“Шинийн 1-нд бүх юм дүүрэн, шинэ байх учиртай”
Монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.
–Монголын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Энэ баярыг монголчууд хэзээнээс тэмдэглэж ирсэн талаар яриагаа эхэлье?
-Цагаан сарын баяр гэж ярьж, бичих нь уугуул монгол үг яриа, бичгийн хэлний сонгодог найруулгын үг хэллэг биш. Баяр гэдэг олны хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөн, бахдал баяслыг л заах үг. Тиймээс төрсөн өдрийн, эх үрсийн, цэргийн, багш нарын, байгууллагын ой, баярын хурал, төгсөлтийн, түмэн тэмээний гээд баярыг бүх юманд зориулан тэмдэглэх болжээ. Зүй нь Цагаан сарын баяр гэхээсээ Цагаан сарын ёслол ёсолгоо, битүүн битүүлэг, шинийн нэгэн, шинэ сар, шинэлгээ зочилгоо, их шүүс идээ дайллага, цагаалга будаалгын өдөр гэж ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, зан үйлийн талаас нь нэрлэж заншвал зөв.
Цагаан сарын шинийн 1 бол монгол үндэстний эрт үеэс эдүгээ хүртэл ёслон тэмдэглэсээр ирсэн төр улс, иргэний их ёсолгооны өдөр. Монголын түүх, сурвалж бичгүүдээс харахад монголчууд цагаан сарын ёсолгоог эзэн Чингис хааны байгуулсан Нармай хамаг Монгол Улсын үеэс төр, иргэний хос ёсны бэлгэдэл, хүндэтгэл болгож нийтээрээ өргөн тэмдэглэх заншил тогтжээ.
Жилд зөвхөн нэг удаа тэмдэглэх Цагаан сарын өдөр бол жинхэнэ монгол ёс заншил, эд өлгийн зүйлс цөм бүрсэн тараг шиг бүрэлдэх, монгол соёл, зан суртахуунаа дээдлэх, өв уламжлалаа өвлөх, үг яриа, үйлдэл хөдөлгөөн, хувцас зүүсгэл, идээ зоог, эд эдлэл бүхэндээ хүндэтгэл, бэлгэдэл шингээсэн байдаг.
Тиймээс улс, үндэстнээрээ бахархах, зан заншлаа дагаж мөрдөх, үг яриа, үйлдэл бүхнээ хянаж, бие, сэтгэл, хэлээ цэвэр ариун байлгах, нүглийг бус буяныг хураах хамгийн бэлгэдэлт сайн, утга төгөлдөр өдөр юм. Энэ өдрийг малын тарга хүч нэмэгдэн, сүү шим, айраг цагаа дэлгэрч, идээ цагаа элбэгшдэг намрын улиралд тэмдэглэдэг байсан. Хожим дорны ард түмнүүдийн адилаар сарны тоолол буюу шар зурхайн ёсоор хахир өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай золгосны бэлгэдэл болгож улирал шинэдэх цагаар шинэлэн цагаалах ёслол дэлгэрсэн.
–Цагаан сарыг нэг үе нийтээрээ бус зөвхөн малчдын баяр болгон тэмдэглэдэг байсан. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзийг бэлгэшээн тэмдэглэхдээ өтгөс буурлуудаа өргөж хүндэтгэх, хүүхэд нялхсаа баярлуулан баясгахыг эрхэмлэн, төр түмэн, төрөл ургаараа сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдэлж, цагаан хадаг дэлгэн золгож, таван ааг идээгээрээ дайлж цайлан, сар шинийхээ баярыг тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Гэвч энэ уламжлал тасарсан харамсалтай нийгэм байсан. Тухайлбал, Цагаан сарын их ёслол, ёсолгоог 1930 оноос лам болон феодалуудын цэнгээний өдөр, 1932 оноос хот суурин газруудын айлуудыг Цагаан сар хийхийг хориглож, хийсэн өрхийг феодалын үлдэгдэл хэмээн элдвээр хавчин цээрлэл үзүүлдэг болжээ. Гэхдээ 1940 оноос хөдөөгийн малчид тэмдэглэхийг зөвшөөрч, Улсын Бага хурлаас шийдвэр гаргасан байдаг. 1952 оны өвлийн адаг сарын битүүнд маршал Х.Чойбалсан нас барсан тул Цагаан сарын шинийн 1-нийг гашуудлын өдөр болгон зарласан. 1954 оны нэгдүгээр сарын 26-нд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарч мөн жилээс эхлэн Цагаан сарыг ажлын өдөр болгосноор энэ уламжлалт ёслол, ёсолгоог төрийн хэмжээнд бүү хэл, түмэн олны дунд ч тэмдэглэх явдал хязгаарлагдан орхигдоход хүрсэн.
МАХН 1959 оны сүүлээр “Нэгдэлжих хөдөлгөөн ялав” хэмээн зарлаж, нэгдэлч, малчдыг дэмжих зорилгоор 1960 оны нэгдүгээр сард АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарч хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг “Нэгдэлчдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болж зөвхөн ХАА-н салбарт ажиллагсдын амралтын өдөр болгосон. Ийнхүү уламжлалт цагаан сарын төрийн ёслол, ард түмний их баяр байсныг хүчээр цагдан хориглосон ч малчдын дунд хадгалагдан уламжлагдан ирсэн. Хориг хязгаарлалт 1980-аад оны эцэст дахин сэргэснээр төр түмний их ёслол хүндэтгэл болгон тэмдэглэж эхэлсэн.
–Манайхан Цагаан сараар их мөнгө зарцуулдаг. Цагаан сарыг тэмдэглэхгүй байж болдоггүй юм уу гэсэн яриа гарах болсон. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Цагаан сараар бүх юм бүтэн, тэгш дүүрэн, түвшин бэлгэдэлтэй, шинэ байх учиртай. Гэтэл амны бэлгэгүй үг хэлж, дутуу гуцуугаа ярих, зоог гүнцэг барих, бэлэг сэлт өгөх гээд зарлага их гарна гэж төвөгшөөх нь ёсоо ёсолдоггүй, ёрыг цээрлэдэггүй хүний л үг, үйлдэл. Монгол ёсонд хүнд өглөг өргөх шиг их буян байдаггүй гэдэг. Сэтгэлийн, эдийн, аюулгүйн, номын гээд олон өглөг байна. Үүнээс эдийн өглөг эзнээ эвддэг гээд нэг их таашаадаггүй. Харин номын өглөг эзнээ хөгжүүлдэг, сэтгэлийн өглөг хүнийг баярлуулдаг, аюулгүйн өглөг хүнийг авардаг гэж үздэг. Тийн атал өглөг буюу бэлгийн зүйлд одоо цагт адгийн өглөг болох эдийн өглөгийг голлох болсон нь тун тоогүй. Хэндээ ямар бэлэг өгөх нь хувь хүний эрх мэдэл ч монгол ёс бэлгэдлийг бодож зочны гарыг цайлгахдаа алган дээр нь юм тавихгүй, хос болгож хадагтай золгохоос эхлээд бэлгэ өргөлийн зүйлс үнэтэй цайтай, том багадаа бус хүндэтгэл бэлгэдлийн утга агуулсан, тухайн хүний сэтгэлд нийцсэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзсан үнэ багатай ч ёс бэлгэтэй бэлэг байвал зохистой.
Цагаан сарыг тэмдэглэхэд гарах зардал бусад баяраас их байдаг нь зүйн хэрэг. Харин ч төр, иргэний хос ёсны уламжлалт их ёсолгоог тэмдэглэх нь нэгдүгээрт, хуучин жил одож, ирэх шинэ жилийг угтах юм. Хоёрдугаарт, урин цаг, хаврын улиралтай золгосны, гуравдугаарт, аав ээж, ах зах, төрөл төрөгсдөө хүндэтгэн уулзаж золгохын, дөрөвдүгээрт, урт насыг бэлгэдэж нэг нас нэмсний гээд олон баяр давхцаж байна. Тиймээс их зардал гардаг. Зөв зарсаны хэрээр их орлого ордог гэдэг. “Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ” гэдэгчлэн Цагаан сарыг айл бүр бэл бэнчин, хэр чинээндээ тохируулж, эдийн ихдээ бус, ёс, уламжлал, бэлгэдэл, хүндэтгэлийг бодож сэтгэлийн баян, буянаар тэмдэглэж болно.
Үхрийн том өвчүү тавьж, архи айраг элбэг дэлбэг сөгнөж чадахгүй нэг нь махан зоог, дайллагын шүүс ууцыг орлуулан, тураг махны хүндэтгэл, бэлгэдэл болдог хонины өвчүү, дал, шаант чөмөг, дөрвөн өндөр, сээрийг чанаж, улаан идээ тавьж болно. Мөн архины оронд цагаан идээний дээж сүүгээ амсуулж дайлж болно. Цагаан сараар зүг мөрөө зөв гаргах, жилийн засал номоо хийлгэх, аль болох олон хүний амрыг айлтган золгох, зочныг дайлах, бэлэг сэлт өгөх, үг яриа, үйлдлээ хянаж ам, ажил зөвтэй байвал ирэх шинэ жилдээ тийм л ая зантай болно гэх тул хаанахын хэнтэй ч харших муугүй, халдах дайсангүй, халуун найрсаг, хангалуун чинээлэг, хавтай цэнгэлтэй, хамгийн сайн сайхан, аз жаргалтай амьдарна гэдэгт монгол хүн итгэл төгс байх ёстой.
Цагаан сарыг ойшоохгүй, тэмдэглэхгүй байх эсвэл нэр төдий ёслох, зан авир, үг яриа, үйлдэл бүрээ хянахгүй зоргоор тавих, хорио цээртэйг үйлдвээс тэр жилдээ муу явах, үйлийн үр муугаар боловсорч, цаг бусын дайрлагад өртөх, өвчин шаналал, үхэл зовлон ч ирж мэдэшгүй. Цагаан сарыг тэмдэглэхгүй байхын хор урхаг нь хувь хүн, гэр бүл, улс үндэстэнд ч хохиролтой. Адаглаад ёс заншлаа гээж монголоо алдах, үндэсний бахархал, өвөг дээдэс, үүх түүх, утга соёлоо үл хүндэтгэсэн, үгүйсгэсэн үйлдэл болно. Нөгөө талаар бусдаас онцгойрон ондооших заншил, хойч үе нь соёлоо үнэлэхгүй, үгүйлэхгүй, үл хэрэгсэх, улмаар даяаршилд даган баясвал үндэстэн уусч үгүй болох олон муу үр дагавар гарах вий.
–Цагаан сарын шинийн 1-нд олон цээр хорио, эрхэмлэх сайн үйл байдаг. Үүнийг хүн бүр мэдээд байдаггүй. Тиймээс та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ёстой, төртэй, шашин суртахуунтай монголчууд цагаан сараар үйлдсэн буян нүглийн хувь хэмжээ, чанар чансаа жирийн өдрөөс их байдаг гэж үздэг. Тиймээс зарим хатуу үйл, ёс заншлыг жилжингээ бодож, Цагаан сарын өдрийг хүлээн үйлддэг. Ийм нэгэн зан үйл бол зангираа алдруулах ёс буюу эв бололцох заншил юм. Цагаан сараас өмнө аливаа сэтгэлийн зангилаас, хар хорын хүлээс, дотроо хадгалсан, эв холдсон муу бүхнээ ярилцан зангилаасыг тайлж, ончроог нь алдруулахыг ээдрээ тайлах ёсон хэмээдэг. Цагаан сар нь жилийн нэгэн шинэ эхлэл учир хуучин оны сэтгэлийн хир буртаг, хэрүүл тэмцлийг цэвэрлэн арилгадаг заншилтай. Үүнийг шинэ оны эхлэл, сэтгэл тэнүүн, санаа төвшин, сайхан амьдралын нэгэн учир хэмээн үзнэ. Ах дүүс, анд нөхөд, ажлын хамт олны дунд ч маргах, хэрэлдэх, муудалцах, үг зөрөх, үл ойлголцох, эв эе хагаран бутрах явдал гардаг. Үүнийг жил өнжүүлэх аваас тангараг тасарч, өш хонзон болж, хүүхэд залуучууд ч өвлөж болзошгүй тул ээдрээг алдруулах ёсыг тайлах нь эрхэм гэдэг. Ер нь сэтгэлийн ээдрээ, ончроог тайлахгүйгээр шинэлбээс шинэ жилийн ажил үйлд урхаг саад болж, зангараг өвчтэй болно гэж цээрлэх тул энэ ёсыг үйлдэхэд хоёр тал ёсоо бодож, харилцан буулт хийж, бие биесээ уучлах сайн талтай. Иймд цагаан сарын бэлтгэл хийхдээ өөрийгөө сайтар хянаж, өмнөх жилийнхээ алдаа оноог дэнслэн шүүж, хэнд хэзээ хаана ёс алдсан, ёр халдаасан муу үйл үйлдэв гэдгээ тунгаан бодох ёстой.
Санаанд орсон муу зүйлээ даруй арилгахын тулд гэрт нь очиж мэнд мэдэлцэн, цай идээ болсны дараа “Тэр үед тийм учир хэргийн тул тантай тэгж эвгүй харилцаж, хоёр биеэ гомдоосон муу явдал боллоо. Хуучин жилийн ээдрээг тайлъя” гэж хэлээд хөөрөг барьдаг. Нөгөө хүн ч санаснаа хэлж хөөрөг зөрүүлдэг. Тэгээд хоёр талын хүний сэтгэл тэнийж, сонин сайхнаа ярилцан сайхан шинэлэхийг ерөөлцөн, бие биеэ урьж золгохоо ярилцдаг байна. Харин одоогийн энэ нийгэмд хүн хүндээ үл итгэх, хардаж сэрдэх, бие биеэ хэмлэн мэрж, хэлэхгүй муу үгээр хэлж гомдоох, хэрүүл уруул өдөөх, атаа жөтөө асааж арсалдан тэмцэлдэх, өш хонзон санах, тэмцэлдэх гээд харилцааны хамгийн муу үйлдлүүд ихэд дэлгэрч байна. Тиймээс сэтгэлийн сэв, хор хүлээсээ тайлж, цагаан сарын өдөр эв эвдэрсэн, нөхөрлөл холдсон нөгөө хүн дээрээ хэрэг зориг болгон очиж, сэтгэлийн зангилаа, хүлээсээ тайлан хэлэлцэх энэ ёсыг үйлдэж байгууштай. Шинийн 1-нд бүх юм бүрэн бүтэн, тэгш дүүрэн, шинэ байх учиртай гэдэг. Шинийн 1-ний өглөө нар битүүгээр босч, гоёлын шинэ дээл хувцсаа өмсөхөөс эхлээд шинийн цайг дундуур бус дүүрэн уух гээд бүх юм дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай байх, гэр орон, малын хот хороогоо цэвэрлэх, хог, тоос, хир буртаггүй цэвэр байхыг эрхэмлэнэ.
Түүнчлэн шинийн 1-ний өдрүүдэд айл аймгаараа, ах дүүсээрээ, гэр бүлээрээ, хамт нийтээрээ хаа сайгүй харах мэлмийдээ хаш цагааны өнгөт үзэсгэлэнг үзэж, сонсох сонортоо яруу эгшгийн дуу дуурслыг сонсч, үнэрлэх хамартаа арц хүж, ариун анхилууныг үнэртэж, амтлах араандаа амтат алим жимс, чихэр боов, бал бурмыг амталж, хүрэлцэх арьсаараа хөрс зөөлөн, хөнгөн, нимгэнд хүрч, таван мэдрэхүйгээрээ таван тансагийг хуран мэдэж, үлэмжийн чанар төгөлдрийг үзэж мэддэг бөлгөө.
Шинийн 1-ний өглөөний золголтын цаг бол хамгийн хүндтэй, бэлгэ дэмбэрэлтэй сайн цаг байдаг. Энэ хугацаа үдээс өмнө үргэлжилнэ. Харин үдээс хойш, үдшийн бүрийд эсвэл шинийн 2-нд бэлгэдэл, хүндэтгэлийнхээ хувьд тийм ч сайн цагт тооцогдохгүй. Харин шинийн 3-ны өдрийг шинийн 1-тэй адил хэмээн үздэг нь монголчууд гурвын тоог шүтэж бэлэгшээдэгтэй холбоотой юм. Ийм сайн өлзий дэмбэрэлтэй цагуудад амжиж, аав ээж, төрөл садан, багш, ихэс дээдэс, өндөр настан гээд хамгийн хүндэтгэвэл зохих хүнийхээ амрыг айлтган шинэлэн золгодог. Хэрэв хүү охин, хүргэн бэр нь аав ээждээ цагаан сарын үдэш орой ч юм уу, шинийн 2-нд ирж золговол бэлгэ муу гээд аав ээж нь золгохгүй хойшлуулдаг ёс заншил ч байжээ.
“Зууны мэдээ” сониноор дамжуулан танай хамт олон болон нийт ард түмэндээ нохой жилдээ нохой шиг олз омогтой, олсноо хурааж хумидаг, эзэндээ ээл тустай, нөхөр ханьдаа үнэнч зүтгэн явж шинэ жилээ дүүрэн бэлгэдэлтэй түвшин жаргалтай угтаж, улс гэр хотлоороо эрүүл энх, эрдэм боловсролтой, эд зөөр ихтэй, эв эетэй байхын ерөөлийг айлтгая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.ОЮУН
URL: