Татварт дарлуулсаар байтал өндийх ч тэнхэлгүй болох нь
-Жолоочийн даатгалд заавал хамрагдана гэнэ үү- Манай улсад татвар хураамж, шимтгэлээс их юм алга. Юм худалдаж авахад нэмэгдсэн өртгийн 10 хувь, орон нутгийн зам ашигласны хураамж, төрийн тусгай бүсэд нэвтэрсний, за тэгээд эрүүл мэндийн, нийгмийн даатгалын, хүн амын орлогын албан татвар, гэнэтийн ашгийн гээд тоочоод байвал бид нарын тооцоолоогүй зардлууд сэм сэм халаасны цоорхойгоор урссаар л байдаг. Юм худалдаж авах гэхээр нөат гэх нэрээр нэмээд 10 хувийг авчихна. Хотын замаас гарлаа л бол хэдэн постнуудад 500, 1000-аар нь мөнгийг хураалгана, муу энд тэндэхийн хар захын хаалгаар ороход хүртэл хураамжтай гээч. За тэр эрүүл мэнд нийгмийн даатгал хоёр яахав уг нь төлөх ёстой гэж боддог. Гэтэл үүнийгээ төлсний хэрэг гарах нь уу гэж сүүлийн үед бодох болсон. Сар бүр эрүүл мэндийнхээ шимтгэл хураамжийг төлж байгаа хэрнээ түүнийхээ хариуд эмнэлэгт ганц удаа очоод үзлэгт ордоггүй хүн надаас эхлээд хар мянгаараа байгаа. Тэр мөнгө нь хуримтлагддаг бол би ч саятан болчихсон байгаа нь лавтай. Сүүлийн үед дуулах нь ээ энд тэнд хэвлэл мэдээллээр энэ мөнгийг эрх мэдэл бүхий хүмүүс завшиж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлээд мөнгийг нь өөртөө завшсан хэрэг гарсаныг та мэднэ.
Нийгмийн даатгалын шимтгэл гэж бас нэг юм байна. Хураалгаад л байдаг хураалгаад л байдаг эцэстээ 19 жил шимтгэл төлөөд цаашид төлөөгүй бол тэр мөнгө улсын хөрөнгө гэж байгаа. Заавал хорин жил төлж байж насандаа суугаад хэд гурван төгрөг авдаг болох юм гэсэн. Бас болоогүй ээ сүүлийн үед энэ мөнгийг хэрхэн тогтоох вэ гэдэг дээр салбарынхан болон эрх мэдэлтнүүдийн хүрээнд багагүй маргаан үүсч байгаа дуулдсан. 20 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгийн дунджаар нь тэтгэвэр тэтгэмжийнх нь хэмжээг тогтооно ч гэх шиг. За энэ ч яахав.
Өөр нэг хачирхалтай зүйл бас болоод өнгөрчихлөө. Энэ эрх мэдэлтнүүд иргэдийнхээ энэ олон татвар хураамж шимтгэлүүд дээр жолоочийн даатгал гээч зүйлийг нэмээд бүр хуулиар баталгаажуулаад гаргачихав. Тодруулбал, хэрэв та ямар нэг тээврийн хэрэгслийг барих эрхийн үнэмлэхтэй л бол жил бүр бас татвар төлөх гэнэ.
Энэ нь “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 мянга 500 төгрөг, “В”-д 33 мянган төгрөг, “С” ангилалд 42 мянга 500 төгрөг байх жишээтэй. Түүнчлэн “D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53 мянган төгрөгийн хэмжээ тогтоосон байна. Харин “механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 мянга 500 төгрөг байхаар зохицуулжээ. Хэрэв ВСD гурван ангилалтай гэж үзэхэд 128,500 төгрөгийг та төлнө гэсэн үг. Манай аав л гэхэд BCDE дөрвөн ангилалтай. Тэгэхээр 141,000 төгрөг жилд төлөх болох нь. Ажил хийе гэхээр нас нь дэндүү өндөр тул авах газар ховор. Тиймээс гэр зуур л өнжинө. Залуу насандаа Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тул сардаа групп тэтгэвэр гээчийн аль нь ч олгогддоггүй. Гэтэл гэрт ямар ч орлогогүй хүн өнөөдөр ашигладаггүй үнэмлэхнийхээ төлөө улсад 141 мянган төгрөгийг нь төлнө гэж бодохоор хэцүү биш гэж үү. Ямар хууль нь гэхээрээ ийм байдаг байна аа. Мань мэт нь яах вэ, ганц В ангиллынхаа 33 мянган төгрөгөө төлөөд байж дөнгөх л байх. Би төлдөг л юм байж. Харин үүнийг над шиг ажил төрөлтэй хэрнээ эрс эсэргүүцэх хүн цөөнгүй байгааг хэн хүнгүй л мэднэ. Бүр наад хуулийг чинь хуулийн төсөл санаачлахаас эхлээд хэлэлцэх шатанд нь хүртэл иргэд болон хэвлэл мэдээллийнхэн хэр ихээр эсэргүүцэж байсныг төрийн ордонд алхаж яваа ямарч гишүүнээс асуусан мэдэж л байгаа ш дээ. Ийм байтал заавал эсрэг хөдөлж элдэв хачирхалтай хууль энэ тэр батлах нь ямар ашигтай вэ.
Эсвэл улсын төсөв тэлж, иргэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж эхлэнгүүт төр зангаа таниулж, нэмнэ гэсэн хэдэн төгрөгөөсөө багыг нь ч болов буцааж авах гэсэн юм уу энэ төр. Бас дээр нь тэр нийслэлийн иргэний татвар гээч юм яригдаад байгаа. Аягүй бол удахгүй үүнийгээ батлаад дахин нэг татварыг та бид төлөх болох биз. Яана даа иргэд минь, татварт дарлуулсаар байтал өндийх тэнхэлгүй болох нь байна даа.
olloo
URL: