СҮМД НОХОД ГҮЙЖ БАЙНА
Саяхан УИХ-ын байнгын хорооны хурал дээр З.Алтай гишүүн эрхэм гишүүн Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан нарыг залуу коммунист гэж нэрлэв. Хэрэв АНУ-ын конгрессийнхэн нэгнээ ингэж хочилсон бол аль нэг нь гарцаагүй улс төрийн тавцангаас арчигдана.
Хочлогч этгээд нэр томьёог буруу ашигласан бол иргэнийг хэдэн зуун саяар нь хүн устгадаг коммунистуудтай зүйрлэсэн хэргээр том ял сонсоно. Хочлуулагч этгээд үнэхээр коммунист авир гаргасан бол дахин улсын депутат болох нь бүү хэл сумын депутат болж чадахгүй.
Тэгэхээр хэн буруутай гэдгийг шүүх тогтооно биз. Харин сонгогчийн зүгээс харахад “ариун сүмд ноход орчихсон” мэт харагдаж байна. Монгол орон Ардчиллын чиг баримжаагаар 20 жил замнаж байна. Биднийг америкууд Азийн ардчиллын загвар хэмээн хөөрөгддөг. Ардчиллын амин сүнс нь хүний эрх. Хүний эрхийн суурь эрх нь үзэл бодлоо илэрхийлэх. Тэр тусмаа монгол хэлэнд “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг хүнийг малаас ялгасан гүн ухаан шингэсэн хэлц үг байдаг. Гэтэл манай шинэхэн гишүүд хэн нэгнийг гүтгэсэн хэвлэлийг “нухах” заалтыг Сонгуулийн тухай хуульд суулгах гэсэн нь “Найз нар аа” гэж ярьдаг З.Алтай гишүүнийг “Залуу коммунистууд аа” гэж хашгирахад хүргэсэн аж. АНУ-ын Үндсэн хуульд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хууль батлахыг хориглосон байдаг. Мөн “Чөлөөт хэвлэлгүй Засгийн газартай байснаа, Засгийн газаргүй чөлөөт хэвлэлтэй байсан дээр” гэсэн онол байдаг. Мэдээж эрхэм гишүүд чөлөөт хэвлэлийг зүгээр л хаачих тухай яриагүй. Хэн нэгэн хүнийг, тэр тусмаа эрхэм гишүүн болох гэж байгаа хүнийг л гүтгэвэл тухайн мэдээллийн хэрэгслийн бурантгийг эвхэнэ. Шинэхэн гишүүдийг бас ойлгож болно.
Тэд муу улс төрийн ажиллагаанд оролцож үзээгүй шударга ёсыг тогтоож, хариуцлагыг өндөржүүлэх гэж чармайж байгаа юм байна. Тэд хүүхдийн арван мянгыг зогсоож, тэмээ, ямаанд өгөхөд шийдвэр гаргагчидтай хариуцлага тооцсон байх. Хэдхэн хоногийн хууль батлаад буцааж засах гэж хэдэн сая төгрөг гарздсаныг эрхэм гишүүдээр төлүүлсэн байх. Хэдхэн тэрбум ам.долларт багтсан ганц жилийн төсвийг зохиочихож чадахгүй Сангийн яамтай хариуцлага тооцсон байх. Хоёрхон толгойн гэрээг хэл амгүй хийчихэж чадахгүй байгаа Засгийн газартаа сануулга өгсөн байх. Хэдэн арван сая тонн баялагийг хятадуудад хямдаар өгч байгаа компаниудыг зогсоосон байх. Тэдний залуу, зоримог хариуцлага тооцох гэсэн сэтгэлгээг буруутгах арга алга. Коммунизмын хатуу дарангуйлал дээр биш, капитализмын хүнлэг хөрсөнд бойжсон тэднийг ойлгож болно. Коммунизм гэж хүн төрөлхний там байсныг тэд мэдэхгүй.
Уг нь өдий зэргийн албан тушаалтан мэдэх л учиртай. Монголын парламент монголчуудын гал голомт гэдэг. Парламентад хэрүүл хараал, худал хуурмаг гардаг боловч, хэн нэг нь коммунизмыг хуульчлах эрх байхгүй. Хуульлах нь бүү хэл сурталчилах нь хориотой. Эрхэм гишүүд нүдээ нээж чадвал энэ дэлхий дээр Ким Чен Ирээс хэвлэл хаадаг хүн үлдээгүй шүү.
dailynews
URL: