Ард түмэн тоо мэднэ, бүү басамжил улстөрчид өө

0d365d62be543ceab1dea855ac7a5046Хэдэн өдрийн өмнө Ардчилсан нам Төв талбай дээр Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж жагсаал хийв. Энэ үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “2016 оны зургадугаар сард ам.долларын ханш 1850 төгрөг байсан.

Харин өнөөдрийн Монголбанкны албан ханшаар 2470 байна. Ийнхүү ам.долларын ханш 30 хувиар суларсан нь одоогийн эрх баригчдын буруу” гэсэн утгатай уриа лоозонг тунхаглав.

Эдийн засаг уналттай байгаа нь одоогийн эрх баригчдын буруу мэтээр ард түмэнд сурталчилав. Угтаа бол “Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав” гэдэг зүйл  энд болж байгаа юм. Анх “Чингис бонд”-ыг гадаад зах зээл дээрээс  босгохдоо бондын мөнгөөр уул уурхайн дэд бүтцээ шийднэ, бүтээн байгуулалт хийнэ, төмөр замаа барина, “Тавантолгой”-гоо хөдөлгөнө гэж гаднынханд амласан. Эцэс сүүлдээ тухайн үеийн Засгийн газрын байр суурь эргэж. “Тавантолгой”, “Оюутолгой”-г гацаасан. Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүү зах зээлийн үнээс огцом зөрүүтэй болсон.  Ингээд эдийн засаг нь буруу замаар будаа тээсээр  өнөөдөр ангалын ирмэгт ирээд байгаа. “Чингис бонд”-оос зээл авагсад одоо болтол зээлээ төлөөгүй. Эцсийн дүндээ улс нь өрөнд унасан. 2012 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөний дүнд эдийн засаг нь тогтворжиж гадныхан биднийг сонирхох болсон.
Энэ эерэг уур амьсгалыг “Чингис бонд”-оор алж орхисон нь эдийн засагт эмгэнэлийг авчирсан нь нууц биш. Харин одоо түүнийх нь уршиг эдийн засагт хор хохирол учруулаад байхад хэргийн эзэн Ардчилсан намынхан жагсаал цуглаан хийгээд явах нь яав ч тохиромжгүй мэт санагдаж байна.

Улстөрчдийн мэддэггүй эдийн засаг

Валютын ханшийн талаар нэмэлт хачиргүй задлан тайлбарлая. Валютын ханш гэдэг нь эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болох төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөөс хамааралтай.  Харамсалтай нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болж, тухайн үеийн Засгийн газар, Төв банкны гаргасан шийдвэрүүд нь ам.долларын ханш суга өсөхөд голлон нөлөөлснийг захын эдийн засагч хэлнэ. Жишээлбэл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх болон бусад зорилгоор мөнгөний нийлүүлэлт 2012-2016 онд огцом нэмэгдэж 7.6 их наяд төгрөгөөс 12.1 их наяд төгрөг болсон нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшийг нийтдээ 80 хувиар сулруулсан байдаг. Зах зээл дээр байгаа ам.долларын хэмжээ харьцангуй тогтмол байхад төгрөгийн хэмжээ огцом нэмэгдэх үед валютын ханш өсөх нь зах зээлийн хууль гэдгийг эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр валютын ханшийг богино хугацаанд барихын тулд 2012-2016 оны хооронд сар бүр дунджаар 110-140 сая ам.долларыг интервенц хэлбэрээр нийлүүлсэн байдаг. Энэ нь гадаад валютын нөөцийг ашиглаж хийгддэг учраас богино хугацаанд ханшийг барьж байгаа боловч, урт хугацаанд эсрэгээр нөөцийг шавхагдуулж, ханшийг өсгөх эрсдэлийг үүсгэсэн байна.  Тэгэхээр Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайгийн хэлснээр ам.долларын ханш 30 хувиар сулрах үзэгдлийн үндэс нь юунаас эхтэйг дээрх тайлбараас ойлгосон байх.
Тэрбээр мөн “Инфляцийн төвшин 2016 онд 1.2 хувьд хүрсэн бол өнөөдрийн байдлаар долоо орчим хувь болсон байна” гэж хэлжээ. Тоо гадарладаг хүмүүс сонсоод хөх инээд нь хүрч, элгээ дарж эвхэрсэн нь дамжиггүй. Нэг ёсондоо дефляциас инфляци руу өгссөнийг мань хүн буруу гэж үзжээ.  Хэрэглээний үнийн индекс эдийн засгийн мөчлөгийг дагадаг эдийн засгийн чухал үзүүлэлт. Эдийн засаг хүндэрсэн үед инфляци багасч, бүр дефляцид ордог. Монгол Улсад 2016 оны наймдугаар сард энэ явдал болж, эдийн засаг хүндэрсний улмаас инфляци хасах утгатай гарсан. 2011 онд 17.3 хувь өсөөд байсан эдийн засгийг буруу бодлого явуулсны хар гайгаар  2016 онд 1.2 хувьд хүргэсэн нь О.Магнайгийн л хамт олны бодлогын үр дүн.
Макро эдийн засгийн ойлголттой хүн бол богино хугацаанд инфляци, ажилгүйдлийн төвшин хоёр нь эсрэг хамааралтай болохыг мэднэ. Үүнийг Филлипсийн гэх муруй графикаар зурж үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, инфляци буурах үед ажилгүйдлийн төвшин ихэсдэг бөгөөд өмнө дурдсан эдийн засгийн өсөлт буурснаар 2016 онд инфляци хасах болж, энэ нь ажилгүйдлийн төвшинг 2016 оны дөрөвдүгээр улиралд 11.6 хувь болгож дөрвөн жилийн хугацаанд даруй дөрвөн пунктээр өсгөсөн.
Тийм ч учраас Монголбанк Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл гэдэг баримт бичигтээ инфляцийг найман хувиас доошгүй төвшинд барина гээд байгаа нь ийм л учиртай юм. О.Магнайгийн буруутгасан инфляци долоо хувь руу өссөн нь харин ч Төв банкны зорилтыг хангаж буй хэрэг бөгөөд дефляциас гарсан сайн үзүүлэлт билээ.

Улстөрчдийн мэддэг эдийн засаг

Тоонд дургүй байж болно. Тоо харин бидний амьдралаас хэзээ ч холдож хоцрохгүй. Тоо жирийн иргэний амьдралд хамаагүй юм шиг ойлгогдож болох. Гэтэл хамгийн их хамаатай. Иргэд үүнд нэг их анхаарлаа хандуулж анзаардаггүй нь улс төрчдөд тоогоор тоглолт хийж, явцуу улстөржилт хийх боломжийг олгоод байх шиг.  Харин иргэд түүнд нь амархан автдаг нь нууц биш. За яахав, Ардчилсан нам сөрөг хүчин юм байгаа л биз. Угтаа бол улс төрд сөрөг хүчний хяналт гэдэг бол байх ёстой маш чухал үйл ажиллагаа, бүтэц мөн. Түүгээр дамжуулж ард иргэд, улс орны эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, үүсч болох эрсдэлээс хамгаалах боломжтой. Ялангуяа УИХ-ын болон Засгийн газрын шийдвэрийг хянаж, гарч байгаа бодлогыг сорьж, нийтийн ашиг сонирхлыг хангуулах нь сөрөг хүчний үүрэг. Гэхдээ шийдвэрийг хянаж, бодлогыг сорино гэдэг нь ажлыг гацаана гэсэн үг биш юм.
2018 он гараад Төв банкны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хамгийн гол хэсэг болох Төв банкны үүрэг нь “Үнийн тогтвортой байдал”-ыг хамгаалах гэж оруулж ирснийг эсэргүүцсээр байгаад хуучнаар нь “Төгрөгийн тогтвортой байдал”-ыг хамгаалах болгон үлдээсэн. Манай улстөрчид юуг эсэргүүцээд байгаагаа ч мэдээгүй. Хамгийн гол нь бодлого, үйл ажиллагааг гацаах нь тэдний гол зорилго гэлтэй. “Үнийн тогтвортой байдал” гэдгийг тайлбарлая. Монголбанкны хамгийн сайн хийж чадах ажил нь үнийн тогтвортой байдал буюу олон нийтийн мөнгөн орлогын аюулгүй байдлыг хамгаалах. Өөрөөр хэлбэл, Төв банк инфляцийг нам дор байлгаж, онилсон бодлогыг бүрэн явуулж чадах байв. Ингээд манай эдийн засгийг өөрчлөх чухал бодлого дахиад л эзэнгүй үлдчихсэн. Үүнийг УИХ-д хангалттай төвшинд ярьж чадаагүй, хайхраагүй. Ойрын жишээ хэлэхэд ийм байна. Тэгсэн хэрнээ нэг байгууллагын даргын цалин, унаж байгаа унаанд нь анхаарлаа хандуулж, цаг үрнэ. Хаана шүүмжилмээр зүйл байна, тэр болгон руу үсчинэ. Ядаж улстөржмөөр байвал өөр сэдвээр тогло улстөрчид өө. Эдийн засгаар оролдож галаар наадахаа боль.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих