог (заримдаа хоёр Боингоор) байж. Бангладешийн Ерөнхийлөгчийн хөлөглөж яваа онгоцны сүрлэг сайхныг хэлж барах юм биш. Бангладеш нь эдүгээ хүртэл сэхэж чаддаггүй, дэлхийн хамгийн том гуйлгын тулам, дэлхийн эдийн засгийг үнэлэх бүх үзүүлэлтээр дэлхийн 200 улсын дотор сүүлийн 5 дотор баттай зогсож байна. Энэ бол Ли Куан Ю-гийн сургамжилсны зөвхөн ганц нь.

“Зүүн Азийн загвар” гэгч нь Монголын хөгжилд чухам тохирох тухай ярьдаг сэтгэдэг нөхдөд зориулж би бичиж байна. Гуч дөчин жилийн цөхрөлтгүй хөдөлмөрөөрөө баялаг хангалуун амьдралыг Сингапурт бүтээчихээд дөнгөж саяхнаас урлагаа хөгжүүлж эхэлж байгаа бололтой. Тэгэхдээ сингапурчууд хөмөрсөн тогооны доторхи шиг харанхуйчууд биш л дээ. Урлаг уран сайхны мэдрэмж нь монголчуудаас тасархай хоцорсон гэдэгт би итгэлтэй байна. Мэдээлэл зүй, технологи, бизнес, хэтэвчин дэх мөнгөөрөө бол тэд олон арван жилээр (арай 100 жил бүү байгаасай!) хол түрүүлсэн.

Дахиад баримт эшлэе. Дэлхийн хамгийн их өрсөлдөх чадвартай эдийн засагтай гэж Сингапурыг Олон улсын хөгжлийн менежментийн хүрээлэн (Швейцарь) олон удааүнэлсэн, эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлт (Хонконгийн наана цаана), үйлдвэрлэлд компьютер робот хэрэглэх үзүүлэлт (Японы наана цаана), далайд нефть олборлох цооног үйлдвэрлэл (АНУ-тай ана мана), нефть дахин нэрэх технологи (АНУ, Нидерландтай ана мана), тэнгисийн боомтын үйлчилгээ (Хонконгийн наана цаана), хөрөнгийн бирж нь Лондон, Нью Йорк, Токиогийн дараа, эсвэл өмнө нь, банкны үйлчилгээгээр Лондон, Нью Йоркийн дараа, эсвэл өмнө нь гэхчлэн жирийлгээд өгнө дөө. Байгалийн баялаг байтугай цэвэр усны нөөц байхгүй, даанч давчуу жижиг нутагт 4 сая гаруй хүн, улсдаа ганц ч дуучин, жүжигчин, бүр ганц ч театр байхгүй үедээ шүү, ийм баялгийг яаж бүтээв ээ? Гайхшаа бараад би бичиж, сурталчилж байгаа хэрэг шүү дээ.

Аливаа улс оронд нийгмийн хөгжлийн тэргүүлэгч, дагалдагч салбар гэж байдаг нь жам юм. Тэргүүлэгч гэдэг нь чирэгч, локомотив, тодорхой хэлбэл экспорт, банк, бизнес, капиталын хуримтлал, тэдгээрийг ажиллуулагч хүмүүний тархи оюун, хөдөлмөр чармайлтыг хэлдэг. Дагалдагч гэдэгт урлаг, спорт, уран сайхан, зугаа цэнгэл нь орно. Эхнийх нь аль ч улсад байх шаардлагатай бол хоёр дахь нэг хэсэгтээ байхгүй байж болно. “Зүүн Азийн хөгжлийн загвар” гэж чухам энгийнээр бол энэ л дээ. Урлаг спорт нь мад байхдаа л тэд “Азийн бар” болцгоосон байдаг юм билээ.

Гэтэл манай Монголд эсрэгээр эргэчихжээ. “Нүүдлийн соёл иргэншил”-ээс угшилтай утга урлаг, уянгын сэтгэлгээ нь Монголыг чухамдаа дуучдын өлгий орон болгосон ба дээр нь бөхийн өлгий нутаг гэх мэт цаасан малгай өмсгөж бас болно. Гуравхан сая хүн амын бүтцийг задалж үзвээс ихээхэн гайхалтай тоо гарна. Жишээ нь бичиг үсэг бараг тайлагдаагүй шахуу хэрнээ тархиндаа хэдэн зуун дуу цээжилчихсэн дуулж яваа хүн дэндүү олон юм шиг. Дээр нь тэр дууг нь конвейроор нь үйлдвэрлээд, дуучдыг нь конвейроор нь үйлдвэрлэж дуулуулаад байхыг нь яана гээч! Бүх ард түмнээрээ тэгтлээ цангаж үхэж байсан мэт урлаг уран сайхны ёроолгүй ангал руу ёстой нэг ниссээр ертөнцийн хар өдрүүдийг (мөнгөгүй, орлогогүй, ядууг нь хэлж байна) өнгөрүүлэх, яасан гаслантай хөөрхийлөлтэй дүр зураг вэ?

Чухам аль чихээрээ оруулаад гаргадаг юм, тархи толгойных нь хаана зай эзэлж багтдаг юм гэмээр маш их нийтийн дуу, дуучин, хамтлаг, үг, ая зохиогч, хошин урлаг, шоу клип, яруу найраг, яруу найрагч,бөх, бөхийн тайлбарч, бөх сонирхогч, засуулч, уяач, шагайн харваа гээд бичвэл ёстой дэлхийг гайхуулах нүсэр тоо гарах байх.

Нийгмээ чирж гулдарч явах хэсэг нь Монголд ялихгүй өчүүхэн. Тиймдээ ч ядуурал, ажилгүйдэл, орлогогүйтэл, утаа гээч энэ гамшгаас ардчиллын 28 жилд гарч чадаагүй, цаашдаа нь энэ ёозоороо бол лав 10, 20 жилдээ гарахгүй мэт. Урлаг спорт цэцэглээд цэцэглээд нийгмээрээ баяжсан нь үгүй, хэдхэн цөөн тооны хүний амьжиргаа илтэд сайжраад л, үзэн баясагчид нь хавтгайдаа ядуу, мөнгөгүй хорвоог туулж байна. Эдийн засгийн олон индексээр Бангладешийн өмнөхөн явааг саначихаарай. Гэхдээ тэд 150 саяулаа, бид гуравхан сая гээд харьцуулчих. Бангладеш нь манай хоёр аймгийн дайтай газартбайгалийн огтын баялаггүй чихцэлдэн суугаа бол монголчууд бид далай шигих газартаа хөрсөн дороо, дээрээ барагдашгүй их баялагтай, 60 сая малтай, тэгсэн хэрхээ ядууран суугаа, гол ялгаа нь тэр.

Социализмын жилүүдэд хөөтэй тас хар Монголыг ертөнцийн гэрэл гэгээнд гаргаж ирж золгуулсныг үгүйсгэх гэсэн санааг би энд бичээгүй. Тэгэхдээ дуу хууртай ядуу гуйранч байсан нь дээр үү, дуу хуургүй лус шиг баян байсан нь дээр үү гэдгийг эрүүл ухаанаар ялгаж салгаач хэмээн уриалж байна.

Зөвлөлтийн дагуул орон байсны гавьяа нь одоогийн энэ их дуу хуур, урлаг, уран сайхан, одон медаль, гавьяатын дон юм. Ядуу хэрнээ нүдээ бүлтэртэл гоёдог, хамаг өнгөтэй өөдтэйгээ гайхуулж явдаг нь бас орос ах эгч нараасаа сурсан эрдэм. Европын дэлгүүрүүдэд орос, монголчуудад үйлчлэх нэн дуртай, учир нь тэд ядуугаа мэдэхгүй чамин юманд нүдээ унагадаг.

Эдүгээ Монголын олон ТВ-үүдийн нэвтрүүлгийг ажих аваас нийтлэг зүйл нэг л байна. Ихэнхи цагаа солонгос сериалд (гэх мэт орос, америк, хятад, туркийн адал явдалт элдэв кино) зориулж байгааг дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл гээд гоочлохоо болилоо гэхэд ажлын өдөр, амралтын өдөр ялгаагүй нэвтрүүлгийн үлдэх цаг нь бараг тэр чигээрээ элдэв концерт, хоршоо ба нийтийн дуу, хошин урлаг, үндэсний бөх, караокэ, зугаа цэнгүүн, зараар дүүрч, үзэгдчээ уйдаахгүй талаасаа бол дээд үнэлгээ авахаар, мэдээлэл технологи даяаршлын, их өрсөлдөөний эрин үед бол дуу клип, хошин урлаг, спортоор ард түмнээ заавал тэгж залхаах хэрэг байна уу гэж харуусмаар.

Миний үзэл бодол уншигчдыг эгдүүцүүлж болно. Учир нь хүмүүжлийн асар их үүрэгтэй гэж зөвтгөх биз. Энэ их дуу хуур, урлаг уран сайхан нь олон хүнд зөв замыг нь зааж өгсөн байх, буруу замаар будаа тээлгэсэн гэж арай хэлэх гээгүй. Гэвч хичнээн хүнийг баяжуулсан, улсын сан хөмрөгт хичнээн хэмжээний хатуу валют оруулсан, экспортод хэр нөлөөлсөн гэвэл хариулах хүн байхгүй. Адаглаад Монголдоо “од”, “охь”, “манлай” бологсод дэлхийд хэр үнэлэгддэг вэ? Гадаадаар явж аялан тоглосон хэмээн өөрийгөө ба фэнүүдээ хуурч мэхлээд л, сайндаа л хар цагаанаар буй монголчууд нь гэр орноо санасандаа тоглолтыг нь үзэж зовлонгоо мартдаг шүү дээ. Харин эндээ бол фэн гэгчдийнхээ хийж бүтээхийг сарниулж, амьдралынх нь доройтолд дасгаж байгааг нь харуусавч баршгүй. Зугаа цэнгэл, дуу хөгжим хөөж явагсад дэлхийн боловсролоос хөөгдөх нь энүүхэнд, өөрсдийгөө таних чадвар мэдрэмжгүй болж хоцрох нь бүр аюул.

Урлаг дуу хуур хэт их хөгжсөнөөс шалтгаалан өөдөлсөн улс гүрэн дэлхийд нэг ч байхгүй, энэ бол хөгжлийн түлхүүр биш гэдэг нь нэгэнтээ батлагдсан. Ардчиллын буянаар зад тавьсан энэ их дуу хуур, концерт шоу монголчудын генид дэвшил авчирсангүй, ядуурал золбин тэнэмэл амьдрал, ажилгүйдэл архидалт, эрүүл мэндийн доройтол, өтгөрсөн утаа, тэр болгоныг энд бүгдийг бичилтэй биш. Энэ бүхэн эдийн засгийн нөгөөх чирэгч локомотивгүй болсны гай түйтгэр юм шүү дээ. Экспорт гэснийх, энэ их дуучид хамтлагууд Улаанбаатартаа ингэж их хөөрцөглөж байхын оронд дуугаа англиар тууриваад дэлхийд танигдвал арай өөр хэрэг л дээ. Тэр бол шал өмнөө ойлголт юм. Ухаан нь клипээ MTV-д бичүүлчвэл болох нь тэр. Тэгэхдээ байнга шүү.

Урлаг спортын ямар ч мэдрэмжгүй, гоо сайхан гэж огт байхгүй, уянгын халилгүй хятад, солонгос, зүүн өмнөд азийн навшгар хамартангууд манай энэ улсыг хөлдөө чирнэ, тэр цаг тун холгүй. Учир нь тэд мөнгөтэй, тэд олуулаа, бид цөөхүлээ, бас хов хоосон, гэвч гандан бууршгүй урлагийн авьяастай, энэ хоёрыг эрүүл ухаанаар дэнслээд үз дээ!

Дуу хуурандаа умбаж наргисан Энэтхэг, Бангладешээс, эдүгээг хүртэл өөрийн гэх төр улс, бичиг үсэггүй яваа дуучин бүжигчдийн хүн сүрэг–цыгануудаас сургамж авъя. Бидэнд олдож буй энэхэн алтан боломж, түүний үнэ цэнийг хий гоёж гангараад, хий чамирхаад, дуулж хуурдаад, одон медаль болгож олшруулаад, наадам шоу концерт болгоод өнгөрөмгүй бус уу?

Нийтлэлч Баярхүү |


URL:

Сэтгэгдэл бичих