Конрад Мюрреид ял оноолоо

Америкийн Лос Анжелесын шүүх дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексоны хувийн эмчээр ажиллаж байсан Конрад Мюррейг  дуучны үхэлд буруутай гэж үзэн 4 жилийн хорих ял оноож, эмчлэх эрхийн лицензийг нь хүчингүйд тооцжээ. Доктор Мюррейд оноосон ялын дүгнэлтийг Лос Анжелесын шүүх өчигдөр албан ёсоор танилцуулсан юм. Доктор Мюррейд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэрээр биеэр эдлэх ёстой юм.

Энэ нь хүний аминд санаатайгаар бус, санамсаргүй байдлаар халдсан хэрэгтэнд оноох хамгийн дээд ял юм байна. Шүүгч ялын дүгнэлтийг уншиж танилцуулахдаа доктор Мюррейг мэргэжлийн алдаа гаргаж, өвчтөнийхээ аминд санамсаргүйгээр хүрсэнд буруутгасан гээд, хэдийгээр эмчийн буруутай үйл ажиллагааг шүүх нотлон тогтоогоод байхад гэм буруугаа хүлээгээгүйг нь мөн тэмдэглэжээ. Майкл Жексоны хувийн эмчээр ажиллаж байсан Мюррей эмчийг энэ сарын эхээр Лос Анжелесын тангарагтны шүүх дуучны аминд хүрсэн хэрэгт гэм буруутай гэж тогтоосон юм.

Шүүх Конрад Мюррейг өөрийн үйлчлүүлэгчдээ их хэмжээний нойрсуулах эм тунг нь хэтрүүлэн өгснөөс санамсаргүйгээр аминд нь хүрсэн гэж үзсэн байна. Майкл Жексон 2009 оны зун нойрсуулах үйлчилгээтэй пропофол гэх эмийг тунг нь хэтрүүлэн ууснаас амиа алдсан гэж шүүх эмнэлгийн шинжээчид тогтоосон юм.

Энэ хэрэгт дуучны хувийн эмчийг буруутган, шүүхийн хариуцлагад татан, Конрад Мюррей эмч Жексоны үхлийн хэргээр ганцаар шүүгджээ. 58 настай Мюррей эмч түүнд тулгаад байсан хэрэгт буруугүй гэж мэдэгдэн, өвчтөн өөрөө түүнээс далдуур нойрсуулах үйлчилгээтэй пропофол эмийн тунг нь дур мэдэн хэтрүүлэн уусан гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл шүүх ялын дүгнэлтээ гаргаснаар Мюррей эмч ирэх 4 жилийг шоронд өнгөрүүлэхээр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих